Долоо хоног тутмын “Үндэстний ТОЙМ”  сэтгүүлийн 437 дахь дугаар уншигчдын гар дээр очиж байна. Шинэ дугаарын нийтлэлүүдэд хөндөгдсөн онцлох ЕСӨН САНААг хуваалцъя.

Санаа 1: Эцгийнх нь өрийг хүүгийнх нь мөнгөөр дарчихаад...

Ингээд ажилгүй газраас ажил гарч, Засгийн газар өнөө л үйлтэй “Эрдэнэс Монгол” компаниас 6 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай бонд гаргаж 6 сая хүртэлх тэтгэвэрийн зээлийг нэг удаа тэглэх болов... Иргэдээ ялгаварласан болохгүйн тулд тэтгэврийн зээл аваагүй 190 гаруй мянган хүнд 2021 оны тавдугаар сард олгох мөнгөжих бонд ч гэсэн “Эрдэнэс” бондтой хамт гарч байгаа. Харин бондын төлбөрийг хэрхэн хийхээ ямар ч дарга ярьсангүй.

2025 онд бид улсаараа өөр гариг дээр оччихгүй, эсвэл өрөнд баригдсан улсын сан гэнэт дүүрчихгүй учраас иргэдийн татварын мөнгөнөөс л төлөх нь ойлгомжтой. Төлсөөр ч байгаа. Тэгэхээр өнөө маргааштаа улс төрийн эрх авах гэсэн улстөрчдийн сайхан амлалтыг бид ирээдүйд олох мөнгөнөөсөө төлж байгаа хэрэг. Эцгийнх нь өрийг хүүгийнх нь мөнгөөр дарчихаад гэрийнх нь зурагтаар сайн хүний дүр эсгэн оргилуун дарс өргөчихсөн хэрэг.

Тоймч Я.Баяраа

“ТЭГ РҮҮ ТЭМҮҮЛЭХ ХҮЧ” нийтлэлээс...

Санаа 2: Монгол Улс Гүржийн араас орох нь ээ!

“Гүржийн мөрөөдөл” намын  лидер Бизина Иванишвили бол Гүржийн нийгмийн бүхий л салбарт хуруугаа дүрсэн олигархи. Урлаг соёлын томоохон театруудаас эхлээд олимпын спортын шигшээд, Гүржийн нэр нүүр болсон бөхийн Жүдо, Чөлөөтийн холбоод түүний түрийвчийг л харна.

Гэтэл 2018 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр өөрийн улс төрийн гол өрсөлдөгч Михаил Саакашвилиг ... улс төрд эргүүлж авчирахгүйн тулд Иванишвили 3.7 сая хүн амтай энэ орны сонгогчдыг улаан цайм худалдан авах ажиллагаа зохион байгуулжээ ...Эрх баригчид 760 ам.доллараас дээш зээлтэй 600 000 иргэнийхээ өрийг тэглэх энэ гайхамшигт хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн...  Энэ бол улс орны нийт сонгогчдыг 16 хувьд хүрсэн асар том санал худалдан авалт байсныг өрнө дахин хөндлөнгийн ажиглагчид тэмдэглэсэн  ...Зээл тэглэлээ гээд гүржүүдийн амьдрал сайжирсангүй. Сүүлийн нэг жилийн турш тэмцэл, цуглаан тасарсангүй. Сөрөг хүчин ирэх 2020 онд болох парламентын сонгуулийг пропорциональ системээр явуулахыг шаардаж, нийслэлийн гудамжинд бэхлэлт босгон тэмцэж буй юм.

Удахгүй Монголд ч “тэглэх” уралдаан эхэлнэ ... Тэг рүү тэмүүлэх улстөрчдийн хүч манай улсыг Гүржийн өнөөгийн байдлаас ч долоон дор нөхцөл түлхэх нь цаг хугацааны л асуудал. Бүрэнхий энэ бодит байдлыг бүх нийтийн сонгуулиараа бид бий болгосон билээ.

Тоймч Я.Баяраа

“ТЭГ РҮҮ ТЭМҮҮЛЭХ ХҮЧ” нийтлэлээс...

Санаа 3: Улс төрийн ХАОС

Уг номоороо бол улс төрийн намуудад үзэл баримтлал гэж бий. Харамсалтай нь манайд үзэл баримтлалтай улс төрийн хүчин үгүй болжээ. Популизмаас өөр зүйл санал болгох, сэтгэх чадваргүй улс төрийн бүлэглэлүүд намуудын үзэл баримтлал, үнэт зүйлийг үгүй хийж, үр дүнд хоёр улс төрийн хүчин нь дээгүүрээ ханцуй нэгдэн, эрлийзжээ. Найдлага тавьж буй шинэ хүчнүүд ч хуучин намуудын хавсарга, тавиулууд гэдэг нь нүдэн дээр ил болж ирлээ.

