Монголд өнөөдөр коронавирусийн халдвар бүртгэгдээгүй ч үүнтэй холбогдоогүй юм алга. Энэ аюулт тахал Монголын нийгэм, эдийн засаг, улс төр гэх мэт бүхий л салбарт нөлөөгөө үзүүлсээр байна. Үүнээс шалтгаалсан хориг, хөл хорио, хязгаарлалт үргэлжилсээр. Гэхдээ аливаа юм хоёр талтай байдгийн жишгээр эерэг, сөрөг нөлөөг монголчуудад үзүүлж байгаа юм. Тэр утгаараа коронавирусийн тархалт намжсаны дараа ч Монголд боломж, бэрхшээл хосолсоор үлдэх нь.

30 мянган хонио 300 мянга болгоё

Бэлгэдлээ бодож боломжоос эхэлье. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн сарын 28-нд БНХАУ-д айлчлав. Дэлхий нийтийг айдаст автуулсан вирусийн голомтын бүсэд гайхаш, бахархал, эгдүүцэл төрүүлэн айлчлахдаа өмнөд хөршдөө 30 мянган хониор бэлэг барьсан юм. Үүнтэй зэрэгцэн аюул дунд ганцаараа цэнхэртэн үлдсэн Монгол үндэстний хүнсний хэрэглээ, генийг судлах үйл ч эхлээд байна. Энэ нь мэдээж монголчуудын нүүдэлчин ахуйтай уялдана. Өнөөдөр дэлхий дахинд Монголын мал өвчлөл ихтэй, эрсдэлтэй гэдгээр л чих халууцуулахаас бус нөхөн сэргээгддэг буюу мал аж ахуйн бүтээгдэхүүнээр валют олж базаасан түүх үгүй. Манай махны экпсортын тэргүүнд бичигддэг БНХАУ гэхэд Монголоос адууны мах ихэвчлэн авахаас богийн мах авдаггүй. Өнгөрсөн онд гэхэд Монгол Улс махны экспортоос 132.2 сая ам.доллар олсон. Үүний 57.7 сая ам.доллар нь адууны мах байгаа юм. Гэвч Монгол Улс 70 сая мал тоолуулсны 32 сая нь хонь, 29 сая нь ямаа. Харин адууны тоо толгой эдгээрээс тав дахин бага. Тиймээс энэ боломжоо ашиглан Ерөнхийлөгчийн бэлэглэсэн 30 мянган хонио 300 мянга болгоё. Үүний цаана зөвхөн хонийг биш дөрвөн хошуу малын махны тухай дурдаж байгааг ойлгох биз. Ингэхийн тулд малаа эрүүл болгож, Монголын мал өвчтэй гэдэг ойлголтоос салъя. Өнөөдөр Монголын малчин бүр малын эмч болсон нь нуух зүйлгүй үнэн. Дур мэдэн малдаа ивамек тарьж, эм өгдөг. Хавар өвлийн цагт улсаас нэгдсэн журмаар тарих вакцин нь ч чанаргүй, үр дүнгээ өгдөггүй бүр далд бизнес болсон гэдэг нь аман яриа биш. Салбарын төлөөлөгч нь ч “Шүлхий тараадаг, вакциныг нь авч ирж зардаг мафийн бүлэглэл Монголд бий болсон” гэж ярьсан удаатай. Харин энэ байдлаасаа салж, бэрхшээлээ боломж болгоё.

Боломжгүй нь сугарч үлд

Одоогийн үүсээд байгаа нөхцөл нийт монголчуудад эдийн засгаар дамжин бэрхшээл болон нөлөөлөх нь дамжиггүй. Тэр тусмаа 70 уньтай, тооно нь хэврэг, ганц баганатай Монголын эдийн засагт нөлөөлөл нь хүчтэй ирэх нь тодорхой. Вирус ДЭМБ-д анх бүртгэгдээд 70 гаруй хоног, Монголд нөлөөлөл нь мэдрэгдээд сар гаруй хугацаа өнгөрсөн. Ингэхэд төсвийн орлого 210 тэрбумаар тасарч, гол эрдсийн экспорт нь, дагуул бүтээгдэхүүнээ дагуулан зогссон нь ирэх саруудад бүсээ илүү чангалахыг сануулж буй хэрэг. Бүр цаашлаад төсвийн орлого их наядаар тасрах тооцоо гарсныг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлсэн. Энэ хэрээр эдийн засгийн бусад сувагт орох мөнгөн урсгал буурна гэсэн үг. Гэтэл дээрх сувгууд нь Батын, Доржийн өрхийн орлого, идэх, уух, өмсөх зүүхтэй нь шууд холбоотой.

