Украин гаралтай жүжигчин Ольга Куриленко шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан тухай өмнө нь мэдээлсэн. Тэрбээр хоёр долоо хоногийн хугацаанд Лондон дахь гэртээ өөрийгөө тусгаарлаж, эмчилгээ хийсэн байна. Эмч нар Ольгад халуун бууруулах зорилгоор парацетамол уухыг зөвлөсөн бол жүжигчин дархлаагаа дэмжих витамин эмийн жорондоо нэмж оруулжээ. Өнөөдөр инстаграм хуудсанд эдгэрч байгаагаа мэдэгдэн хүүтэйгээ хамт авхуулсан зургаа байрлуулсан байна.

"Эхний долоо хоногт маш их өвдөж, халуурч, бас их унтсан. Босоход үнэхээр хэцүү, шөнөөр 12 цаг унтдаг, үдээс хойш 3-4 цаг унтдаг байлаа. Маш их туйлдаж, толгой тасралтгүй өвдөж байв. Хоёр дахь долоо хоногт халуун буурч бага зэрэг ханиалгаж эхэлсэн. Одоо бараг ямар ч шинж тэмдэг алга. Зөвхөн өглөө нь жаахан ханиалгадаг. Одоо хүүтэйгээ хамт цагийг сайхан өнгөрөөж байна" хэмээн жүжигчин бүсгүй өвчний түүхээсээ хуваалцжээ. Бас ковид вирусийн эсрэг эм, вакцин хараахан бэлэн болоогүй байгаа тул сэрэмжтэй байж дархлаагаа дэмжихийг уриаллаа.