Нүүрсний орлого 139 сая ам.доллараар бага байна

Эхний хоёр сард зэс, нүүрсний экспорт өнгөрсөн жилтэй харьцуулахад 190 сая ам.доллараар буурсан байна. Үүнээс нүүсний үнэ тонн тутамдаа 82 ам.доллар байгаа ч, экспортын хэмжээ хэмжээ хэд дахин буурчээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улс өнгөрсөн оны хоёрдугаар сард 1.9 сая тонн нүүрс гаргасан бол энэ оны хоёрдугаар сард 375 мянган тонн нүүрс борлуулсан байна. Ингэхээр энэ онд 1.5 сая тонноор бага нүүрс худалджээ. Үнийн дүнгийн хувьд 139 сая ам.долларын борлуулалтаа алдсан гэсэн үг юм. Өнгөрсөн оны тухайд Монгол Улс 38.5 сая тонн нүүрс экспортолсон юм. Энэ онд 42 сая тонн нүүрс борлуулахаар төлөвлөсөн.

Зэсийн ханш унаснаар орлого бүрдэхгүй байх эрсдэлтэй

Зэсийн хувьд өнгөрсөн оны хоёрдугаар сард 112 мянган тонн байсан бол энэ онд 91 мянган тонн болж, 22 мянган тонноор буурчээ. Уг нь зэсийн хувьд экспорт зогсоогүй юм. Гэвч энэ долоо хоногоос эхлэн ханш нь буураад байгаа юм. Оны эхэнд ханш 6400 ам.доллар байсан бол өнөөдөр 4600 ам.доллар болоод байна. Монгол Улсын хувьд энэ онд зэсийн дундаж ханшийг 5991 ам.доллар байна гэж тооцоолсон юм. Гэвч үүнээс 1000 ам.доллараар бага байна. Энэ нь төлөвлөсөн хэмжээгээ борлуулах ч орлого нь бүрдэхгүй байх эрсдэлийг дагуулах юм. Өнгөрсөн жилийн эцсээр Монгол Улс 1.4 сая тонн зэс БНХАУ-д худалдсан юм.

Сангийн яам юу гэж үзэв?

Энэ онд Монгол Улс уул уурхайн салбараас 3.2 их наяд төгрөгийн орлого олно. Өөрөөр хэлбэл, АМНАТ-аас хамгийн их буюу 1.3, аж ахуйн нэгжийн онгой албан татвар 1 их наяд,  ногдол ашиг 178 сая, гаалийн татвар хураамж 308, бусад 415 сая төгрөг олохоор төлөвлөсөн. Гэвч үүссэн нөхцөл байдлаас болж дээр дурдсанчлан буурсан юм. Харин Сангийн яам энэхүү дутагдлыг энэ оны хоёрдугаар улиралд нөхнө гэж үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хоёрдугаар улиралд өнгөрсөн оныхоос зургаан сая тонн нүүрс илүү борлуулна гэж төлөвлөжээ.