Спорт цар тахлын золиос болсон тохиолдлууд

“Үндэстний ТОЙМ” энэ удаа “Спорт” буландаа “ковид 19” вирусийн халдартай холбоотойгоор спортын ертөнцөд үүсээд байгаа нөхцөл байдал болон урьд өмнө дэлхий нийтийг хамарсан цар тахлуудаас болж спортын салбарт учирч байсан хохирлын талаар сонирхуулж байна.

Испани ханиад

Спортын салбарт учруулсан хохирлын талаар өгүүлэхээс урьтаад “Испани ханиад” хэмээх аймшгийн талаар цухас өгүүлэх нь зөв болов уу.

XX зууны эхээр хүн төрөлхтөнд олон л зовлон зүдгүүр тохиолдсон. Гэвч тэдэн дундаас “Испани ханиад” гэж нэршсэн улирлын томуугийн дэгдэлт ганцхан жилийн дотор 100 сая хүний амийг авч, авчирсан уй гашуугаараа Дэлхийн I дайныг ч сүүдэрлэсэн билээ. “Ковид19”- өөс ч аймшигтай нь, хүүхэд, өндөр настнууд гэхээсээ илүү ид залуу 20-40 насныхан илүүтэй нас барж байсан гэдэг.

Уг өвчний дэгдэлт 1918 оны хавар эхэлж, ахархан хугацаанд дэлхий даяар тархсан байдаг. Энэ өвчний шинэ тэмдэг эхэндээ ердийн ханиад байдлаар илэрнэ. Гэвч өглөө эхэлсэн бол орой нь шууд цусаар ханиалгаж, хэдхэн цагийн дотор үхэх аюултай. Нью-Йоркийн Цагдаагийн газар 1918 оны намар 500 гаруй хүнд “Гудамжинд нус цэрээ хаясан” гэсэн үндэслэлээр торгууль ногдуулсан баримт байна. Тухайн үед антибиотик эмчилгээ гараагүй байсан тул өвчнийг газар авахуулахгүйн тулд л хамаг хүчээ дайчилж байсан бөгөөд тогтоон барихын тулд тодорхой арга хэмжээ авч байсны нэг баримт нь энэ юм. 1918 оны тавдугаар сард Испанийн “Fabra” агентлаг “Ройтерс” агентлагт “Маш хурц хэлбэрээр илэрдэг ч ор мөргүй эдгэдэг нууцлаг өвчин дэгдсэн” талаар анх мэдээлсэн тул “Испани ханиад” гэж нэрлэх болсон гэдэг. Нийт иргэдийнх нь 39 хувь, тэдэн дунд эзэн хаан Альфонс XIII өөрөө өвчилсөн, Барселонад хоёр долоо хоногийн турш өдөр бүр 1200- гаас дээш хүн үхэж байсан гээд аймшигт өвчний талаар Испанитай холбогдох баримт олон. 1919 оны хавар аймшигт ханиадны дэгдэлт намдахад статистикчид дэлхий даяар 550 сая хүн (дэлхийн хүн амын 1/3 хувь нь) өвчилж, 100 сая хүн нас барсан гэсэн итгэмээргүй тооцоо гаргасан билээ.

Эзэддээ очоогүй Стэнлийн цом:

