Өчигдөр буюу гуравдугаар сарын 22-ны өдөр Бельгийн нийслэл Брюссельд дараалсан гурван дэлбэрэлт болсон билээ. Тэгвэл уг халдлагын сэжигтнийг орон нутгийн цагдаа нар эрэн сурвалжилж эхлээд байна. ISIS буюу Исламын улс бүлэглэлийнхэн цахим хуудсаараа дамжуулан 30 гаруй хүний аминд хүрсэн уг террорист халдлагыг зохион байгуулснаа мэдэгдсэн юм. Гэвч тэднийг бүгд амиа золиослогчид байсан хэмээн хэлээд байж.

Харин эхний хоёр халдлага болсон Завентем нисэх онгоцны буудлын хяналтын камерын бичлэгээс халдлагыг үйлдсэн байж болзошгүй гурван сэжигтнийг илрүүлсэн тухай эх сурвалжууд мэдээлж байна.

Бичлэг дээрх хоёр залууг амиа золиослогчид гэж үзэж байгаа аж. Харин цагаан хүрэмтэй, малгай өмссөн этгээд хэргийн газраас зугтсан бөгөөд орон даяар эрэн сурвалжилж байгаа юм. Эрэн сурвалжлах ажлын явцад Брюсселийн Шаэрбэкийн орон сууцны барилгаас тэсрэх бөмбөг болон Исламын улсын туг олдсон тухай Бельгийн прокурор Фредерик Ван Леу мэдэгджээ.

30 гаруй хүний амийг хөнөөж, 230 хүнийг шархдуулсан энэ халдлага өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын Парисын халдлагаас хойш Европт болсон хамгийн том халдлага болжээ. Эргэн сануулахад, Парисын халдлагаар 130 гаруй хүн амь насаа алдсан юм. Түүнчлэн Парисын халдлагын гол сэжигтэнг баривчилснаас дөрвөн хоногийн дараа Брюсселийн халдлага гарсан нь эдгээр хэргүүд хоорондоо нягт холбоотой гэдэгт мөрдөгчид эргэлзэхгүй байгаа гэнэ.