Үүнийг МАНАН гэнэ үү, юу гэнэв хамаагүй. Ямартай ч манай улс төр өнөөдөр хаос байдалд орчихлоо. Намуудад үлдсэн сүүлчийн амь, үзэл санаагаараа нэгдсэн дэмжигчид ирэх сонгуулиар цацагдах улс орны эдийн засгийг “тэглэх” санаачлагуудын дараа нүүр буруулна. Ингээд оршин тогтнолын хувьд “тэг” цэг дээрээ очиж таарна. Харамсалтай нь үр дагаврыг нь улс орны эдийн засаг үүрч гарна.

Тоймч Я.Баяраа

“ТЭГ РҮҮ ТЭМҮҮЛЭХ ХҮЧ” нийтлэлээс...

Санаа 4: Мөрийн хөтөлбөрөө хүргүүлэхэд 9 хоног үлдлээ.

Хуулиараа гуравдугаар сарын 25- наас өмнө нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө баталж, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлэх учиртай. Харин коронавирусийн тархалттай холбоотойгоор манай улс гуравдугаар сарын 30 хүртэл олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглоод байна. Одоогоор Сонгуулийн ерөнхий хороо Улсын онцгой комисст албан бичиг хүргүүлж, уг асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар чиглэл авахаар болжээ.

Үүний дараа СЕХ Онцгой комиссын чиглэлийн дагуу улс төрийн нам, эвслүүдэд төлөөллийн төв байгууллагаа хэрхэн хуралдуулах талаар зөвлөмж өгөх чигтэй байна. Хэрвээ намын гишүүд биечлэн хуралдаж чадахгүй бол онлайн хурал хийх боломж бас бий. Цаашлаад мөрийн хөтөлбөр батлах гэлтгүй, танилцуулах, сурталчлах, нэр дэвшигчдийн сурталчилгаа гээд сонгуулийн зарим үйл ажиллагаа цахимжих чигтэй боллоо.

Нийтлэлч Б.Цэнд-Аюуш

“Мөрийн хөтөлбөрийн ажиг сураг” нийтлэлээс...

Санаа 5: Үл хөдлөх хөрөнгийн түрээсийн орлогоос татвар авъя!

Монголд сайн зохион байгуулж хэрэгжүүлбэл үл хөдлөх хөрөнгийн түрээсийн орлогоос татвар авч, цаашдаа түрээслэгч, түрээслүүлэгчийн аль алиныг нь бодлогоор дэмжих боломж бий.

...Эдүгээ амжилттай хэрэгжиж байгаа НӨАТ-ын “ибаримт” сүлжээний зохион байгуулалтыг энэ ажилд ашиглаж болно. Өөрөөр хэлбэл, үл хөдлөх хөрөнгө түрээслэж үйл ажиллагаа явуулж байгаа иргэн төлбөрийн хэмжээгээ мэдүүлж, тодорхой хөнгөлөлт авдаг болно гэсэн үг. Төр мэдүүлгийн дагуу түрээслүүлэгчээс орлогын албан татвараа авна. Энэ татвараас нь даатгалын мөнгийг төлдөг болох гэх мэт идэвхжүүлэлтийг хийж болно. Мөн цар тахлын халдвар гэх мэт давагдашгүй хүчин зүйл үүслээ гэхэд татвараас чөлөөлөх гэх мэтээр нөлөөлөх боломж бүрдэх юм.

Тоймч Х.Батсайхан

“Далд халаасаа ил болгоё!” нийтлэлээс...

Санаа 6: Зэсийн үнэ унаж байна!

Эдийн засгийн “эмч” гэж нэрлэгддэг зэсийн тухайд ханшийн график уруугаа чиглээд удаж байна. Сүүлийн сар гаруй хугацаанд гэхэд ханш 30 орчим хувиар унасан юм.

