-Хөгжлийг мөнгөөр бус бодлогоор бий болгодог-

Эдийн засагч Н.Энхтайвантай ярилцлаа. Бидний яриа эдийн засгийн хөгжлийн гарц, өр зээлд баримтлах бодлого, гадаадын хөрөнгө оруулалтыг хэрхэн татах гээд өргөн хүрээнд өрнөсөн юм. Мэдээж Монгол Улсын хөгжлийн гол бүрэлдэхүүн болох гадаад худалдаа, худалдааны бодлогыг тойрсон асуудлаар ч ярилцсан.

Ямар ч бодлого, төлөвлөгөөгүй, манан дотор гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхгүй

-Гадаадын хөрөнгө оруулалтыг өмнөх жилүүдтэй харьцуулахад үндсэндээ “0” заалаа. Үргээсэн хөрөнгө оруулагчдыг татахын тулд нэн түрүүнд ямар алхам хийх ёстой юм бэ?

-Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль 1990 онд гарснаас хойш Монголд гадаадыхан хөрөнгө оруулалт орж ирэх үүд хаалга нээгдсэн. Үүнээс хойш 2005 он хүртэл 15 жилийн хугацааанд манай улсад ердөө нийт 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсэн байдаг юм. Гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхэд ямар их хугацаа шаардлагатай байдгийг энэ жишээн дээрээс харж болно. Хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдсээр байгаад 2010 онд Монгол Улсад нэг жилийн дотор анх удаа 1 тэрбум ам.доллрын хөрөнгө оруулалт орж ирсэн. Дараа нь 2011 онд манайд 5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсэн. Удаан хугацааны шалгуурын дараа Монголд хөрөнгө оруулж болох эсэхээ гадныхан тооцоолдог. 2010 онд нэг тэрбум, 2011 онд таван тэрбум ам.доллар гэдэг бол Монголд гадныхны тавьсан үнэлгээ. Эдийн засгийн нөхцөл байдал нь улам сайжрах юм байна гэдгийг гадаадын хөрөнгө оруулагчид тооцоолсон гэсэн үг. Гэхдээ 2012 оны хагасаас гадаадын хөрөнгө оруулалт хумигдаж эхэлсэн. Тоо баримт дурдвал, 2012 оны жилийн эцэст Монголд оруулж байсан хөрөнгө оруулалтын хэмжээ 3.5 тэрбум ам.доллар байсан бол 2013 оноос эрс буурч эхэлсэн. Одоогийн нөхцөлд гадаадын хөрөнгө оруулалт “0” хэмжээнд хүрээд байна. Үүнээс дүгнэхэд сайн нэрийг олж авахын тулд асар их хугацаа шаардагддаг юм байна. Муу нэрийг олж авахад хугацаа шаардагддаггүй юм байна. Эргээд хөрөнгө оруулалтыг сэргээх ямар арга зам хайх вэ гэдгийг бодох ёстой. Хамгийн түрүүнд Монгол Улс эдийн засгийн хөгжлийн маш тогтвортой бодлого, хөтөлбөр, төлөвлөлт гаргах ёстой юм. Монгол Улс ямар алсын хараа, хөтөлбөрөөр явж байна вэ гэдгийг харж судалсны дараа гадаадын хөрөнгө оруулагч мөнгөө оруулдаг. Ямар ч бодлого, төлөвлөгөөгүй, манан дотор гадны хөрөнгө оруулалт орж ирэхгүй.

-Бодлого тодорхой байх ёстой гэлээ. Тэр тодорхой бодлого нь яг ямар байх ёстой юм бол?

Одоогийн нөхцөлд гадаадын хөрөнгө оруулалт “0” хэмжээнд хүрээд байна. Үүнээс дүгнэхэд сайн нэрийг олж авахын тулд асар их хугацаа шаардагддаг юм байна

