“Үнэт малтмал”-ын үнийн зураглал

Бүтээгдэхүүнийхээ онцлогоос шалтгаалж, заримынх нь график дээшээ чиглэсэн бол зарим нь уруугаа “урслаа”. Тухайлбал, алт өсөж, долоон жилийн түүхэн дээд хэмжээндээ хүрээд байгаа бол газрын тос ойрын таван жилийн хамгийн бага ханш руугаа унасан юм. Бусад түүхий эд ч (хөнгөн цагаан, цагаантугалга, цайр, никель, мөнгө, хар тугалга) сайн мэдээ дуулгахгүй нь. Монгол Улсын хувьд авах, зарах алинд нь ч эрдэсийн бүтээгдэхүүний ханш хамааралтай тул үүнд анхаарлаа хандуулахгүй орхиж болохгүй юм. Тиймээс “үнэт малтмал”-ын үнийн зураглалаас хүргэе. 

Алтны өсөлт

Алтны тухайд дэлхий дахинд тогтворгүй нөхцөл байдал үүсэхэд ханш өсөж, тайван цагт тогтвортой байдаг онцлогтой. Тэр утгаараа унци нь 1500 ам.доллар хүрнэ гэсэн шинжээчдийн таамгийг 200 орчим ам.доллараар эвдэж, 1703 хүрсэн. Алтны ханш жилийн өмнөөс аажуухан өсөж байсан. Харин өнгөрсөн нэг сарын хугацаанд 61 ам.доллараар өсөж сүүлийн долоон жилийн дээд үзүүлэлтдээ хүрсэн нь энэ юм. Ханшийн энэ удаагийн өсөлт нь БНХАУ, БНСУ-д коронавирусийн халдвар огцом нэмэгдсэн болон дэлхий дахинд вирусийн халдварын тархалттай холбоотойгоор болгоомжлол үүсэж, хөрөнгөө илүү найдвартай буюу алт хэлбэрээр байршуулж байгаатай холбоотой юм.

“Коронавирусийн дэгдэлт намжаагүй тохиолдолд алтны ханш тогтмол өндөр байх болно. Байдал муудвал бүр ч өснө” гэж “SP Angel” агентлагийн шинжээч Сергей Раевский хэлжээ.

Энэ нь байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас гадаад худалдаа, төсвийн орлого, дотоодын худалдаа, үйлчилгээ өдрөөс өдөрт хумигдсаар байгаа энэ үед Монгол Улсад таатай мэдээ. Учир нь алт Монгол Улсын валютын нөөцөө нэмэгдүүлэх нэг чухал суваг юм. 2018 онд Монголбанк 22 тонн алт худалдан авсан нь түүхэнд хамгийн их нь байсан юм. Ингэснээр ГВАН (гадаад валютын албан нөөц) дөрвөн тэрбум ам.долларт дөхсөн. Гэвч татварын нөхцөл байдлаас үүдэн өнгөрсөн онд Төв банкинд тушаасан алтны хэмжээ буурсан. Тодруулбал, Төв банк өнгөрсөн онд 15.2 тонн алт худалдаж авсан гэж мэдээлсэн. Энэ нь 2018 оноос 6.7 тонноор бага буюу 30 хувиар буурсан дүн болсон. Тиймээс энэ оны улсын төсөвт Төв банкны худалдан авах алтны хэмжээг бууруулж 18 тонн болгосон. Харин он гарснаар алттай холбоотой таатай мэдээ угтаж байгаа юм. Энэ оны гуравдугаар сарын 11-ний байдлаар Төв банк нийт 4.9 тонн үнэт металл худалдан авчээ. Үүнээс алт 3.2 тонн, цагаан мөнгө 1.7 тонныг худалдан авсан нь өмнөх оны мөн үеэс 3.7 тонноор өссөн үзүүлэлт юм. Үнэ ч мөн дэлхийн зах зээлийн ханшийн өсөлтийг дагах нь тодорхой. Төв банкны грамм алт худалдаж авах дундаж үнэ энэ сард 147.096 төгрөг байна. Жилийн өмнө 120 гаруй мянган төгрөг байсан юм. Дэлхий дахинд үүсээд байгаа нөхцөл байдалтай уялдуулан манай улсын экспортын орлого буурч байгаа энэ үед валют нэмэгдэх нөхцөл үүссэн нь яах аргагүй таатай мэдээ.