Үүнээс гадна боловсролын салбарт эрсдэл тулж ирсэн байна. Өнгөрсөн долоо хоногт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаас төгсөлтийн болон улсын шалгалт авахгүй байхаар шийдвэрлэсэн. Мөн дөрөвдүгээр сард ЭЕШ-д оролцох сурагчдаас авах монгол хэл бичгийн шалгалтыг цуцалсан. Энэ талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг хэлэхдээ “Сурагчдаас анги төгсөх болон улсын шалгалт авахгүй. Харин төгсөх ангийн сурагчдаас ЭЕШ авна. Хичээлийн явцын дүнгээрээ төгсөлтөө дүгнүүлнэ” гэсэн юм. Одоогоор сурагчид теле хичээл үзэж, оюутнууд онлайнаар даалгавар авах маягаар хичээлээ судалж байна. Мэдээж ингэхдээ улирлын хичээлийг хэд дахин товчилж байгаа. Тэгэхээр их, дээд, ЕБС-ийн сурагчид хамгийн багадаа нэг улирлын, цаашлаад хоёр улирлын хичээлийн хоцрогдлыг амсана. Энэ жилийн хувьд улсын хэмжээнд нийт 28000 гаруй сурагч ерөнхий боловсролын 12 дугаар анги төгсөж байгаа. Үүн дээр өмнөх онуудад төгссөн их, дээд сургуульд элсэж амжаагүй 4000 орчим хүн буюу нийт 32000 орчим хүн ЭЕШ өгнө гэсэн урьдчилсан тооцоолол бий. ЭЕШ-д бэлтгэгчдийн хувьд нэг талаараа массаараа хамгийн муу оноо авдаг буюу 500-гийн босгыг давдаггүй монгол хэл, бичгийн шалгалтаас чөлөөлөгдөнө. Нөгөө талаараа нийтээрээ танхимын боловсрол авахгүй, сургуулийнхаа сонгон судлах хичээлд суухгүй нь. Боломжтой нь гэрийн багш хөлслөөд, боломжгүй нь сугарч үлдэнэ.

Боломж уу, бэрхшээл үү?

Коронавирусийн тархалтын дараа Монголд болох нэг зүйл нь цаг хугацааны хувьд яг таг таарсан УИХ-ын ээлжит сонгууль. Вирусийн тархалтаар далимдуулж, зургадугаар сарын сонгууль хүртэл үйл явдлыг өргөжүүлж байна уу гэдэг нь тодорхойгүй ч ингэж хардах үндэслэлүүд байгаа юм. Нэг талаараа эрх баригчид цаг алдахгүй ажиллаж, хязгаарлалт, хориог хийж байна. Зарим улсын нислэгийг цуцлах, гадаадын иргэдэд хилийн хориг тавих гэх мэт шийдвэр гаргаж, халдварын оргил үе дотоодын улирлын томуутай давхцах үед арга хэмжээгээ авсан.

Урд хөршийн сургамжаар уламжлалт Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх уриалга гаргаж, хөл хорио тогтоосон. Харин сүүлийн үед гаргаж байгаа шийдвэрүүд нь бодит байдалтайгаа уялдахаа болиод, үйл явдлыг сүржүүлж, ирэх сонгууль хүртэл нэр хүндээ авч үлдэх гэсэн үйлдлээр солигдож байна. Эхлээд үнэхээр вирустэй тэмцэж байсан бол тэр үр дүнгээ ирэх сонгуульд ашиглахаар зэхэж гэж хэлж болохоор. Жишээлбэл, өнгөрсөн сарын 29-нд баар, цэнгээний газар, караоке,зочид буудал, фитнесс, иог тэргүүтэй газрын үйл ажиллагааг хязгаарласан. Ингэснээр 2000 орчим үйлчилгээний байгууллагын ажиллагсдын орлогыг хаасан. Үүнийгээ вирусээс урьдчилан сэргийлэх гэдэг утгаар тайлбарлаж байгаа. Угтаа бол хилийн хориг, хяналтаа сайжруулахад л болмоор. Гэвч тэгсэнгүй. Энэ үйл явдлын дараа “Эрх баригчид маш сайн арга хэмжээ авч байна” гэж олон нийт шагшиж байна.

Мэдээж ингэж л шагшуулах гэж үйл явдлыг улам дэвэргэж, олон нийтэд өөр юм бодох завдал өгөлгүй хааж, хорьж, хязгаарлаж байгаа юм. Гэтэл зарим талаараа энэ үйл явдал нь вирусээс урьдчилан сэргийлэх аргатай нь зөрчилдөж байна. Тухайлбал, “Вирусээс сэргийлэхийн тулд дархлаагаа дэмж” гэдэг зөвлөгөөг салбарын яам нь өгсөн хэрнээ Онцгой комисс нь дархлаагаа дэмжихэд нь саад болсон шийдвэр (фитнессийн үйл ажиллагааг хаах, уул, цэвэр агаарт гарахыг хориглох) гаргадаг. Энэ нь үйл явдал вирусээс урьдчилан сэргийлэх зорилгоосоо халиад улс төрийн шинж орж ирсний илрэл юм. Ингэхээр коронавирусийн тархалт зогссоны дараа хэдэн сараар хаалгаа барьж, үйл ажиллагаагаа хязгаарлуулсан орлогогүй, мөнгөгүй аж ахуйн нэгжүүд, ажлаа сайн гэж цоллуулж, нэр хүндтэйгээр ээлжит сонгуультайгаа золгосон парламент л үлдэнэ. Товчхондоо шийдвэр гаргагчид энэ бол боломж, иргэдэд бэрхшээл юм.