Он гарсаар мотоциклийн ослоор 16 иргэн амь насаа алджээ

Сүүлийн таван жилийн хугацаанд мотоцикльтой холбоотой  1171 осол гарч, ослын улмаас  600 орчим хүн амь насаа алдсан харамсалтай тоо баримт байна. Гэхдээ энэ бол зөвхөн Тээврийн цагдаагийн албанд бүртгэгдсэн  тоо үзүүлэлт.  Мотоциклын ослын улмаас хүнд, хөнгөн бэртэж хөдөлмөрийн чадвараа алдсан ч хуулийн байгууллагад бүртгүүлээгүй тохиолдол олон байдаг аж.  

Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Энхболдтой ярилцлаа.    

-Хөл хорио тогтоосон үед замын хөдөлгөөний нөхцөл байдал ямар байна вэ. Тээврийн цагдаагийн албанаас ямар зохион байгуулалттайгаар ажиллаж байна?  

-Дэлхий дахинд хурдацтай тархаад байгаа коронавирусийн халдвараас иргэд олон нийтийг, урьдчилан сэргийлэх зорилгоор, Улсын онцгой комиссын хуралдааны шийдвэрээр аймаг, нийслэлээс орох, гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарласан өдрүүдэд зам тээврийн осол, хэргийн дуудлага мэдээлэл 70 орчим хувиар буурсан үзүүлэлттэй.

УОК-ийн шийдвэрээр мөн их дээд сургууль, ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааг зогсоосонтой холбогдуулж замын ачаалал  багасч, ослын дуудлага мэдээлэл буурсан үзүүлэлттэй байгаа. Тээврийн цагдаагийн  алба нь УОК-ийн шийдвэрийн хэрэгжилтийг хангах үүднээс нийслэлээс орох, гарах 8 цэгт хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж  орон нутгийн замд 88 цэгт явуулын хурд хэмжигч суурилуулж, хурд хэтрүүлж дүрэм зөрчсөн жолоочид  газар дээр нь арга хэмжээ авч ажилласан. Үр дүнд нь осол хэрэг буурсан үзүүлэлттэй байсан.

-Замын хөдөлгөөний ачаалал буурсантай холбоотойгоор хурд хэтрүүлсэн, согтууруулах ундааны зүйл  хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон зөрчил олон гарсан байсан. Эдгээрт хэрхэн хяналт тавьж ажиллаж байна?

-“COVID 19” вирусийн дэгдэлттэй холбоотойгоор Тээврийн цагдаагийн алба нь нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулж хөдөлгөөнд оролцож буй жолооч бүрийг тандагч багажаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалган илрүүлж байсныг түр хугацаанд зогсоосон. Зайлшгүй тохиолдолд Замын хөдөлгөөний дүрмийг илтэд зөрчиж буй тээврийн хэрэгслийг зогсоон шалгаж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн тохиолдолд нэг удаагийн хошуу бүхий драгер ашиглаж байгаа. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн  үедээ тээврийн хэрэгсэл жолоодож осол гаргасан, ослын газрыг орхиж зугтаасан хэд хэдэн үйлдлийг манай алба хаагчид цаг алдалгүй түргэн шуурхай илрүүлсэн.

Өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийн төлөө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодохгүй байхыг нийт жолооч нартаа анхааруулж  байна.

-Мотоцикльтой иргэд осолд орж амь насаа алдах тохиолдол их гарч байгаа гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

-Улсын хэмжээнд бүртгэлтэй 46900 орчим мотоцикль байдаг. Үүний 90 орчим хувь нь орон нутагт бүртгэлтэй.  

Өнгөрсөн онд улсын хэмжээнд мотоцикль унаж яваад осолдсон 489 хэрэг бүртгэгдсэн. Ослын улмаас 122 иргэн нас барж, 273 хүн гэмтсэн. Амь насаа алдсан иргэдийн 80 орчим хувь нь мотоцикль унаж яваад онхолдох хэлбэрээр осолдсон. Мөн тэдний дийлэнх нь согтууруулах ундааны зүйл хэрэглэн замгүй газраар буюу гуу, жалганд осолдон амь насаа алдсан. Ийм эрсдэлүүд буурахгүй байна.

