АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй үл хөдлөх хөрөнгийн магнат, тэрбумтан Доналд Трамп 30 гаруй хүний амь эрсэдсэн Брюсселийн халдалыг "дөнгөж эхлэл" гэжээ. Тэрээр АНУ-ын Ерөнхийлөгчийн урьдчилсан сунгаанд Бүгд найрамдах нам дотроо тэргүүлж яваа билээ.
Доналд Трамп “Брюссель бол үзэсгэлэнт газар. Гэмт хэрэг хамгийн бага гардаг дэлхийн хамгийн тайван бүсүүдийн нэг. Харин одоо гамшгийн хот боллоо. Тиймээс АНУ ч болгоомжлох хэрэгтэй. Бид бүхэн өндөр сонор сэрэмжтэй байх нь чухал. Магадгүй энэ халдлага дөнгөж эхлэл нь. Ахиж ийм зүйл болохыг хэн ч үгүйсгэхгүй” хэмээн Fox News агентлагт ярилцлага өгөхдөө цохон тэмдэглэсэн байна.
Тэрээр “Хэрэв би АНУ-ын Ерөнхийлөгч болвол манай улсад ийм зүйл тохиолдохыг хэзээ ч зөвшөөрөхгүй. Ийм зүйл болсон ч тэдгээр хүмүүсийг олоод тарчлаан зовоох болно” гэжээ.
Трамп 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхдөө улсын аюулгүй байдал хийгээд цагаачлалын асуудал дээр хатуу хандана гэдгээ мөрийн хөтөлбөртөө тусгаж өгсөн. Түүнчлэн АНУ-ын эсрэг үйл ажиллагаа явуулсан, явуулахыг завдсан алан хядах бүлэглэлийнхэнтэй хатуу тэмцэхээ хэлж, тэдгээр хүмүүсийг эрүүдэн шүүх хатуу байцаалтын арга техникийг ашиглахаа зарлаад буй. Тэр дундаа “усан тавцан” хэмээх эрүү шүүлтийг дахин хэрэглэж эхэлнэ гэдгийг хэлсэн юм. Энэ нь сэжигтнээс байцаалт авахын тулд толгойг нь усанд дүрэх эрүү шүүлтийн тактик бөгөөд 2009 онд Ерөнхийлөгч Барак Обама уг эрүүл шүүлтийг хориглож байжээ.