Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага Ковид-19 хэмээх шинэ коронавирусийн халдварыг дэлхийн хэмжээний цар тахал болсон гэдгийг зарлалаа. Хамгийн сүүлд 2009 онд H1N1 вирусийн халдвар буюу гахайн ханиадыг цар тахал гэж тус байгууллага зарлаж байсан.
Өчигдрийн байдлаар дэлхийн 192 улс, нутаг дэвсгэрт коронавирусийн халдварын 332 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэнээс 14000 орчим хүн амиа алдаад байна. Вирусийн халдвар анх дэгдсэн Хятад улсад 81 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж, 3200 гаруй хүнээ алджээ. Шинэ коронавирусийн халдвар Хятадын Хубэй мужийн нийслэл Ухань хотын далайн хүнсний захаас гаралтай гэж үзэж байгаа боловч эрүүл мэндийн байгууллагын шинжилгээгээр гарал үүслийг нь албан ёсоор тогтоогоогүй байна. Хятадын Засгийн газар, эрүүл мэндийн байгууллагууд өнгөрсөн хоёр сар гаруйн хугацаанд вирусийн халдварын тархалтыг хязгаарлах гэж Ухань хот, Хубэй мужид 60 сая оршин суугчийг хөл хорионд оруулж, олон арван тэрбум ам.доллар зарцуулжээ. Маш хатуу сахилга бат, зохион байгуулалтын дор ажиллаж, коронавирусийн халдвартай өвчтөнүүдийг эмчлэх түр эмнэлгийг арав хоногийн дотор барьж дуусгав. Хятадын Ерөнхийлөгч Ши Жиньпин өөрийн биеэр Ухань хотод зочилж, ард иргэд, эмнэлгийн байгууллагын ажилтнууд болон өвчтөнүүдтэй уулзав. Өдөрт хэдэн зуугаар тоологдож байсан шинэ халдварын тохиолдол арваас доош орчихлоо. Хятадын хамгийн том дарга вирусийн голомт болж байсан хотод очсон нь нөхцөл байдлыг хяналтандаа авсныг ч илтгэх байх. Хятадын Коммунист нам тун удахгүй коронавирусийн эсрэг тэмцэлд ялалт байгуулснаа зарлана гэж барууны зарим хэвлэл бичиж байна. Хятад улс шинэ коронавирусийн халдварыг ялдаг юм байж. Харин вирусийн үүсгэгч байж болох зэрлэг ан амьтан, ургамлын худалдааг бүрэн хориглож чадах болов уу?
Хүн төрөлхтний өмнө том сорилт болж байсан Эбола, МЕРС, шувууны ханиад, САРС зэрэг аюултай вирус бүгд зэрлэг амьтдаас гаралтай байсан.
Ухань хотоос дэгдсэн шинэ коронавирусийн халдварыг сарьсан багваахай, могой, шоргоолж идэштэнээс үүсгэгдсэн байж болох тухай хэвлэлүүдэд бичиж л байсан. Гэхдээ албан ёсны шинжилгээний үр дүн гараагүй. Хоёрдугаар сарын сүүлчээр Хятадын Засгийн газар экологи, шинжлэх ухаан, нийгмийн ач холбогдол бүхий зэрлэг амьтан, ургамлын хэрэглээг хязгаарлаж, зэрлэг амьтан үржүүлдэг фермүүдийн үйл ажиллагааг түр хугацаагаар хориглов. Энэ ондоо багтаад зэрлэг ан амьтдын худалдааг хязгаарлах хууль батлахаар төлөвлөж байна. Коронавирусийн халдвартай холбоотойгоор Хятадын иргэд, олон нийтийн зэрлэг амьтан ургамлын хэрэглээтэй холбоотой санал бодол ч нэлээд өөрчлөгдсөнийг харууллаа.
Энэ сараас Хятад даяар зэрлэг амьтдыг амьдаар нь зардаг захуудыг хааж, зэрлэг амьтдыг хүнсэнд хэрэглэх зорилгоор агнах, тээвэрлэхийг бүрэн хоригложээ.
