Цар тахлын улмаас 2020 оны олимпын наадмыг хойшлуулна гэж Олон улсын олимпийн хорооны гишүүн Дик Пунд хэлснийг BBC дамжуулав. Их Британийн олимпын хороон дарга тус улс энэ зун Токио руу баг тамирчдаа илгээх магадлал багатай гэж мэдэгдсэний дараа ийнхүү ярьсан байна.
Үүний өмнө Австрали, Канад улсууд Токиогийн олимпод оролцохгүй гэдгээ мэдэгдсэн юм. Харин АНУ-ын хувьд ОУОХ-ны мэдээллийг үндэслэн шийдвэрээ гаргана гэж буй.
“ОУОХ-ноос олимпыг хойшлуулах шийдвэр гаргасан. Гэхдээ хэдий хэр хугацаагаар хойшилсон нь тодорхойгүй байна. Баттай хэлэх зүйл бол олимп 2020 оны долоодугаар сарын 24-нд эхлэхгүй" Дик Пунд ярилаа.
ОУОХ энэ зуны наадмын ирээдүйг шийдэхийн тулд дөрвөн долоо хоногийн хугацаа шаардлагатай гэсэн боловч ОУОХ-ны ахмад гишүүн Пунд хороо шийдвэрээ удахгүй зарлана гэж мэдэгджээ. Одоогоор АНУ, Словен, Норвеги, Испани улсууд мөн олон улсын хөнгөн атлетикийн холбоо "Токио-2020"-ыг хойшлуулах хүсэлтээ ОУОХ-д гаргаад байна.