Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Коронавирусийн тархалттай холбоотойгоор эдийн засгийн нөхцөл байдлыг ярилцлаа. Өчигдөр Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралдсан. Иргэдийн хүсэлт, аж ахуйн нэгжүүдийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, тодорхой шийдвэр гаргасан” гэлээ.
Харин гаргасан шийдвэрийн талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Банкинд нийт 1000 аж ахуйн нэгжээс 1.5 их наяд төгрөгийн зээлтэй холбоотой асуудлаар санал тавьсан байна. Зохицуулалтын хүрээнд хэрхэн зөөллөх вэ гэдгээ ярилцлаа. Монголбанкны хувьд банкуудын хэвийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх журам байдаг. Активын ангиллын журмыг Сангийн сайдтай хамтран гаргадаг. Коронавирусийн өндөржүүлсэн бэлэн байдал зарласан хугацаанаас хойш гарсан хүндрэлүүдийн судалгааг гаргаж байгаа. Нийт зээлдэгчийн 90 гаруй хувь нь хэрэглээний зээл авсан байна. Тиймээс хэрэглээний зээлийг 90 хоногийн хугацаанд зээлийн хүү, үндсэн төлбөрийг төлөхгүй байхаар шийдвэрлэлээ" гэв. Энэ хугацаанд зээлийн үнэлгээ буурахгүй бөгөөд торгууль, төлбөр нэмэхгүй аж. Зээлийн хугацааг хойшлуулснаар иргэд гурван сарын төлбөрөө бөөнд нь төлөхгүй, харин 20 жилийн хугацаатай зээл 20 жил гурван сарын хугацаатай болж сунгагдаж байгаа юм. Хугацааг сунгахын тулд иргэд тухайн банкинд хандаж, гэрээ байгуулна.
Харин зээл төлөх боломжтой зээлдэгчид хугацааг хойшлуулахгүй зээлээ төлөх боломжтой.
Банкууд харилцагчийн өрхийн болоод гэр ахуйн хэрэгцээнд зориулсан бараа, бүтээгдэхүүн худалдан авах, амьдралын тэмдэглэлт үйл явдал түүнтэй холбогдон гарах санхүүгийн хэрэгцээг хангах зорилготой 30-50 сая хүртэлх төгрөгийн зээлийг хэрэглээний зээл хэмээн тодорхойлдог. Хэрэглээний зээлд цалин, тэтгэвэр, ипотек, өрхийн, хадгаламж барьцаалсан, сургалтын төлбөрийн, ногоон зээл гэх мэт хамаарах юм.
Түүнчлэн банк бус санхүүгийн байгууллагад зээл төлөх хуваарийг хоёроос дээш өөрчлөх нөхцөл бүрдүүлэх гэнэ.