Humana Fragilitas (Хүний эмзэг байдал). Зураач Сальватор Роза. 1657 он

Сонгодог уран зургийн бүтээлүүдэд тухай цаг үеийн нөхцөл байдлыг тусгах нь олонтаа. Хүн төрөлхтөнийг нөмөрсөн тахлын аюул гамшгийн тухай өгүүлсэн уран зургуудаас танилцуулж байна. Бараг 500-аад жилийн өмнө туурвисан эдгээр бүтээлүүд өнөө цагийн бидэнд ч тахлын аюулаас сэргийлэх санаа сэдэл өгнө гэж найдаж байна.

Апокалипсийн дөрвөн морьтон. 1496-98 оны үед хамаарах бүтээл

Альбрехт Дюрер: Дөрвөн морьтон  Уг бүтээлд үхлийн элчийг морьтноор төлөөлүүлж, тэдний туурайн дор дэлхийн ертөнц хүчин мөхөсдөж буй дүрсэлжээ. Илчлэлт номын энэхүү модон сийлбэрт хүн төрөлхтнийг мөхөөх гурван хүчин зүйлийг өгүүлдэг. Эдгээр нь дайн, өлсгөлөн ба тахал. Нум сум агссан морьтоноор тахлыг дүрсэлжээ. Учир нь тахал яг л тэнэсэн сум мэт хязгааргүй тархаж бороо мэт асгардаг гэж үздэг. 1347 онд хөлөг онгоцууд Крымээс Европт үхлийн тахал авчирсан юм. Дараагийн хэдэн жилд хар үхэл тивийн дор хаяж гуравны нэгийг устгажээ. Саяхан Лондон хотод хийсэн ДНХ-ийн шинжилгээгээр эдгээр дэгдэлтүүд нь Yersinia pestis бактерийн гаралтай гахайн тахал болохыг баталжээ.

Сальватор Роза: Хүний эмзэг байдал (1656) Эртний Европын хотууд аймшигт тахлыг даван туулж байв. 1956 онд Италийн Неаполь хотын иргэдийн тэн хагас буюу 200,000 гаруй хүн тахлаар нас барсан гэж үздэг. Розагийн энэ зураг үхлийн дуудлагыг дүрсэлжээ. Тэр 1656 оны тахлаас амьд гарсан боловч ойр дотны хүмүүсээ алджээ.

Титиан: Pietà (1575) Италийн зураач Титиан энэхүү бүтээлийг хар үхэл Венецийг нөмрөөд байхад зуржээ. Тэрбээр гэгээн Мариагийн дүрийн өмнө сөхөрч унасан өөрийгөө хагас нүцгэнээр дүрслэв. Түүний гэрээслэлийг сонсож буй хүү Оразио нь залбирч байна. Харамсалтай нь Титиан, Оразио хоёулаа 1576 онд тахлаар нас баржээ.

Антонио Занчи: The Virgin Appears to the Plague Victims (1666) Венецийн Скуола Гранд ди Сан Рокко нь хорио цээрийн дэглэмийг анх хэрэгжүүлж байсан түүхтэй. Хотод нэвтрэхийг хүссэн усан онгоцуудад 40 хоногийн хөл хорио тогтоох журам энд 1348 оноос хэрэгжиж байв. Хорио дуусмагц жуулчид шатан дээр гарах эрхтэй болох юм. Занчи энэ зурагтаа 1630 оны тахлыг дүрсэлжээ.

Рембрандт: Хендрикье Стоффелсийн хөрөг (1654) Нэрт зураач энэ зургаа өөрийн амраг Хендрикьед зориулжээ. Рембрандтыг бэлэвсэрсний дараа бүсгүй гэрийн үйлчлэгчээр ажиллаж байв. Хожим суут зураачийг дампуурч хоосроход тэжээн тэтгэж, хамтран амьдрах болжээ. Гунигтай нь Хендрикье аймшигт тахлын золиос болсон юм. Түүний үхэл Рембрандтын сүүлийн зургуудад сүүдрээ тусгасныг бид харж байна.

Геррит ван Хонтхорст: Гэгээн Себастиан (1623) Христийн шашны итгэл үнэмшилтэй хэмээн шийтгэгдсэн Ромын цэрэг Себастьяныг тахал өвчнөөс хамгаалагч сахиус хэмээсэн домогтой.  Хонтхорстын төрөлх нутаг Нидерландын Утрехт хот 1620-иад онд тахалд нэрвэгджээ. Тэр цөвүүн цагт бүтээсэн энэхүү зурагт үхлийн суманд өртсөн ч амьдрахын төлөө тэмцэж буй гэгээнтнийг дүрсэлжээ.

Караважо: Нигүүлслийн долоон үйл (1607) Европт дэгдсэн анхны их тахал бас нэгэн зовлон шаналал дагуулсан нь үхэгсдийг зохих ёсоор оршуулж чадаагүй явдал байв. Караважо уг бүтээлдээ Неаполь хотын гудамжинд амиа алдагсдыг нигүүлсэж буй сүсэгтэнүүдийг дүрсэлжээ. Шөнийн цагаар нууцаар оршуулга үйлдэхэд тахилч бамбар барин тусална.

Жованни Бокачио нэгэнтээ Флоренц дахь хар үхлийн тухай цогцсуудыг зүгээр л гудамжинд ил хаядаг байсан тухай өгүүлсэн. Сүүлд хийсэн малтлага судалгаагаар золгүй хүмүүсийг "Тахлын нүх" гээч рүү шидэж орхисон нийтийн булш олдсон билээ.

Катерина де Жулианис: Цаг хугацаа ба үхэл (1727)

Бубон тахлын ээлжит дайрлага 18-р зууны эхээр Европыг нөмрөв. Үүний хамгийн том сүйрэл нь 1720 онд Марсель хотод болсон гэдэг. Неаполийн нэгэн гэлэнмаа өөрийн ой тойнд үлдсэн гунигт дурсамжийг лааны тосон баримал болгосныг та харж байна.