Уул уурхайн салбарын орлого эхний хоёр сард ямар байсан талаарх мэдээллийг хүргэж байна. Энэ оны эхний хоёр сард нэгдсэн төсвийн орлого 1.5 их наяд төгрөг болж, өнгөрсөн оныхоос 173.7 тэрбумаар буурчээ. Үүнээс, эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 347.3 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 170.4 тэрбум төгрөгөөр буурсан байна. Төсөвт төвлөрүүлсэн орлогын мэдээг салбараар харахад, уул уурхайн салбараас 320.6 тэрбум төгрөг, газрын тосны салбараас 21.0 тэрбум төгрөг, тусгай зөвшөөрлийн төлбөр 4.5 тэрбум төгрөг, бусад орлого 1.2 тэрбум төгрөг байна. Ингэснээр эрдэс баялгийн салбар Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 23.7 хувийг бүрдүүлж байна.
Уул уурхайн салбараас улсын төсөвт 320.6 тэрбум төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Үүнээс нүүрс 144.9 тэрбум төгрөг, алт 14.8 тэрбум төгрөг, зэс 132.1 тэрбум төгрөг байжээ. Улсын төсөвт оруулсан орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 157.4 тэрбум төгрөг буюу 32.9 хувиар буурсан байна.
Тэгвэл уул уурхайн салбарын гадаад худалдааны талаарх мэдээллийг хүргэе. Гадаад худалдааны нийт бараа эргэлт 1.5 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оныхоос 410.4 сая ам.доллараар буурсан байна. Экспорт импортоос давамгайлж экспорт, импортын зөрүү 20.7 сая ам.доллараар эерэг гарчээ. Экспорт 770.7 сая ам.доллар болж өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 322.9 сая ам.доллараар буюу 29.5 хувиар буурсан байна. Экспортод төмрийн хүдэр, баяжмал, чулуун нүүрс, зэсийн баяжмал, цайрын хүдэр, баяжмал, хайлуур жоншны хүдэр, баяжмал, молибдений баяжмал, боловсруулаагүй нефть, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт, тунгаасан зэс ба хайлш зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нь нийт экспортын 95 хувийг эзэлж байна.
2.7 сая тонн нүүрс экспортлов
Он гараад 228.8 сая ам.долларын 2.7 сая тн чулуун нүүрс экспортолсныг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал үнийн дүнгээр 103.5 сая ам.доллараар, тоо хэмжээний хувьд 1.2 сая тн-оор тус тус бага байна. 2019 оны мөн үед 1 тн нүүрсний хилийн дундаж үнэ 82.6 ам.доллар байсан бол 2020 оны 2 сард 82.3 ам.доллар болсон байна. Чулуун нүүрсний 96 хувийг БНХАУ руу гаргажээ.
Зэсийн экспорт 37.1 мянган тонноор буурав
Зэсийн баяжмалын тухайд он гараад 192.2 мян.тн экспортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 37.1 мян.тн-оор бага байна. 2019 оны мөн үед зэсийн баяжмалын дундаж үнэ 1,347.2 ам.доллар, экспорт үнийн дүн 309.0 сая ам.доллар байсан бол 2020 оны 2 сард дундаж үнэ 1,139.6 ам.доллар, үнийн дүн 219.1 сая ам.доллар болж буурсан байна.
98.8 сая ам.долларын төмрийн хүдэр худалджээ
Төмрийн хүдэрийн экспорт 1.4 сая тн буюу 98.8 сая ам.долларт хүрсэн байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 246.0 мян.тн-оор, үнийн дүн нь 46.7 сая ам.доллараар тус тус өссөн байна. 1 тн төмрийн хүдрийн экспортын дундаж үнэ 69.3 ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 25.1 ам.доллараар өссөн байна.
Хайлуур жоншны 29.4 хувийг ОХУ руу экспортолсон байна
Он гарснаар хайлуур жоншны экспорт 82.2 мян.тн буюу 20.2 сая ам.долларт хүрсэн байна. Өнгөрсөн оны мөн үеэс 13.0 мян.тн-оор их, үнийн дүнгээр 3.1 сая ам.доллараар бага байгаа нь хайлуур жоншны экспортын дундаж үнэ 91.6 ам.доллараар буурсантай холбоотой. Хайлуур жоншны 29.4 хувийг ОХУ руу, 70.2 хувийг БНХАУ руу экспортолсон байна.
Боловсруулаагүй нефтийн экспорт зогссон
Хорио цээрийн улмаас боловсруулаагүй нефтийн экспорт зогсож 287.7 мян.бар буюу 16.9 сая ам.доллар байжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 723.6 мян.бар-иар, үнийн дүн 36.0 сая ам.доллараар бага байна. Баррель түүхий нефтийн хилийн дундаж үнэ 52.4 ам.доллар байсан бол хоёрдугаар сард 58.8 ам.доллар болж 6.4 ам.доллараар өссөн байна.