Эрин Олдрич.
1990-2000-аад онд АНУ-ын хөнгөн атлетикийн шигшээ багийн гишүүн байсан гурван бүсгүй дасгалжуулагчийнхаа бэлгийн дарамтад байсан тухайгаа олон нийтэд дэлгэлээ.
Тэднийг Лонда Бевинс, Жессика Жонсон, Эрин Олдрич гэх бөгөөд шигшээ багийн дасгалжуулагч Жон Рембаог буруутгасан байна. Энэ гурван бүсгүйгээс Эрин Олдрич нь олимпын наадамд оролцож явсан, амжилтаар арай ахиу нь тул өнгөө хоёроосоо илүүтэй олны өмнө гарч, илүү нээлттэй дуугарч байна. Түүний хэлснээр, Жон Рембао нь шигшээ багаас хасна, тэтгэлгийг нь цуцална, олимпод оролцох мөрөөдлийг нь үгүй хийнэ хэмээн сүрдүүлсээр санасандаа хүрсэн гэнэ. “Тэр сэтгэл санааны хувьд намайг 13 настайгаас эхэлж “бэлдсэн”. Тэгээд 18 нас дөнгөж хүрэв үү үгүй юу санасандаа хүрсэн. Тэгэхэд бид өсвөрийн ДАШТ-д оролцоод гадаад явж байсан. Энэ байдал жил үргэлжилж, Ж.Рембауг Аризонад очсоны дараа л зогссон. Тэгэхэд тэр Жессикатай холбоотой болсон учир тэгсэн юм билээ” гэж Эрин Олдрич ярьсан байна.
Жессика Жонсоны хувьд, дасгалжуулагч нь өрөөндөө дуудахаад нь тэрээр явж оржээ. Гэтэл шууд дайрч, хүзүүг нь долоосон аж. Тэгээд “Пүү, давстай байна” гэж хэлжээ. Бүсгүй болсон явдлын талаар тухайн үед нь гомдол гаргасан ч хэн ч хэрэгсээгүй аж. Энэ явдал бүсгүйн амжилтад нөлөөлж, тэрээр олимпод оролцох мөрөөдлөө биелүүлж чадалгүй спортоо орхижээ.
Жессика Жонсон.
Харин Лонда Бевинсийн хувьд, нөгөө хоёроосоо ялгаатай нь дасгалжуулагчтайгаа хуваарийн дагуу уулздаг байж. “Тэр намайг шууд өрөөндөө дууддаг байсан. Цугларалтад гарсан үед бол зочид буудлынхаа өрөөнд. Миний цалин, шигшээ багт эзлэх байр суурь, спортын ирээдүй гээд бүгд түүний гарт байсан болохоор би яаж ч чадаагүй” гэж тэрээр өгүүлжээ.
Харин дуулианы эзэн Жон Рембао энэ бүх буруутгалыг үгүйсгэсэн байна.
Жон Рембао.