Олон улсын спортын холбоод ойлгомжгүй байдалд ороод байна

ОУОХ-ноос “Токио-2020” олимпын наадмыг хойшлуулсны дараа олон улсын спортын холбоод тун ойлгомжгүй байдалд ороод байна. Олимпийн наадам эхлэх тодорхой хугацаа заагдаагүй, коронавирусийн халдвар зогсох эсэх мэдэгдэхгүй байгаа билээ. Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны Ерөнхийлөгч Ненад Лалович мэдэгдэл хийлээ. Тэрбээр “Олимпийн хугацаа одоогоор тодорхой бус байна. Бид ОУОХ-ноос олимпын эрхийн тэмцээний талаар заавар хүлээж байна. Заавар ирсний даруйд шинэ хуваарийг батлах болно. Хэзээ тэмцээн болох нь мэдэгдэхгүй байгаа нь бөхчүүдийн бэлтгэл сургуулилтад нөлөөлж байна. Тиймээс тамирчдын эрүүл мэнд, аюулгүй байдал хамгийн чухал. Товчооны гүйцэтгэх зөвлөлийн хурлаа удахгүй цахимаар хийнэ. Үүний дараа 2020 онд баталсан тэмцээний хуваарьт өөрчлөлт оруулахаас гадна олимпын эрхийн тэмцээний хуваарийг батална” хэмээн мэдэгдлээ. Коронавирусийн халдварын улмаас олимпын эрх олгох Ази, Европ, Африк болон дэлхийн тэмцээн хойшлогдоод байгаа юм.