Зэсийн уналт

Эдийн засгийн “эмч” гэж нэрлэгддэг зэсийн тухайд ханшийн график уруугаа чиглээд удаж байна. Сүүлийн сар гаруй хугацаанд гэхэд ханш 30 орчим хувиар унасан юм. Саяхан тонн нь 7000 ам.доллар руу дөхөж явсан ханш ийнхүү 5000 руу унахад зах зээлд нөлөө үзүүлэх нь дамжиггүй. Ингэхдээ шалтгаан нь тун тодорхой, дэлхийн зэсийн хэрэглээний 50 орчим хувийг эзэлдэг БНХАУ-д сүүлийн 70 гаруй хоног вирус тархаж, сар шинийх нь амралттай залгаад хөл хорио үргэлжилсэн тул үйлдвэрлэл зогссон. Түүнийгээ дагаад дэлхийн зэсийн хэрэглээ саарахад зах зээлийнхээ зарчмаар ханш унасан. Энэ нь нүүрсээ бодвол зэсээ дэлхийн зах зээлийн ханшаар борлуулдаг Монгол Улсын төсөвт улам дарамт болох юм. Учир нь Монгол Улс уул уурхайн салбараас төсвийнхөө гуравны нэгийг буюу гурван их наядыг олохоор төлөвлөсөн. Үүний хоёр орчим хувь нь буюу 1.7 их наяд нь зэсэнд ногдож байгаа. Гэхдээ энэ нь өнгөрсөн оноос бага зэрэг бууруулсан хэмжээ юм. Учир нь Монголын зэсийн хоёр том ордод таагүй нөхцөл байдал үүссэн. Үүнийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Эрдэнэт үйлдвэр”-ийн уурхайн гүн доошлох тусам баяжмалын хүдэр дэх металлын агууламж буурах, мөн Оюутолгойн ил уурхайн баяжмалын гарц буурч байна” гэж тайлбарласан юм. Ийнхүү шалтгааны улмаас хэмжээг бууруулан батлахдаа дундаж ханшийг 5991 ам.доллар гэж тооцсон. Тэгвэл өнөөдрийн (2020.03.12) байдлаар зэсийн ханш 5560 ам.доллар байна. Тооцсон дундаж ханшаас дэлхийн зах зээлийн ханш доогуур байгаа нь мэдээж төлөвлөсөн орлогоо олохгүйд хүрнэ. Гэтэл өмнө дурдсан нөхцөл байдлаас үүдэн Монгол Улс экспортын боломжоо алдсаар, гадаад худалдааны үзүүлэлтүүд таагүй гарсаар байна. Энэ оны хоёрдугаар сарын байдлаар экспортын орлого 322 тэрбум ам.доллар буюу 29.5 хувиар буурсан үзүүлэлт юм. Өнгөрсөн оны эхний хоёр сард Монгол Улс нэг тэрбум ам.долларын экспорт хийсэн бол энэ онд экспортын орлого ердөө 770 сая ам.доллар байна. Экспортод гаргасан зэсийн баяжмал 37.1 мянган тонноор, орлого нь 90 сая ам.доллараар буурч 219.1 сая ам.доллар байна. Энэ байдал цааш үргэлжилбэл, төсвийн алдагдал тэлэх эрсдэл нэмэгдэнэ. Гэхдээ жил бүрийн уламжлалт нөхцөл байдлыг харвал БНХАУ-ын зэсийн эрэлт хоёрдугаар улирлаас нэмэгддэг гэх ганц найдвар бий.

Нефть: Үнийн дайн

Сүүлийн долоо хоногийн турш таваарын захад шуугиан тарьсан бүтээгдэхүүн бол нефть. Ойрын саруудад тасралтгүй уналт үргэлжилж байсан нефтийн ханш Саудын Араб “үнийн дайн” эхлүүлж, нийлүүлэлтээ нэмэгдүүлэхээ мэдэгдсэний дараа шөнийн дотор 30 хувиар уруудсан билээ. Ингэснээр газрын тосны салбарт сүүлийн таван жилд хоёр дахь удаагаа “үнийн дайн” дэгдсэн юм. Өмнө нь 2016 онд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама улсынхаа газрын тос олборлогч компаниудад тавьсан экспортын хориг болон Иранд тавьсан хоригийг цуцалснаар зэх зээлд нийлүүлэлтийн илүүдэл үүсэж, үнийг 20 гаруй ам.доллар болтол унагаж байсан. Тухайн үед болсон үйл явдлыг АНУ ОХУ-ын эсрэг дайндаа Ираныг ашигласан гэдэг. Энэ удаагийн “үнийн дайн”-ыг зарим ажиглагчид АНУ Саудын Арабыг ОХУ, Иран, Венесуэль зэрэг дайснуудынхаа эсрэг тавьсан гэж дүгнэж байна. Энэ үйл явдлыг дотоодод уусган харвал, шатахуун импортлогч Монгол Улсад эерэг мэдээ мэт. Гэхдээ бас баярлахад эрт юм. Учир нь, нефтийн ханш унахад ОХУ татвараа нэмдэг. Мөн газрын тосны ханш огцом унасан шигээ эргээд огцом өсөхийг үгүйсгэхгүй гэдэг хувилбарыг ч дотоодын шинжээчид дэвшүүлээд буй. Тэгэхээр шатахууны үнийг дотоодод хамаагүй бууруулах нь эргээд огцом өсөхөд тэр хэмжээгээр нэмэх хэрэг гарна. Тэр үед инфляц “хөөрнө” гэдэг болгоомжлол байна. Харин хариуцагч байгууллагын зүгээс шатахууны үнийг бууруулна гэдгээ илэрхийлж байгаа. Дэлхийн зах зээл дэх нефтийн бүтээгдэхүүний ханшийн өсөлт, бууралт Монгол Улсад сарын дараа нөлөөгөө үзүүлдэг. Өөрөөр хэлбэл, Монгол Улс энэ сарын шатахууны импортоо өмнөх сард нь авдаг гэсэн үг. Энэ жишгээр гуравдугаар сард монголчуудын хэрэглэх шатахууныг хоёрдугаар сард авахад үнэн нь 58 ам.доллараар бууж орж ирсэн байна. Үүнийг төгрөгт шилжүүлэхэд, литрийн үнэ нь 100-120 төгрөгөөр буурсан гэдгийг АМГТГ-ын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр тайлбарласан. Харин энэ нь өмнөх оны ам.долларын ханшийн зөрүүтэй харьцуулан тооцоход литр бензин дээр 80 орчим төгрөгийн зөрүү гарч байгаа гэнэ. Тэгэхээр үлдсэн 40, 50 төгрөгөөр шатахууныг буулгахаар тооцсон гэдгээ тэрээр хэлсэн. Ийнхүү дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн ханш, тогтворгүй, савалгаатай байна. Үүнийг дагаад дотоодод үүсэх нөхцөл байдал ч тааварлашгүй байгаа юм