ЭМЯ: 18-45 насныханд COVID-19-ын өвчлөл зонхилон илэрч байна

Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон бусад холбогдох албаныхан COVID-19-ын халдвартай холбоотой үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "АНУ-д 24 цагийн хугацаанд 14 мянган хүн халдвар авсан. 18-45 насныханд COVID-19-ын өвчлөл зонхилон илэрч байна

Судалгаагаар өвчлөлийн 30 гаруй хувь нь ямар нэгэн шинж тэмдэггүй болох нь тогтоогдсон. Шинж тэмдэггүй хэлбэр гэдэг нь бидний дунд байж өөрийгөө өвчилснийг мэдэхгүй халдвар тараадаг. Нэг шинж тэмдэггүй хүн 30, 100, мянган хүнд халдвар тараасан тохиолдлууд байна. Тиймээс олон нийтийн газраар явахгүй байх, бага насны хүүхэд дагуулж явахгүй байхыг анхааруулж байна” гэв.

ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа “ДЭМБ-ын мэдээгээр дэлхийн 196 оронд COVID-19-ын халдварын 375 493 батлагдсан тохиолдол, 16398 нас баралт бүртгэгдээд байна. Итали, АНУ, Испани, Герман, Франц зэрэг орнуудад 5-10 мянган шинэ тохиолдол гарч тархац хурдацтай нэмэгдэж байна. Испанид сүүлийн 3 хоногт тохиолдлын тоо 2 дахин ихэссэн нь Итали, БНХАУ-д ажиглагдаагүй. Өнөөдрөөс Хубэй муж хөл хориогоо цуцалж байна.

ДЭМБ-аас өвчний голомтыг зогсоох 5 алхмыг дагаж мөрдөхийг уриалж байгаа. Үүнд

1.Гараа сайтар савандаж угаах, спиртэн суурьтай уусмалаар арчих

2. Ханиаж, найтаахдаа ам, хамраа дарах

3.Вирус бие махбодод орж ирэхээс сэргийлэн аль болох нүүрэндээ нүд ам, хамартаа хүрэхгүй байх

4.Бусдаас 1 метрийн зайтай байх

5. Халуурч, ханиалгавал гэртээ байхыг танилцуулсан.  

Сүүлийн 4 хоногт 100 мянган шинэ тохиолдол дэлхий нийтээр бүртгэгдлээ.

Амны хаалтаа сайн зүүж өөрийгөө болон бусдынхаа эрүүл мэндийг хамгаалаарай” гэв.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Тусгаарлан ажиглах ажиглалтад нийтдээ 3413 хүнийг авч ажилласан. Тусгаарлан ажиглалтад өнөөдрийн байдлаар 2083 иргэн байна. Жаргалантаас 16, Асралт мед эмнэлгээс 13 иргэн өчигдөр ажиглалтаас гарсан. Дархан-Уул аймгаас 26 иргэн ажиглалтаас гарч гэрийн ажиглалт руу шилжсэн. Өнөөдрийн байдлаар 300 эмч, эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн ажилтан тусгаарлагдан ажиллаж байна.  

Томуугийн өвчлөл өмнөх жилүүдтэй харьцуулахад бага байгаа.

Батлагдсан тохиолдлынхоо эмч, эмнэлгийн хэрэгслийн тооцоог үндэслэн нэг өвчтөнд гаргах дундаж тооцоог гаргаж байна. ДЭМБ болон бусад орны туршлагаар бол хөнгөн өвчтөн 14 хоног, хүнд, хүндэвтэр өвчтөн 4-6 долоо хоног эмчлэгдэж байна гэсэн мэдээлэл байна. Манайд эмчлэгдэж байгаа иргэд цаашид удаан хугацаанд эмчлэгдэх магадлал байгаа.

Гэрийн ажиглалтад шилжиж байгаа иргэдэд хатуу зөвлөмж өгч гаргаж байгаа. Ингэснээр цаашид энэ халдвар голомтлон гарахгүй байх эрсдэлийг тооцоолон цагдаа, хуулийн байгууллагатай хамтран ажиллаж байгаа. урьдчилан сэргийлж байгаа юм”