Хойд Америкийн үндэсний хоккейн лигийн “Монреаль Канадиенс” баг Стэнлийн цомын төлөөх шийдвэрлэх тоглолтод эрчимтэй бэлтгэж байлаа. Тэд цомын төлөө “Сиэтл Метрополитанс”-тай 1919 оны дөрөвдүгээр сарын 1-нд тоглох ёстой байсан бөгөөд гурав хоногийн өмнө болсон тоглолтод ялалт байгуулж, цувралын харьцааг тэнцүүлээд байв. Багууд тус бүр хоёр хожил авч, нэг удаа тэнцжээ (Тэр үед буллит гэж байгаагүй). Гэтэл гуравдугаар сарын 30-нд багийн ахлагч Ньюси Лалонд, дасгалжуулагч Жорж Кендалл тэргүүтэй дөрвөн тоглогч гэнэт халуурч, хэвтэрт орох нь тэр. Улмаар хаалгач Жорж Визайн (Хожим плей оффын шилдэг хаалгачийн шагналыг энэ тамирчны нэрэмжит болгосон) нарын зэрэг гурван тоглогч л эрүүл үлдсэн байна. Лигийн удирдлага тоглолтыг цуцалж, тамирчдыг эмнэлэгт яаралтай хэвтүүлжээ. Гэсэн ч 37 настай хамгаалагч Жо Халл дөрөвдүгээр сарын 5-ны өдөр нас барсан байна. “Испани ханиад”-д нэрвэгдсэн тамирчдын биеийн байдал мэргэжлийн тамирчны хэмжээнд очихооргүй байсан учир тэр жил “Стэнлийн цом”-ын эздийг тодруулаагүй түүхтэй. “Монреаль Канадиенс”-ын хохирол үүгээр зогссонгүй, хоёр жилийн дараа дасгалжуулагч Жорж Кендалл нас барсан. Эмч нар түүнийг хоёр жилийн өмнө авсан уушгины хатгааны хүндрэлээр нас барсан гэж оношилсон байдаг.

Алдартай тамирчид хорвоог орхив:

Спортын салбарт “Испани ханиад”- ны учруулсан хохирол хоккейгоор хязгаарлагдахгүй. “Идианаполис 500” авто уралдааны аварга Жонни Айткен, Бостоны марафоны хошой аварга Жек Каффери, хөлбөмбөгийн “Сандерланд” багийн хаалгач, Английн дөрвөн удаагийн аварга Нед Дойг, олимпын гурван удаагийн аварга, “АНУ-ын хамгийн агуу тамирчин” гэгдэж асан хөнгөн ат летикч Мартин Шеридан, дугуйн спортын дэлхийн олон удаагийн аварга, Францын тамирчин Жорж Парент нар энэ аймшигт өвчнөөр амиа алджээ.

Үхэл сэхлийн дундуур:

Антибиотик, вакцин гэж байгаагүй тэр үед хүн төрөлхтөн ер бусын хүчин зүтгэл гаргаж байж “Испани ханиад”- ны тархалтыг намжаасан юм. Өвчин гарсан эхний долоо хоногт тоохгүй байсан бол хоёр дахь долоо хоногт гэр бүлээрээ сүйрч, гудамжинд явж байгаад шууд үхэтхийн ойчиж эхлэхэд л байдал бишдсэнийг ухаарсан гэдэг. Эрх баригчид ажлын цагийг багасгаж, гудамжинд амны хаалтгүй явахыг хориглож, олныг хамарсан уралдаан тэмцээн явуулахыг зогсоож байлаа. Өөрөөр хэлбэл, одоо авагдаад байгаа арга хэмжээнүүдийг тэр үед ч хэрэгжүүлж байв. Гэсэн ч хүмүүсийн ухамсар одоогийн түвшинд хүрэхгүй байсан бололтой, АНУ-д боксын тэмцээнүүд болсоор байсан гэсэн баримт үлджээ. Хүнд жингийн анхны домогт аварга Жек Дэмпси “Испани ханиад”- ын дэгдэлтийн үед Филадельфи, Шинэ Орлеан, Нью-Йорк зэрэг хотуудад долоон тулаан хийсэн байдаг. Тэмцээний үеэр хорио цээрийн дэглэмийг чанд сахиулж байсан ч халууцаж, сэтгэл нь хөөрсөн үзэгчид амны хаалтаа хуу татаж хаях нь цөөн бус байсан гэдэг. Боксын нэгэн тэмцээний үеэр хотын дарга, Конгрессийн гишүүн, Тэнгисийн цэргийн контор адмирал нарын зэрэг нэр хүндтэй эрхмүүд хамгаалах хэрэгсэлгүй сууж байгаа зураг сонинд хэвлэгдэж, шуугиан тарьж байсан гэдэг. Тахлын дэгдэлтийн жилүүдэд улс орнуудад спортын тэмцээн уралдааныг хатуу хяналтын дор явуулах буюу бүрэн хориглосон журам үйлчилж байв. Тухайлбал, АНУ-ын Чикаго хотод спортын тэмцээн уралдаан, театрын тоглолт, кино театруудыг хаагаад зогсохгүй оршуулгын ёслолд ч олон хүн оролцохыг хориглож байжээ.

