УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөл цахимаар хуралдлаа. Хуралдаанд УИХ-ын дарга Г.Занданшатар болон УИХ-ын гишүүд, Байнгын хорооны дарга нар оролцлоо. Хуралдаанаар УИХ-ын чуулган, Байнгын хорооны хуралдаан, ажлын хэсгийн хурал, хэлэлцүүлгүүдийг цахимаар явуулах техникийн боломж, шаардлага, анхаарах асуудлын талаар ярилцсан юм.

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "Ажлын хэсгийн хурал болон хэлэлцүүлгүүдийг цахимаар явуулах бүрэн боломжтой. Харин чуулганы нэгдсэн хуралдаан болон Байнгын хорооны хуралдааныг цахимаар явуулах үед УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль зөрчигдөх асуудал яригдаж байгаа. Учир нь гишүүд саналаа өгөхдөө биеийн давхцахгүй өгөгдөл буюу хурууны хээгээрээ санал өгнө гэж уг хуульд заасан байдаг. Харин даргын дэргэдэх Зөвлөлийн хуралдааны журамд онлайнаар буюу цахимаар хуралдаж болно гэж заасан байдаг. Цаашид нийт гишүүд энэ программаар харилцаж, асуудлаа ярилцаж байя. Дэгийн тухай хуульд биеийн давхцахгүй өгөгдлөөр ирцэд бүртгүүлэхээр заасан байдаг. Мөн саналаа гараа өргөж өгч болно гэсэн заалт ч бий. Тэгэхээр онлайнаар саналаа өгөх боломж байна. Гэхдээ сайтар судалж, хуульчдын дүгнэлт гаргуулах замаар нэгдсэн ойлголцолд хүрэх талаар бид судалж байгаа" гэсэн юм.  Тэрээр үргэлжлүүлэн  "Хүнсний барааны хомсдолоос сэргийлэх, ариун цэврийн бодис, хамгаалалтын хэрэгслийн хүрэлцээг сайжруулах, зээлийн хүүг бууруулах, хөнгөлөх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх чиглэлээр Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголбанк зэрэг холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна. ҮАБЗ дээр ч асуудлыг ярилцаж байгаа" гэв.