Энэ жилийн тухайд ч мотоциклтой холбоотой зам тээврийн осол бараг өдөр бүр  бүртгэгдэж байна.  Аймгийн  Засаг дарга нар өвлийн улиралд аравдугаар сарын 1-нээс  дөрөвдүгээр сарын 1-ны хооронд мотоцикльтой замын хөдөлгөөнд оролцохыг хориглосон захирамж гаргадаг. Мотоцикль бол  өөрөө дулааны улиралд зориулагдсан тээврийн хэрэгсэл. Үүнд ямар нэгэн бүхээг байхгүй жолооч нар ил явдаг учраас хүйтний улиралд даарч, бээрэх гээд эрсдэл их. Мөн дээр нь зуны улиралд зориулагдсан учраас мотоцикльд өвлийн дугуй гэж байдаггүй. Гэтэл үүнийг зөрчин хөдөө орон нутагт цагдаагийн хараа хяналтаас хол өвөлжөөндөө унан амь нас нь эрсдэх тохиолдол байна. Тухайлбал, Баян-Өлгий аймагт он гарснаас хойш мотоцикльтой холбоотой гурван удаагийн хэрэг бүртгэгдэж иргэд гэмтэж бэртсэн байна. Баянхонгор аймагт эцэг эх нь мотоциклтой бага насны хүүхдээ дундaa суулган сумын төвөөс өвөлжөө рүүгээ очиход хүүхдийнх нь амь нас нь эрсэдсэн тохиолдол байна. Хуулиндаа мотоцикль дээр 10 хүртэлх насны хүүхдийг суулгаж явах хориотой. Мөн зөвхөн хоёр хүн л сууж явах зориулалттай.

Дундговь аймагт мотоцикль унаж осолдох тохиолдол буурахгүй байна.

Мөн Өвөрхангай аймагт хоёрдугаар сарын 17-ныг хүртэлх тоон мэдээгээр мотоцикльтой холбоотой 7 осол болж хоёр хүний амь нас хохирсон байна.

Иргэдэд анхааруулаад байхад л хэнэггүй зан гаргаж ахуйн хэрэглээнд  мотоцикл унасаар л байна.

Он гарсаар эхний гурван сарын байдлаар 16 иргэн мотоциклын ослын улмаас амь насаа алдсан ба насны хувьд 29-49 насны эд хийж бүтээх дээрээ яваа залуус байсан.

Орон нутагт суман дээр ажиллаж байгаа хэсгийн төлөөлөгч , цагдаа нар энэ бүхэнд хяналт тавьж ажиллаж байгаа. Нэг суманд хэдэн иргэн байдаг билээ дан ганц цагдаагийн хяналт шалгалтаар тэр бүхнийг илрүүлж, журамлах боломжгүй юм. Иргэд үүрэг, хариуцлагаа ухамсарлах нь чухал.

Тоо баримт дурдахад, он гарснаас хойш хоёрдугаар сарын 18-ны хооронд цагдаагийн алба хаагчид мотоцикльтой холбоотой 168 зөрчлийг илрүүлсэн. Үүнээс 147 зөрчил нь согтуугаар мотоцикль жолоодож явсан. Магадгүй эдгээр иргэдийг илрүүлж журамлаагүй бол өвлийн хүйтэнд хэчнээн нь амь насаа алдах байсан бол. Үүний 127 тохиолдол нь Өвөрхангай аймагт илэрсэн. Өвөрхангай аймгийн замын цагдаагийн тасгаас хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байгаа өнцөг харагдаж байгаа ч хоёр сарын хооронд 127 жолооч согтуугаар мотоцикль жолоодсон зөрчил илэрсэн гэхээр ард иргэдийн ухамсар, дүрмийн мэдлэг туйлын хангалтгүй байна гэсэн үг.

Хөдөө орон нутагт хориглосоор байхад өвлийн улиралд мотоциклийн хэрэглээ буурахгүй байгаа нь дээрх жишээнүүдээс харагдаж байна.

Түүнчлэн мотоциклийн осолд орсон талаар цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй  гар хөлөө хугалж хүнд хөнгөн гэмтэл авсан тохиолдлууд  бий. Энэ төрлийн ослоос шалтгаалж залуучууд хөдөлмөрийн чадваргүй болсон жишээ олон байдаг.

-Ослын шалтгаан нөхцөлийн талаар тодруулахгүй юу?

-Өнгөрсөн онд 489 осол  бүртгэгдсэн. Үүний 87 хувь нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн байгаа юм.

Манайхны хэрэглээ болоод байгаа хятад мотоцикл бол асфальтан замд унахад л  зориулагдсан унаа. Манайд бол хаа хамаагүй хэн дуртай нь унадаг.   Мөн насанд хүрээгүй хүүхдүүд  унаж яваад онхолдож хүнд гэмтэл авч байна. Мотоциклийг тусгай сургалтад суусан А ангиллын үнэмлэхтэй хүн унах ёстой. Гэтэл жолоодох эрхгүй иргэд хөдөө орон нутагт мотоцикль унах нь түгээмэл. Өнөөдөр залуу малчид ховордоод байна гэж ярьдаг. Гэтэл залуу малчин ховордох болсон шалтгааны нэг нь жилдээ 100-150 залуу мотоцикльтой холбоотой ослоор хорвоог орхиж байна. Тухайлбал, хөдөө орон нутгаар явж байхад айлд болгонд л шахуу суумгай, хэвтрийн дэглэмтэй, хазгар, доголон эрчүүд олон байдаг. Тэдгээр иргэдтэй ярилцахад манай хүү согтуу мотоцикль унаж яваад жалганд онхолдоод амьд үлдсэн нь их юм, хэвтрийн болж, доголон болсон гэдэг. Ийм байдлаар цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй, иргэд эрүүл мэндээрээ хохирон өөрсдийн буруугаас болсон үйлдлээ нуусан зөрчлүүд орон нутгаар шалгалтаар явахад их тохиолддог.