…Монгол Улс экспортын боломжоо алдсаар, гадаад худалдааны үзүүлэлтүүд таагүй гарсаар байна. Энэ оны хоёрдугаар сарын байдлаар экспортын орлого 322 тэрбум ам.доллар буюу 29.5 хувиар буурсан үзүүлэлт юм. Өнгөрсөн оны эхний хоёр сард Монгол Улс нэг тэрбум ам.долларын экспорт хийсэн бол энэ онд экспортын орлого ердөө 770 сая ам.доллар байна. Экспортод гаргасан зэсийн баяжмал 37.1 мянган тонноор, орлого нь 90 сая ам.доллараар буурч 219.1 сая ам.доллар байна. Энэ байдал цааш үргэлжилбэл, төсвийн алдагдал тэлэх эрсдэл нэмэгдэнэ.

Нийтлэлч Б.Болор-Эрдэнэ

“Үнэт малтмал”-ын үнийн зураглал нийтлэлээс...

Санаа 7: Хүн бүрийн алган дээр юм шиг амьдрахаас залхах цаг айсуй…

2040 он гэхэд #MeToo ба Black Lives Matter гэх мэт хөдөлгөөнүүд улам хүчээ авч урлагийн эргэн тойронд үргэлж оршин байдаг улс төр, байгаль орчин, хилийн асуудал, шилжилт хөдөлгөөний тулгамдсан асуудлаас үүдэн урлагийн төрөл улам өргөн болж, бидний одоогийн “урлаг урлаг биш” болж магадгүй гэлээ. Ирээдүйд, бид хүн бүрийн алган дээр юм шиг амьдрахаас залхаж, хувийн нууцаа зөвхөн өөртөө л хадгалахыг илүүтэй хүсэх болно. Яг л хорьдугаар зуунаас өмнөх шиг...

Нийтлэлч Н.Даваасүрэн

“Дүрслэх урлагийн дүр төрх 20 ЖИЛИЙН ДАРАА ЯМАР БАЙХ БОЛ?” нийтлэлээс...

Санаа 8: Коронавирусээс болж Хятад үндэсний уламжлалт сэтгэлгээ, хэрэглээг ч өөрчлөгдөнө...

Хоёрдугаар сарын сүүлчээр Хятадын Засгийн газар экологи, шинжлэх ухаан, нийгмийн ач холбогдол бүхий зэрлэг амьтан, ургамлын хэрэглээг хязгаарлаж, зэрлэг амьтан үржүүлдэг фермүүдийн үйл ажиллагааг түр хугацаагаар хориглов. Энэ ондоо багтаад зэрлэг ан амьтдын худалдааг хязгаарлах хууль батлахаар төлөвлөж байна. Коронавирусийн халдвартай холбоотойгоор Хятадын иргэд, олон нийтийн зэрлэг амьтан ургамлын хэрэглээтэй холбоотой санал бодол ч нэлээд өөрчлөгдсөнийг харууллаа. Энэ сараас Хятад даяар зэрлэг амьтдыг амьдаар нь зардаг захуудыг хааж, зэрлэг амьтдыг хүнсэнд хэрэглэх зорилгоор агнах, тээвэрлэхийг бүрэн хоригложээ.

...Ши Жиньпин 130 тэрбум ам.доллар эргэлддэг уламжлалт анагаах ухааныг Хятадын соёлын салшгүй хэсэг гэж тодорхойлчихсон. Тэгэхээр Хятадын Коммунист нам хааж, хориглоод зогсохгүй Хятад үндэсний уламжлалт сэтгэлгээ, хэрэглээг ч өөрчлөх шаардлагатайг илтгэж байна.

Тоймч Г.Ганбаяр

“Ши Жиньпин зэрлэг амьтан, ургамлын худалдааг хязгаарлаж чадах уу?” нийтлэлээс...

Санаа 9: Спортын салбар ямагт тахлын эхний хохирогч болдог...

“Испани ханиад”-наас хойших 100 жилд дэлхийд олныг хамарсан халдварт өвчин нэг бус удаа гарсан. 1957 онд Азийн ханиад хэмээх цар тахал нэг сая хүний амийг авч одсон бол 2009 онд дэгдсэн гахайн ханиад 20 гаруй мянган хүний үхлийн шалтгаан болж байлаа. Эбола вирусийн улмаас 11 000 хүн нас барсан ч Төв Африкт одоо болтол тохиолдол гарсаар л байна.

Анагаах ухааны хөгжил, хорио цээрийн дэглэмийг сахиснаар ямар ч тахлыг ялах чадалтай болсон. Гэхдээ ийм тохиолдол гарах бүрт, олныг хамарсан үйл явдал гэдэг утгаараа спортын салбар ямагт хамгийн эхний хохирогч болж иржээ.

Тоймч Х.Батсайхан

“Спорт цар тахлын золиос болсон тохиолдлууд” нийтлэлээс...