Амжилт нь техник технологийн дэвшлээс шалтгаалдаг спортын төрлүүд бий. Эдгээр спортын төрлийн тамирчдын амжилт нэг шинэ технологи гарахад л суга ахидаг онцлогтой. Түүхэнд ийм тохиолдол олон байдаг. Германы хөлбөмбөгийн шигшээ баг 1954 оны ДАШТ-ий хэсгийн тоглолтод Унгарын “домогт” багт 3:8-аар хожигдсон боловч алтын төлөө 2:1-ээр хожиж аваргалсан. Хожсон тоглолтдоо германчууд Ади Дасслерын шаахайг өмссөн нь ялалт байгуулах гол нөхцөл болсон гэдэг.
1997-1998 оны улирлыг “Тэшүүрийн түүхэнд шинэ үеийг эхлүүлсэн” хэмээн онцолдог. Дэлхийн рекорд 14 удаа эвдэгдсэн тэр улиралд тэшүүрчид “слэп скейт” гэх шинэ загварын тэшүүрээр (тэшүүрийн ир нь гуталтайгаа зөвхөн өлмий хэсгээр холбогдсон) гулгаснаар ийм амжилт гаргасан байх жишээтэй. Слэп скэйтийг тухайн үед тэшүүрийн спортод гарсан тав дахь хувьсгал гэж нэрлэж байлаа. Гэхдээ дээрх хоёр тохиолдлын аль, аль нь хэрэглэл материалын хамаарлаараа тулгууртай харайлтаас илүү гарахгүй.
Дөрөв дэх хувьсгалаа хүлээсэн тулгууртай харайлт
Эртний Грек болон Крит арлын эртний оршин суугчдын дунд түгээмэл байсан тулгууртай харайлт XIX зууны сүүлээс спорт шинжиндээ оржээ. Их Британичууд 1886 онд энэ төрлөөр анх улсын аварга шалгаруулах тэмцээн зохиосноор энэ спортын албан ёсны түүх эхэлдэг. Түүнээс хойших 100 гаруй жил амжилт нь ахисаар зургаан метр гаруйд хүрсэн ч тулгуурын материал хийцийг сайжруулалтаар ерөнхийд нь гурван үед хуваадаг юм.
Эртний тулгуур: 1912 оны зургадугаар сарын 8. Тулгууртай харайгчдын амжилт энэ өдөр анх дөрвөн метрийн хязгаарыг давжээ. Стокгольмийн олимпын аварга АНУ-ын Маркус Райт 4 мерт 2 см дээгүүр харайн энэ амжилтын эзэн болсон байна. Тэр үеийн тамирчид уян хатан чанар багатай модон тулгуур хэрэглэдэг байсан тул бараг л дөрвөн метр дээгүүр гарсан нь их юм гэмээр. Хэдэн зуун тулгуураас өөртөө яг тохирсныг сонгож олох нь тамирчдын хувьд техник давтахтай эн зэрэгцэх шахуу чухал ур чадвар болж байв. Арай хожуу илүү хөнгөн, бат бэх хулсан тулгуур хэрэглэх болсноор амжилт бага зэрэг ахисан ч модон тулгуур нь цөөхөн хэрэглээд ашиглалтаас гардаг, чанар нь тухайн үеийн цаг агаарын нөхцөл, чийглэгээс болж өөрчлөгддөг тул тогтмол амжилт гаргахад түвэгтэй зэрэг бэрхшээл байсаар байв. Модон тулгуур хангалттай бат бэх биш учир тамирчид тулгуурын нэлээд урд хэсгээс барих хэрэгтэй болдог. Ингэснээр илүү ачаа өргөж, амжилт хойш татагддаг байлаа. АНУ-ын харайгч Корнелиус Уормердам 1942 онд 4 метр 77 см дээгүүр гарсан нь “Модон тулгуурын эрин”-ий хамгийн дээд амжилт байв.
Роберт Ричардс
Металл тулгуур: Металл тулгуурыг 1946 оны Европын аварга шалгаруулах тэмцээн дээр Шведийн харайгчид анх хэрэглэжээ. Энэ нь модон тулгуур шиг цаг агаарын ялгаатай нөхцөл байдалд чанар нь өөрчлөгдөхгүй давуу талтай ч амжилтыг тэгтлээ огцом өсгөсөнгүй. Гэсэн ч модон тулгуурын эрин үеийг төгсгөж чадсан юм. Металл тулгуурын үед АНУ- ын алдарт харайгч олноо “Нисдэг пастор” хэмээн алдаршсан Роберт Ричардс олимпын наадамд хоёронтаа аваргалсан байдаг (”Хельсинки 1952”-д 4 метр 55 см, “Мельбурн 1956”-д 4 метр 56 см). Металл тулгуурын эрин эхэлснээс хойш 11 жилийн дараа л Роберт Гутовски дэлхийн дээд амжилтыг 4 метр 78 см болгож, нэг см-ээс ахиулсан юм. 1960 онд Дональд Брэгг 4 метр 80 см дээгүүр гарсан нь металл тулгуурын эриний дээд амжилт болон түүхэнд үлджээ.