Коронавирусийн шинэ төрөл “Ковид19”

“Ковид19” буюу коронавирусний шинэ төрлийн халдварын улмаас спортын уралдаан тэмцээнүүд хойшлогдож, тэргүүлэгч лигүүд бараг бүгд зогсоод байна. БНХАУ-ын эрх баригчид хоёрдугаар сард Ханьчжоу хотод болох ёстой байсан хөнгөн атлетикийн тэмцээнийг оны эхэнд цуцалснаар спортын салбар вирусийн хохирогч болж эхэлсэн. Улмаар Сианд болох ёстой байсан Токио 2020 олимпын наадмын эрх олгох чөлөөт бөхийн Азийн бүсийн тэмцээн, Уханиас 500 км зайтай Нанкинд болох байсан хөнгөн атлетикийн танхимын ДАШТ цуцлагдсан. Эдгээрээс хятадуудад хамгийн харамсалтай нь Нанкинд болох байсан “Токио 2020” олимпын эрх олгох эмэгтэй хөлбөмбөгчдийн олон улсын тэмцээнийг Австралид шилжүүлсэн явдал байв. Вирусийн халдвар гараагүй ч бусад улс орнууд спортын тэмцээн уралдаан зохион байгуулах эрхээсээ татгалзаж эхлэв. Чөлөөт бөхийн олимпын эрхийн тэмцээнийг БНХАУ-аас шилжүүлж авсан Киргизстан улс тэмцээн зохион байгуулахгүй гэдгээ өнгөрсөн сарын 19-нд зарласныг энд дурдаж болно.

Тэргүүлэх лигүүд зогсов: Хоёрдугаар сарын сүүлээр вирусийн халдвар БНХАУ-аас өөр улсуудад хурдацтай тархаж эхэлсэн тул спортын салбар шинэ сорилттой нүүр туллаа. Тэргүүлэх лигүүд улирлын тоглолтоо завсарлуулж эхлэв.

ҮСБХ, Үндэсний хоккейн лиг: “Юта жазз”-ын Руди Гобер, Эмануэль Мудиай нар коронавирусээр өвчилсөн нь тогтоогдсоны дараа ҮСБХ лхагва гаригаас улирлын тоглолтыг тодорхойгүй хугацаагаар зогсоов. Үндэсний хоккейн лиг маргааш нь энэ жишгийг дагалаа.

Премьер лиг: Уг нь бол Европын улсууд олныг хамарсан тэмцээн уралдааныг хориглосон тул хөлбөмбөгийн лиг нь бас дагах ёстой. Гэвч телевизийн өндөр үнэтэй гэрээ байгуулсан топ улсууд үзэгчгүй явуулах гэж үзэж байна. Английн премьер лигийн “Арсенал” багийн дасгалжуулагч Микел Артета халдвар авсан нь тогтоогдож, багийнхныг тусгаарласан тул тоглолтууд цуцлагдсан. Байдал эргэлзээтэй хэвээрээ, шоокийн байдалтай байна.

Сери А: Италид вирусийн дэгдэлт хамгийн өндөр байгаа тул Сери А зогссон. Дараа дуусгах эсэх нь ч эргэлзээтэй байна.

Ла лиг: Испанийн лигийн тэмцээн  түр зогссон байдалтай байна.

Бундеслиг: Ойрын хоёр тойргийн тоглолтуудыг үзэгчгүй явуулж, телевизээр үнэгүй дамжуулах шийдвэр гаргасан. “Ханновер”-ын хоёр тоглогч вирусийн халдвар авсан нь тогтоогдсон тул тоглолтуудыг нь цуцалжээ.

Формула 1: Авто уралдааны хамгийн том тэмцээн Австралид болох байсан. Гэвч Сиднейд тусгаарлагдаад байсан хоёр багийн таван тамирчны нэгээс нь вирусийн халдвар илэрсэн тул гарааг албан ёсоор цуцалжээ. Вирус тээсэн тамирчин нь “Макларен” багийнх гэсэн мэдээлэл гарсан. Дараагийн хоёр гараа Бахрейн, Вьетнамд болох хуваарьтай ч аль, аль нь асуудалтай байна.

