Аудитын байгууллагад 15 нам, 4 эвсэл мөрийн хөтөлбөрөө ирүүлжээ

2020 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх нам эвслүүд гуравдугаар сарын 25-наас өмнө мөрийн хөтөлбөрөө аудитын байгууллагад хүргүүлэн хянуулах ёстой. Үндэсний Аудитын газраас нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авсан талаар мэдээлэл хийлээ.

Ерөнхий Аудиторын орлогч О.Тэнгис "Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 5-д Улсын Их Хурлын ээлжит сонгуульд оролцох нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг Төрийн аудитын дээд байгууллага хянаж, дүгнэлт гаргахаар заасан байдаг.  Өөрөөр хэлбэл сонгуульд оролцох гэж байгаа нам эвслийн мөрийн хөтөлбөр Монгол Улсын хөгжлийн урт хугацааны үзэл баримтлалд нийцсэн байх ёстой. Мөн хэрэгжүүлэх арга хэмжээ, хөтөлбөр нь Монгол Улсын төсөвийн тогтвортой байдлын хуулийн тусгай шаардлагуудад нийцсэн байх ёстой. Эдийн засгийг савлуулах янз бүрийн амлалт өгч, сонгогчдын саналыг худалдаж авахаас хамгаалсан заалт байгаа.

Сонгуульд оролцох нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө гуравдугаар сарын 25-ны өдрөөс өмнө Үндэсний аудитын газарт хүргүүлэх ёстой. 2020 оны гуравдугаар сарын 1-ны байдлаар Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 35 нам байдгаас 27 нь сонгуульд оролцох хүсэлтэй байна. Эдгээрээс нийт 12 нам дөрвөн эвсэл болж, 15 нам бие дааж сонгуульд оролцоно. Нийтдээ 19 мөрийн хөтөлбөр ирсэн. Хамгийн сүүлийн нам өчигдөр 23:50 цагт мөрийн хөтөлбөрөө авчирсан.

-Өчигдөр танилцуулсан намуудын амлалтууд олон нийтийг бухимдуулж, цалин, орлого нэмэгдүүлнэ гэсэн нь эх амлалтууд нь эдийн засгийг савлуулж, хууль зөрчсөн үйлдэл болж байна гэж шүүмжилж байгаа. Энэ талаар тайлбар өгөхгүй юу?

-Шууд тэгж харж болохгүй. Үнэхээрийн амлаад энэ нь цаанаа эдийн засгийн ямар ч үндэслэл байхгүй бол болохгүй. Ямар нэг байдлаар дөрвөн жилийн хугацаанд бодит биелэгдэх байдлаар хийгээд эдийн засөг мөнгөний бөодлого нь зохистой яваад жам ёсоороо цалин өсөж байгаа бол мөрийн хөтөлбөр нь амлалтын шинжтэй гэж үзэж болохгүй. ҮАГ энэ байдлыг нарийн тогтоохын тулд Монгол Улсад хүлээн зөвшөөрөгдсөн эдийн засагч нарыг авч туслуулж байгаа.  

Хэрвээ нам, эвслийн мөрийн хөтөлбөр хуульд нийцээгүй гэдэг дүгнэлт гаргавал сонгуульд оролцуулах уу?

- Мөрийн хөтөлбөр нь хуульд нийцээгүй гэдэг дүгнэлт гаргасан нам, эвслийг сонгуульд бүртгэхгүй байх хуулийн үндэслэлтэй. Гэхдээ бүртгэх, эсэх шийдвэрийг СЕХ гаргана. Үндэсний аудитын газар мөрийн хөтөлбөр хуульд нийцсэн, үгүй гэдэг дүгнэлтийг 30 хоногийн дотор гаргана.