Хятадын зарим захууд дээр дорго, гөрөөс, тогос, яст мэлхий, зараа, могой, шоргоолж идэштэн гэх мэт зүсэн зүйлийн амьтан зардаг. Гэвч Хятадын энэ хорио хэр удаан үргэлжилж, цаашид зэрлэг ан амьтдын махыг хүнсэнд хэрэглэдэг явдлыг таслан зогсоож чадах эсэх нь эргэлзээтэй. 2003 онд САРС өвчний дэгдэлтийн үеэр Гуаньжоу хотын амьтны захыг хааж, олон тооны амьтдыг устгаж л байсан. Ер нь зэрлэг ан амьтдын мах, эд эрхтэнийг ашиглах нь Хятадын уламжлалт соёлын хэсэг ажээ. Хоол хүнс, уламжлалт анагаах ухаан, гоёл чимэглэл, тэжээх зорилгоор зэрлэг амьтныг агнах, барих, тээвэрлэх, худалдаа үйл ажиллагаа тасрахгүй байна. Зэрлэг амьтдын худалдаа маш том бизнес болж хувирсан. 2017 онд Хятадын Инженерийн Академийн хэсэг эрдэмтдийн судалснаар Хятад дахь зэрлэг амьтан, ургамлын худалдаа 73 тэрбум ам.долларт хүрч, нэг сая гаруй хүн ийм үйл ажиллагаа эрхэлж, мөнгө олдог болжээ. Зөвхөн агнаж, барихаас гадна Хятадын долоон мужид зэрлэг ан амьтан үржүүлдэг 20000 ферм үйл ажиллагаа явуулж байна. Зарим их сургуулийн явуулсан судалгаагаар Хятадын том хотуудын иргэдийн 30 гаруй хувь нь амьдралдаа дор хаяж нэг удаа зэрлэг амьтны махыг идсэн буюу уламжлалт эм, хувцас хэрэглэл маягаар эдэлж хэрэглэж үзсэн гэж хариулжээ. Гэхдээ жил ирэх тусам нийгмийн гоц халдвартай өвчин, тахлын нөлөөгөөр зэрлэг амьтан, ургамлыг хүнсэнд хэрэглэх талаарх иргэдийн хандлага алгуур өөрчлөгдөж байна. 2004 онд Хятадын иргэдийн 42 хувь нь зэрлэг амьтдыг хүнсэнд хэрэглэх ёсгүй гэж хариулсан бол 2019 онд 52 хувь нь ийм хариулт өгчээ. Нийслэл Бээжин хотын иргэдийн бүр 80 хувь нь зэрлэг ан амьтныг хүнсэнд хэрэглэхийг хориглох нь зүйтэй гэж хариулсан байх юм.
Ши Жиньпин тэргүүтэй Хятадын тав дахь үеийн удирдагч нар нийгмийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор зэрлэг амьтан, ургамлын хэрэглээг хязгаарлаж чадвал зөвхөн Хятад төдийгүй, бүс нутаг, дэлхийн дахинд эерэг нөлөөтэй байж магад.
Өнгөрсөн хоёр сар гаруйн хугацаанд хятадууд төдийгүй Ази төрхтнүүд коронавирусийн халдварын улмаас гадуурхагдах хандлага гадаадын олон улс орнуудад ил зүйл болчихлоо. Ямар сайндаа хятадууд хөдөлж байгаа амьд амьтан бүрийг идэхээ больцгоо гэж интернэтээр уриалж байх вэ дээ.
Үнэндээ Хятад улс иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө хатуу бодлого хэрэгжүүлнэ гэж зорьж байгаа нь олон төрөл зүйлийн зэрлэг амьтан, ургамлыг хамгаалах үйлсэд ч давхар хувь нэмрээ оруулж чадна. Гэхдээ зэрлэг ан амьтан, ургамлыг өнөөг хүртэл хэрэглэж буй нэг салбар байгаа нь уламжлалт анагаах ухаан. Ши Жиньпин 130 тэрбум ам.доллар эргэлддэг уламжлалт анагаах ухааныг Хятадын соёлын салшгүй хэсэг гэж тодорхойлчихсон. Тэгэхээр Хятадын Коммунист нам хааж, хориглоод зогсохгүй Хятад үндэсний уламжлалт сэтгэлгээ, хэрэглээг ч өөрчлөх шаардлагатайг илтгэж байна.