"Mongolian Mining Corporation”-ийн 2019 оны санхүүгийн тайлангаа гаргаж 6.1 хувиар орлогоо өсгөсөн гэдгээ мэдээлжээ. Өнгөрсөн онд тус компанийн орлого түүхэн дээд түвшин болох 626.6 сая ам.доллар хүрсэн байна.
Харин зээлийн хүү, элэгдлийн зардлыг тооцоогүй татвараас өмнөх ашиг нь 10 гаруй хувиар өсөж, 241 сая ам.доллар хүрсэн байна. Тус компанийн ТУЗ өнгөрсөн оны санхүүгийн жилийн ашгаас ногдол ашиг тараахгүй байхыг дэмжсэн шийдвэр гаргажээ.
“Mongolian Mining Corporation” Гашуунсухайт боомтоор 44 519 автомашин нүүрс гаргажээ. Ийнхүү тээврийн автомашины тоо 20 хувиар цөөрсөн ч техник ашиглалт сайжирсан тул экспортын дүн буураагүй байна.
Тус компанийн нийт борлуулсан нүүрсний хэмжээ 2019 онд долоон хувиар өсөж, 5.1 сая тонн хүрчээ. Үүнээс дөрвөн сая тонныг нь хатуу коксжих нүүрс бүрдүүлсэн байна. Өнгөрсөн онд “Mongolian Mining Corporation” 9.25 хувийн хүүтэй 440 сая ам.долларын үнэт цаас гаргаж, эндээс татан төвлөрүүлсэн хөрөнгөөрөө хуучин үнэт цааснуудынхаа төлбөрт зарцуулжээ.