Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын гурав дахь долоо хоногийн лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгох шийдвэрийг гаргасан. Үүний дагуу энэ оны гуравдугаар сарын 25-нд “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” тохиож байна.

Тус өдрийн хүрээнд төрийн болон төрийн байгууллага, гамшгаас хамгаалах албад, аж ахуйн нэгж, ард иргэдийг оролцуулан үндэсний хэмжээнд газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгаа хийж, хүн амын дунд аврах, эрэн хайх ажиллагааны дадлага сургуулийг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд шинэ төрлийн коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулахгүй байх шийдвэртэй холбогдуулан газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах теле хичээлийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд хүргэх юм.

Он гарснаар эхний гурван сарын байдлаар 11907  удаагийн газар хөдлөлт болсон ба магнитуд нь 3.5 болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 10 удаа болсон байна. Өнгөрсөн баасан гарагт гэхэд Говь-Алтай аймагт дөрвөн удаа газар хөдөлсөн юм. Мэргэжлийн байгууллагын хэлснээр сүүлийн жилүүдэд Монголд газар хөдлөлтийн тохиолдол нэмэгдэж байгаа аж.