Коронавирус тахлын тархалтаас шалтгаалж Дэлхийн ихэнх улс орнууд их, дээд, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, үзвэр, үйлчилгээ, худалдааны газрууд, кино театр, номын дэлгүүрээ хаагаад байна. Мөн үүнтэй зэрэгцэн Southwest (SXSW), Coachella гэх мэт томоохон хөгжмийн наадам, дүрслэх урлагийн биенналь, олон улсын кино наадам, кино нээлтүүд, музей зэрэг хойшлогдож, үүдээ барилаа.
Хөгжмийн зохиолчоос кино зохиолч хүртэлх уран бүтээлчид уран бүтээлээ хаана хуваалцах, хэнд зарахаа мэдэхгүй байдал улам бүр нэмэгдсээр байна. Соёл, урлаг хүн төрөлхтнийг сэтгэлийн дарамт, айдас, хүлээснээс ангижруулдаг хамгийн том хүчин зүйлсийн нэг. Харин энэ цаг үед дэлхийн соёл, урлагийн ертөнц адилхан хямралд өртөж байгаа нь эдийн засаг, цаг хугацааны хувьд ихээхэн хохирол амсуулах нь ойлгомжтой юм.
Тэгвэл сүүлийн үед олон улсын алдартай уран бүтээлчид өөрсдийн цахим хуудсаар хүмүүст гэрээсээ гарахгүй байхыг уриалж, лайв, видео бичлэг зэргээр уран бүтээлээ хүргэх нь олширчээ.
Ихэнх шинэ кино үзэгчиддээ онлайнаар нээлтээ хийхээр төлөвлөжээ. Улмаар нээлтийн үзвэр үнэгүй байх бөгөөд найруулагчид киногоо зарж, театруудад үзүүлсэнээр тахал нэмэгдэхээс урьдчилан сэргийлэх аж. Netflix, Hulu гэх мэт платформууд шинээр нээлтээ хийхээр төлөвлөөд байсан кинонуудыг худалдаж авахаар яригдаж байна.
Мөн саяхан Hard Orange хамтлагийн шинэ LP Underneath-д зориулсан бичлэгийн шоу нэвтрүүлэг цуцлагдсан болсон ч үзэгчиддээ Roxian Theatre-ээс тоглолтыг Twitch-ээр шууд дамжуулжээ. Энэ мэт уран бүтээлчид бизнесээ зогсонги байдалд оруулахгүйн тулд аялан тоглолт, нээлт, фестиваль зэргийг цахимаар явуулахыг сонгох болжээ.