Хүн төрөлхтөний энх тайван, эв найрамдлын бэлгэдэл “Токио-2020” зуны олимпын наадам энэ жил Япон Улсын Токио хотод болно. Тус олимпын наадмын бамбар өнөөдөр Япон улсад ирлээ.
Олимпын бамбарыг хүлээн авах ёслолд олимпын гурван алт, нэг мөнгө, дэлхийн 13 удаагийн аварга, чөлөөт бөхийн тамирчин Саори Ёшида, олимпын гурван удаагийн аварга, ДАШТ-ий алт, хүрэл медальт Тадахиро Номүра нар оролцов.
Эргэн сануулахад өнгөрсөн мягмар гаригт ОУОХ-ноос гаргасан албан ёсны мэдэгдэлд “Олимп эхэлтэл дөрвөн сарын хугацаа байна. Энэ бол нөхцөл байдал өөрчлөгдөж болох хугацаа. Тиймээс яаран шийдвэр гаргах шалтгаан алга” хэмээн онцлон тэмдэглэсэн байна. Мөн олимпын бэлтгэл ажил хэвийн үргэлжилнэ гэдгээ зарлаж, олимпын наадамдаа эрчимтэй бэлтгэхийг тамирчдад хандан уриалжээ.
“Токио 2020” зуны олимпын наадам ирэх долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-нд болох хуваарьтай.