Ирэх дөрвөн жилд төрийн жолоог хэнд атгуулахыг шийдэхэд үндсэндээ гурван сарын хугацаа үлдлээ. Гэхдээ сонгуулийн тов хойшлохгүй бол шүү дээ.
Зургадугаар сарын 24-нд товлосон ээлжит сонгууль дэлхий нийтэд тархаад буй цар тахлаас шалтгаалж хойшлох эсэх нь одоо тодорхойгүй ч уг вирусийн тархалттай холбоотойгоор хуульд заасан хуваарьт үйл ажиллагаанд хүндрэл учирч байна.
Хуулиараа гуравдугаар сарын 25- наас өмнө нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө баталж, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлэх учиртай. Харин коронавирусийн тархалттай холбоотойгоор манай улс гуравдугаар сарын 30 хүртэл олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглоод байна. Одоогоор Сонгуулийн ерөнхий хороо Улсын онцгой комисст албан бичиг хүргүүлж, уг асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар чиглэл авахаар болжээ.
Үүний дараа СЕХ Онцгой комиссын чиглэлийн дагуу улс төрийн нам, эвслүүдэд төлөөллийн төв байгууллагаа хэрхэн хуралдуулах талаар зөвлөмж өгөх чигтэй байна. Хэрвээ намын гишүүд биечлэн хуралдаж чадахгүй бол онлайн хурал хийх боломж бас бий. Цаашлаад мөрийн хөтөлбөр батлах гэлтгүй, танилцуулах, сурталчлах, нэр дэвшигчдийн сурталчилгаа гээд сонгуулийн зарим үйл ажиллагаа цахимжих чигтэй боллоо. Одоогийн нөхцөл байдлыг тоочиход ийм байна. Харин одоо эрх баригчдыг сонгох хамгийн гол шалгуур болох мөрийн хөтөлбөр юунд чиглэхийг сонирхъё.
Мөрөөдлийн жагсаалт үргэлжлэх үү?
Намуудын сонгуульд ялах гол үзүүлэлт нь мөрийн хөтөлбөр, бодлого байх ёстой. Энэ үүднээс сонгуульд өрсөлдөгчдийн хэн нь юу хийх вэ гэдгээрээ уралдаж, сонгогчдод таалагдахын тулд бусдаасаа илүү зүйл амлахыг хичээдэг. Тиймээс ч бодлогод тулгуурласан мөрийн хөтөлбөр гэхээс илүүтэй мөрөөдлийн жагсаалт боловсруулж, эцэст нь амлалтдаа хүрдэггүй жишээ олон удаа давтагдаж буй. Үүний тод жишээ нь 2008 оны сонгуульд өрсөлдсөн намуудын мөрийн хөтөлбөр дэх хэтийдсэн амлалтууд байна. Тухайн үед АН нэг сая төгрөгийн хувьцаа амлахад МАН-ынхан 1.5 сая бэлнээр өгнө гэж өсгөж амлаж байсан. Гэхдээ хоёр хүчний амлалтууд биеллээ олоогүй. Тиймээс 2012 оны сонгуулиар намууд мөнгөн амлалт өгч, сонгогчдын саналыг худалдаж авахгүй гэж тохиролцон, хориглосон заалтыг хүлээлгэх хариуцлагатай нь хамт сонгуулийн хуульдаа тусгасан байдаг. Өнгөрсөн оны сүүлчээр баталсан УИХ-ын сонгуулийн тухай хуульд ч энэ тухай тусгаж, давхар аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулах зохицуулалт оруулсан билээ. Тиймээс мөрөөдлийн жагсаалт бус мөрийн хөтөлбөр боловсруулахыг хуулиар зохицуулсан гэсэн үг.

Сонгуулийн мөрийн хөтөлбөр нь тухайн УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд буюу дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих боломжтой байхаар хуульчилсан. Мөн нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрт аудит хийлгэхээр хүргүүлэх, хянах, өөрчлөлт оруулах гээд бүхий л хугацаануудыг тодорхой зааж оруулсан. Өмнөх хуульд ийм хугацаа заагаагүй байсан нь аудитын байгууллагад хүндрэл учруулж байсан.
Сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хянахтай холбоотой зохицуулалтыг УИХ- ын сонгуулийн тухай хуульд дараахь байдлаар тусгажээ.
38.6.Нам, эвсэл нь ээлжит сонгуулийн жилийн 03 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө, бие даан нэр дэвшигч нь ээлжит сонгуулийн жилийн 04 дүгээр сарын 25-ны өдрөөс өмнө сонгуулийн мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ.
38.9.Нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөр нь энэ хуульд заасан шаардлага хангаагүй гэсэн дүгнэлт гарсан тохиолдолд тав хоногийн дотор зөрчлийг арилгасны үндсэн дээр дахин
дүгнэлт гаргуулахаар хүргүүлнэ.
38.10.Төрийн аудитын дээд байгууллага нам, эвслийн мөрийн хөтөлбөр энэ хуульд заасан шаардлагад нийцэж байгаа эсэх талаарх дүгнэлтийг санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ.
38.11.Төрийн аудитын дээд байгууллага нь бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр энэ хуульд заасан шаардлагад нийцэж байгаа эсэх талаарх дүгнэлтийг санал авах өдрөөс 33-аас доошгүй хоногийн өмнө гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ.
Намуудын мөрийн хөтөлбөр юунд чиглэв?