Сергей Бубка
Фибергласс тулгуур: “Ром 1960” олимпын үеэр тулгууртай харайлтын спортод хувьсгал болсон пластик тулгуурыг анх хэрэглэжээ. Үүнээс хойших 34 жилийн хугацаанд дэлхийн дээд амжилт 4 мерт 80 см-ээс 6 метр 14 см болтлоо ахисан юм. Фибергласс тулгуур нь маш уян хатан, бат бэх тул амжилтыг гэрлийн хурдаар өсгөсөн. Үйлдвэрлэгчид тамирчны өндөр, биеийн жинд тохируулж үйлдвэрлэдэг болсон нь амжилтад эерэгээр нөлөөлсөн. Гэхдээ урт тулгуур хэрэглэлээ гээд илүү өндөрт гардаг гэдэг ойлголт өдгөө үгүй болжээ. Тамирчны ур чадвар, тулгуурын давуу тал нийлээд хүрэх дээд хязгаартаа бараг хүрчихээд байна. Украины алдарт Сергей Бубкагийн тогтоосон 6 метр 14 см-ийн амжилт одоо ч оршин тогтнож, зааланд тогтоосон дээд амжилт нь хэдхэн хоногийн өмнө 1 см-ээр ахиснаас ингэж дүгнэж болно. Өөрөөр хэлбэл одоо С.Бубка шиг байгалиасаа авьяастай сод хүмүүн тодрох юм уу, дундаж тамирчныг маш өндөр дээгүүр давуулаад шидчих шинэ төрлийн тулгуур бүтээж л дээд амжилт тогтоох магадлалтай.
Дээд амжилтыг шинэчлэх боломж
Гэхдээ дээр дурдсанаас өөрөөр рекорд эвдэх боломж байгаа юу гэвэл мэдээж бий. Гэхдээ энэ боломжийн талаар хэлэхээсээ өмнө эхлээд байгаа хоёр боломжийг авч үзье. Тулгуурын хувьд, фиберглассыг орлох материал одоогоор байхгүй учир эрин үе нь дуусах яагаа ч үгүй гэдэгт бүгд санал нэгдэж байна. Харин тамирчны тухайд боломж бий.
Одоогийн тамирчдын дундаас Шведийн А.Дюплантисыг нэрлэж болно. Өнгөрсөн сард тэрээр 6 метр 17 см дээгүүр гарч дээд амжилт тогтоосон. С.Бубка дээд амжилтыг 5 метр 84 см, 5метр 88,5метр 90,5метр 94,6метр болгож эвдсэнийхээ дараа “Нэг см”-ийн горимдоо шилжсэн. Түүнээс хойш дээд амжилтыг нэг, нэг см-ээр эвдсээр 1994 он хүрсэн юм. Үүнд Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос дэлхийн дээд амжилт эвдсэн тамирчинд олгодог 100 мянган ам.долларын шагнал ч нөлөөлсөн нь тодорхой. Харамсалтай нь, ингэж нэг, нэг см-ээр мөлхөж явах хооронд С.Бубкагийн ид үе нь өнгөрчихсөн юм. Токиод болсон ДАШТ-д түрүүлэхдээ 5 метр 95 см дээгүүр маш нөөцтэй гарсан. Япончууд сүүлд тооцоолж үзээд С.Бубка тэр үед 6 м 37 см дээгүүр гарсныг тогтоосон байдаг.
Дасгалжуулагч Виталий Петров нь А.Дюплантисыг дээд амжилт тогтоосны дараа өгсөн ярилцлагадаа “6 м 40 см дээгүүр давах боломж байсан. Гэхдээ чадаагүй гээд муу зүйл биш. Елена Исинбаевад нэг удаа “Яагаад 5 метр 20 см, 5 метр 30 см дээгүүр харайхгүй байгаа юм бэ, чи чадна шүү дээ” гэхэд “Яах юм бэ. Намайг ялах хэн ч байхгүй байхад ингэх шаардлагагүй” гэж хариулсан” хэмээн өгүүлсэн байсан. Харин дээр хальт дурсаад орхисон, зөвхөн тулгууртай харайлт гэлтгүй хөнгөн атлетикийн бусад төрлийн дээд амжилтыг ч одоо байгаагаас нь өсгөх тэр боломжийг танилцуулъя.
Тамирчны амжилтыг технологи ашиглаж хэмжсэнээр энэ амжилтад хүрч болно. С.Бубка 1991 онд Токиод 6 метр 37 см дээгүүр гарсан гэж дээр хэлсэн. Тэгвэл өнөө үед хөндлөвчийг гэрлийн технологиор орлуулснаар энэ амжилтыг өсгөх боломжтой. Уртын харайлтад жишээ нь, тамирчин улаан шугам дээр хөлөө тааруулахын тулд хөдөлгөөнөө хязгаарлах тохиолдол гардаг. Маш хол харайсан ч улаан шугам гишгэсэн гэдэг шалтгаанаар тооцохгүй байх тохиолдол бий. Тэгвэл шинэ дүрэм гаргаж, тамирчны амжилтыг харайсан газраас нь тооцдог болчихвол амжилт ахих нь тодорхой юм.