Хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр ноолуур худалдан авагчдыг дэмжинэ

Ноолуур, алтны салбарын үйлдвэрлэл эдийн засгийг тогтвортой байлгах гарц

Шинэ төрлийн коронавирусийн халдварын тархалтаас үүдэн хүндэрч буй эдийн засгаа сэргээхийн тулд улс орнууд тодорхой арга хэмжээ авч байна. Манай улсын хувьд ч эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд тодорхой шийдлүүдийг гаргаж байгаа. Тэр дундаа эдийн засгаа тогтвортой байлгаж, идэвхжүүлэх зорилго тавьсан энэ онцгой цаг үед ноос ноолуур, алтны салбарын үйлдвэрлэл эдийн засгаа дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж тооцоолжээ.

Манай улсад самнасан ноолуурын экспортоос дөрөв хүртэл тэрбум, багадаа хоёр тэрбум ам.долларын орлого олох боломж бий. Үүнээс гадна бусад түүхий эдийн үнэ дэлхийн зах зээл дээр унаж уруудаж байхад алтны үнэ тасралтгүй өсөж, одоогийн байдлаар унци нь 1528 ам.долларт хүрээд буйг албаныхан хэлж буй.

Хөгжлийн банк 300 орчим тэрбум төгрөгийн зээл гаргахаар төлөвлөжээ

Энэ жилийн хувьд 10 орчим мянган тонн ноолуур бэлтгэгдэх гэнэ. Ноолуурын үнийг урьдын жишигт байлгаж, малчид, худалдан авагчдыг дэмжих үүднээс Хөгжлийн банкнаас бага хүүтэй зээл гаргахаар төлөвлөсөн байна. Энэ асуудлаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос байгуулсан ажлын хэсэг холбогдох судалгаа дүгнэлт хийж байгаа аж.  Үүний үндсэн дээр Засгийн газраас “Ноолуур” хөтөлбөрийг дэмжих арга хэмжээг батлан хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Хөгжлийн банкны санхүүжүүлэх зээлийн хэмжээ 300 орчим тэрбум төгрөг, хүү нь 12 хувь бөгөөд гурван хувийн хүүтэйгээр зээлдүүлж, хүүгийн зөрүү есөн хувийг татаас хэлбэрээр шийдвэрлэхээр ярилцаж байгаа аж. Энэхүү зээлийг зөвхөн ноолуур худалдан авахад зориулах, ноолуурын үнийг унагахгүй, өнгөрсөн жилийн түвшинд хадгалах, ийм замаар малчдаа дэмжих, орлогыг нэмэгдүүлэх, энэ үйл ажиллагаанд хатуу хяналт тавих нь чухал гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар ноос ноолуур, алтны салбарын холбогдох албаныхантай уулзах үеэрээ онцолсон юм.

Алтны үйлдвэрлэлийг дэмжихэд 425 тэрбум төгрөг шаардлагатай

Алтны салбарын хувьд үйлдвэрлэгчдээ дэмжих бодлогыг холбогдох салбарын яам баримталж байгаа бөгөөд шинээр олборлолт эрхлэх 66 төсөл бэлэн байгаа аж. Гэвч тусгай зөвшөөрөл олгох, хөрөнгө оруулалт, санхүүжилтээр дэмжих асуудал төвөгтэй байгааг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологи, уул уурхайн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Мөнхтөр онцолжээ. Нийтдээ 425 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа гэнэ.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Эрдэнэс Монгол” компанийн охин компани болох “Эрдэнэс алт ресурс” компанийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, лицензийг нь шийдэж, томоохон орд газар эзэмшүүлэх, МҮХАҮТ-тай хамтарч уул уурхайн салбарын шилдэг мэргэжилтнүүдээр бүрдсэн оператор ажиллуулах, ноолуурын үйлдвэрлэл, борлуулалтын чиглэлээр хувийн хэвшлийнхэн хувьцаа, бонд гаргахыг дэмжих, Малчдын корпораци байгуулах санаачилгыг бодит ажил хэрэг болгох зэргээр зохион байгуулалт, менежментийн шуурхай арга хэмжээ авч ажиллах хэрэгтэйг холбогдох албаныханд чиглэл болгов.