Улс төрийн нам, эвслүүд Бага хурал, ҮБХ-гоо хэрхэн хуралдуулах нь одоогоор тодорхойгүй байгаатай адил ямар мөрийн хөтөлбөр дэвшүүлэх нь ч бүрэн тодорхойгүй байна. Гэхдээ улс төрийн намууд удирдлагын түвшинд, олон нийтийн цахим саналын дагуу мөрийн хөтөлбөрөө боловсруулж байгааг эх сурвалжууд дурдсан.
Төрийн эрхийг барьж буй МАН-ын хувьд 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө мэргэжлийн Засгийн газар байгуулж, эдийн засгийг хямралаас гаргах асуудлыг чухалчилсан байдаг. Ингэхдээ инфляцын түвшинг нэг оронтой тоонд барина, төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлнэ, төсвөөс гадуурх санхүүжилтийг зогсооно зэрэг зорилтыг тавьж байжээ. Мөн бизнес дэх төрийн дарамт, шахалтыг багасгахын зэрэгцээ тусгай зөвшөөрлийн тоог гурав дахин цөөрүүлнэ хэмээн мөрийн хөтөлбөртөө тусгасан байна. Үүнээс гадна импортыг орлох гол 100 нэрийн бараа бүтээгдэхүүнийг Монголдоо үйлдвэрлэх “21:100” хөтөлбөрийг аймаг бүрт хэрэгжүүлэхээ амлаж байжээ.
Энэ удаагийн УИХ-ын сонгуульд МАН өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийж амжаагүй ажлуудаа гүйцээхийн зэрэгцээ өмнөх мөрийн хөтөлбөрийн амлалтуудаа үргэлжлүүлэх бололтой.
Өөрөөр хэлбэл, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх, тэтгэврийн олон давхаргат тогтолцоог үе шаттай нэвтрүүлж, тэтгэврийн зөрүүг арилгах, хүүхдүүдийг 100 хувь цэцэрлэгт хамруулах, иргэдийн биеийн тамир, спортоор хичээллэх, амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжиж, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх зэргийг зорьж байгаа аж. Мөн бэлчээрийн ашиглалт, хамгаалалтыг сайжруулж “Монгол малчин” хөтөлбөр хэрэгжүүлэхийн зэрэгцээ сум бүрт малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанарыг тодорхойлох, баталгаажуулах лаборатори байгуулахаар зорьж буй. Улмаар аймаг бүрт малын гаралтай түүхий эд ангилан хадгалах агуулах барьж, малчдыг орон сууцжуулах аян өрнүүлэхэд анхаарах гэнэ. Энэ мэт зорилт, зорилгуудыг агуулсан мөрийн хөтөлбөр боловсруулах гэнэ.
Харин гол сөрөг хүчин АН-ын хувьд УИХ-ын 2016 оны сонгуулиар экспортыг эн тэргүүнд тавьж, орлогыг хоёр дахин өсгөнө хэмээн онцолж байлаа. Ингэхдээ эдийн засаг, аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогуудаа онцлон тусгасан байдаг. Улмаар төсөв, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах хуримтлалын сангуудыг иж бүрнээр нь бүрдүүлж, хөрөнгөжүүлэх бодлого баримтлахаар төлөвлөж байв. Гэвч тэд эрх баригчийн суудлаас бууж, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж чадаагүй.
АН энэ удаагийн сонгуульд өрсөлдөх мөрийн хөтөлбөрөө шинэчлэн найруулж, иргэдийн хөгжилд илүүтэй чиглэсэн бодлогууд тусгах гэнэ. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар баримтлах бодлогыг мөрийн хөтөлбөрөө тусгахаа мэдэгдсэн.
Улс төрийн гуравдагч хүчин МАХН- ын хувьд 2016 онд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө шинэчлэн найруулжээ.Тус нам 2016 оны сонгуульд иргэдийг орон сууцжуулах, шинэ хот байгуулж, ажилгүйдлийг бууруулах, оюутнуудын төлбөрийг төрөөс даах зэрэг амлалт өгч байлаа. МАХН энэ удаа эдгээр хөтөлбөрөө үргэлжлүүлэхээс гадна иргэдээ төрийн хамгаалалтад авах бодлого боловсруулж мөрийн хөтөлбөрөө тусгахаар болжээ. Мөн гэр хорооллын өрхүүдийн тоог цөөрүүлж, орон сууцжуулахад чиглэсэн бодлого барих гэнэ.
Үүнээс гадна шинээр байгуулагдсан ШИНЭ болон УИХ-д суудалгүй БНН, МҮАН зэрэг нам эвсэл болж өрсөлдөхөө мэдэгдээд байгаа. Тэд сахилга бат, дэг журам, хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх чиглэлд голлон анхаарахаар зэхэж байгаа сурагтай. Мөн “Хүн дээд” үзэл баримтлалтай ХҮН-ынхан мөрийн хөтөлбөртөө иргэдийн хөгжилд тулгуурласан бодлого тусгаж байгаа гэнэ.
Ямартай ч дэлхийн нийтийг хамарсан цар тахлаас үүдэн сонгуулийн тов хойшлох нь тодорхой болоогүй энэ үед гуравдугаар сарын 25-наас өмнө нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө батлах нь ойлгомжтой. Харин хэрхэн хуралдаж, ямар мөрийн хөтөлбөр дэвшүүлэх нь удахгүй тодорхой болох биз ээ.