Аваргуудын лиг, Европа лиг: “Ливерпүүл”-“Атлетико”-гийн тоглолт үзэгчтэй явагдсан сүүлийн тоглолт болсон. Үүнээс ч өмнө “Валенси”- “Аталанта” үзэгчгүй тоглоод эхэлсэн бол “ПСЖ” Дортмундын Борусситай мөн үзэгчгүй тоглосон. Европын хөлбөмбөгийн холбоо Итали, Испанийн багуудад сайн дураараа тэмцээнээс гарахыг уриалж, “Ирэх жил оролцуулна” гэсэн болзол тавьсан ч өнөөдүүл нь зөвшөөрсөнгүй. Байдал хэрхэх нь тодорхойгүй байна.

Евро 2020: Европын хөлбөмбөгийн холбоо 12 хотод болох тивийн аварга шалгаруулах тэмцээнээ нэг жилээр хойшлуулж байгаагаа мэдэгдлээ. Ирэх оны 6-р сарын 11-ээс 7-р сарын 11-нд тэмцээн явагдана

“Токио 2020” зуны олимп: Спорт сонирхогчдын сэтгэлийг хамгийн ихээр зовоож байгаа асуудал энэ. Зохион байгуулагчид эхэндээ ямар ч эргэлзээгүй байсан ч сүүлд хойшлуулах юм уу өөр улсад шилжүүлж болох юм гэсэн санаа ганц нэг хүний амнаас гарч буй. Зохион байгуулагчид одоо дэгдэлт намжаасай гэж залбиран цагийн байдлыг ажиглаж байна.

Эбола болон бусад

2014 оноос эхэлсэн эбола вирусийн дэгдэлт спортын ертөнцөд “Испани ханиад” шиг гамшиг авчраагүй ч Баруун Африкийн улсуудад зохих ул мөрөө үлдээсэн юм. Тухайлбал, Сьерра-Леон, Нигери, Либери, Гвинеин шигшээ баг Хятадад болох Өсвөрийн олимпын наадамд оролцохоос татгалзаж байлаа. Либери, Гвинейн жүдочид мөн тухайн жил Челябинскт болсон ДАШТ-д оролцохоос сайн дураараа татгалзсан. Сейшелийн арлуудын шигшээ баг Африкийн цомын тэмцээний хүрээнд талбайдаа Сьерра Леон улсын багтай тоглох байсан ч эрх баригчид нь нутагтаа нэвтрүүлэхээс татгалзсан. Байдал хурцадсаны дараа Сьерра Леоны хөлбөмбөгийн холбоо өөрсдөө шийдвэр гаргаж, гадаадын бүх тэмцээнээ цуцалсан юм. Мөн дотоодод болох бүх тэмцээнээ зогсоосон. Аз болоход тухайн үед том тэмцээнүүд яваад дууссан байсан учир төдий л хохирол амсаагүй.

Морокко улс 2015 онд Африкийн цомын тэмцээнийг зохион байгуулах байсан ч хаант улсынхаа иргэдийн эрүүл мэндийг бодож байна гээд хүлээж авахаас татгалзсан нь мөн л эболагийн балаг байв. Африкийн хөлбөмбөгийн холбоо тэмцээнийг Экваторын Гвинейд шилжүүлж шийдсэн бөгөөд Мороккогийн багийг тэмцээнээс хасжээ.

“Испани ханиад”-наас хойших 100 жилд дэлхийд олныг хамарсан халдварт өвчин нэг бус удаа гарсан. 1957 онд Азийн ханиад хэмээх цар тахал нэг сая хүний амийг авч одсон бол 2009 онд дэгдсэн гахайн ханиад 20 гаруй мянган хүний үхлийн шалтгаан болж байлаа. Эбола вирусийн улмаас 11 000 хүн нас барсан ч Төв Африкт одоо болтол тохиолдол гарсаар л байна.

Анагаах ухааны хөгжил, хорио цээрийн дэглэмийг сахиснаар ямар ч тахлыг ялах чадалтай болсон. Гэхдээ ийм тохиолдол гарах бүрт, олныг хамарсан үйл явдал гэдэг утгаараа спортын салбар ямагт хамгийн эхний хохирогч болж иржээ.

Эх сурвалж: "Үндэстний ТОЙМ" сэтгүүл. Дугаар 437