Техникийн хурд гэдэг зүйл амьд адгуус, адуу мал унахаас хэд дахин хүнд тусдаг гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Адуу 30 км/цаг хурдтай давхидаг бол орон нутгийн замд мотоцикльтой 60 км/цаг хурдтай явахыг зөвшөөрдөг. Гэтэл иргэд 60 км/цаг-аас илүүтэй хурдтай яван амь насаа  эрсдэлд оруулдаг. Мотоцикльтой явж байхад 40 км/цаг-аас илүү хурдтай явж байгаад онхолдох, машинтай мөргөлдөхөд дээр нь сууж байгаа жолооч, зорчигч хамгаалалтын малгай өмссөн байсан ч амь насаа алдах магадлал 80 орчим хурдтай байдаг. Тиймээс иргэд, малчид мотоциклийн хурдыг зөв тохируулж, хамгаалалтын малгай өмсөн зөвхөн урин дулааны улиралд унаж хэвших хэрэгтэй байна. Мөн хүүхэд урдаа болон ардаа сундлан, ачаа тээшний хэмжээ хэтрүүлэн бүрэн бус техникийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд битгий оролцооч ээ. Та амь нас, эрүүл мэндээ өөрөө л хамгаалахгүй бол өргөн уудам нутаг дэвсгэртэй Монгол Улсын хувьд цагаагийн алба хаагч айл бүрт хүрч үйлчлэх хүрэлцээ хомс бий. Монголчууд морийг зайдан унадаггүй шиг мотоциклийг хамгаалалтын малгайгүй унаж байна гэдэг эрсдэл өндөр шүү гэдгийг анхааруулья. Хот сууринд амьдардаг орон нутгийн залуус гэртээ очоод ах, дүү амраг садандаа мотоциклийн хор уршгийг сурталчлан таниулж, зөв зохисгүй хэрэглээнээс үүдэлтэйгээр жилдээ 100 орчим хүний амь нас мотоциклийн ослын улмаас хохирч байгааг анхааруулах хэрэгтэй.

Мөн үзэгдэх орчин хязгаарлагдмал үед гэрэлтүүлэггүй мотоциклтой  зорчих хэсэг дээр зогсох, хөдөлгөөнд оролцож яваад тээврийн хэрэгсэлд мөргүүлж амиа нас, эрүүл мэндээрээ хохирсон олон тохиолдол бий.

Хөдөөний айл бүр л мотоцикль унаж байна. Ер нь Хятад Улсад үйлдвэрлэсэн чанар муутай гэхээсээ илүүтэйгээр бидний өөрсдийн мотоциклийг аюулгүй хэрэглэх дадал, зуршил, чадвар муу байгаатай энэ зүйлс уялдаад байна гэдгийг иргэд ойлгоорой. Хөдөө айлын өвөлжөө, зуслан дээр 1-2 мотоциклийн эвдэрхий рам, дугуй маш ихээр хог болоод үлдсэн байдаг. Хятад мотоцикл бол асфальтан замд зориулагдсан унаа гэдгийг дахин онцолъё.  Монголчилж зассан хятад  мотоцикл амь насанд тань эрсдэл учруулж байна. Иргэдийн дунд байгаа мотоциклийн хэрэглээн дээрээ бид зөв дадал зуршилтай хандахгүй бол эрдэнэт хүний амь насыг алдмааргүй байна гэдгийг анхааруулмаар байна.

-Мотоциклийг хамгаалах малгайгүй унаж хөдөлгөөнд оролцсон  тохиолдолд  хуулийн ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?

-Хамгаалалтын малгай өмсөөгүй замын хөдөлгөөнд оролцсон бол Зөрчлийн тухай хуулиар 10 мянган төгрөгөөр торгодог. Мөн бичиг баримтын зөрчилтэй “А” ангиллын үнэмлэхгүй иргэд замын хөдөлгөөнд оролцох нь элбэг. Энэ тохиолдолд мөн Зөрчлийн тухай хуулиар 200 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авна. Харин согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 1 жилийн хугацаанд хасч 400 мянган төгрөгөөр торгодог.