-Хөгжлийн хамгийн том асуудал болох бодлого тодорхой болсны дараа хөрөнгө оруулалтын асуудлыг ярих хэрэгтэй. Хөрөнгө, мөнгөтэй байгаад бодлогогүй байвал улс орон хөгжихгүй. 2011, 2012 онд манай улс түүхэндээ хамгийн их мөнгөтэй орон байсан. “Чингис”, “Самурай”, Хөгжлийн банкны бонд, Монголбанк өөрсдөө дөрвөн их наяд төгрөг хэвлэсэн гээд тоочвол олон. Бодлогогүй явснаас эдийн засаг унаж, хөрөнгө оруулагчид ч үргэдэг юм байна. Бодлоготой орон хөгждөг бэлэн жишээнүүд бий. Хөгжиж байгаа орныг авч үзвэл, бүгд хатуу бодлого, төлөвлөгөөний дагуу явж ирсэн байдаг. Хамгийн ойрын жишээ Казакстан, Вьетнам, Камбож асар өндөр хурдтай хөгжиж байна. Монголоос мөнгө гуйдаг бид зээл тусламж өгдөг орон байлаа шүү дээ. БНХАУ-ын  хөгжлийн туршлагыг бид сайн судлах ёстой. Тэгэхэд эдгээр орнууд сүүлийн 25 жилийн дотор асар хурдацтай хөгжиж байна. Энэ бол зөв бодлогын үр дүн.

-Та шинжлэх ухаанч хөгжлийн талаар багагүй ярьсан байсан. Үүнийг бодлоготойгоо уялдуулах ёстой юу?

Хөрөнгө, мөнгөтэй байгаад бодлогогүй байвал улс орон хөгжихгүй

-Шинжлэх ухаанч хөгжил гэдэг дээр бид онцгой анхаарах хэрэгтэй. Манайх үүнээс хоцрогдсон. Хоцрогдсон гэдгийг тодотговол, нэгдүгээрт, эрдэмтэн, судлаачдынхаа үгийг сонсохгүй байна. Хоёрдугаарт, манайд сайн эдийн засагч нар олон бий. Гадныхан урьж, эдийн засгийн хичээл заалгадаг өндөр мэдлэг боловсролтой эдийн засагч манайд байгаа шүү дээ. Эдийн засгийн хөгжлийн бас нэг уналт нь судлаачдынхаа үгийг сонсох бус цэвэр улс төрийн шийдвэр гаргадаг учраас эдийн засаг уналтад ороод байна.

-Гадаадын хөрөнгө оруулалтыг ямар аргаар богино хугацаанд татах вэ?

Гадаадын хөрөнгө оруулалт маш эмзэг. Хэн нэгэн албан тушаалтны үгээр хөрөнгө оруулагчид үргэдэг. Нэг хуулийн алдаатай зүйл заалт, засаг төрийн тогтворгүй байдлаас ч болж байна. Зарим нэг улс төрчийн хоосон амлалтаас ч болгоомжлох нь бий. Гадаадын хөрөнгө оруулалт буураад байгаа шалтгааныг хамгийн түрүүнд оношлох ёстой. Хөрөнгө оруулалтад нөлөөлөх хамгийн том хүчин зүйл нь итгэлцэл. Итгэлцлийн асуудал Монголд байхгүй болчихоод байна. Итгэлцлийг нэмэгдүүлэх шаардлага бий. Хоёрдугаарт, нийгмийн орчин гэж байдаг. Гадаадын хөрөнгө оруулагч Монгол Улсад эрүүл, аюулгүй орчинд амьдрах баталгаагаар хангагдах ёстой. Энэ асуудал Монголд хангагдаагүй байна. Нийгмийн орчныг бид бүрдүүлэхгүй бол хөрөнгө оруулагчид тогтвортой үйл ажиллагаа явуулахгүй. Гуравдугаарт, хууль эрхзүйн орчин. Гадаадын хөрөнгө оруулагч орж ирэхгүй байна гэдэг манай хууль эрхзүйн орчин болохгүй байгаагийн шинж. Бид Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг өөрчилж шинэчлээд байдаг. Гэтэл хөрөнгө оруулалт орж ирэхгүй байна. Энэ юуг хэлээд байна вэ гэхээр хууль эрхзүйн орчин болоогүй байна гэсэн үг. Хууль эрхзүйн орчныг гадны хөрөнгө оруулагч орж иртэл нь сайжруулах ёстой. Нөгөөтэйгүүр гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх үүд хаалга нээсэн атал тэрхүү мөнгийг эх орондоо тогтоох бодлого алга. Монголоос хөрөнгө гадагшаа урсах бүрэн боломжтой.

-Гадаадын хөрөнгө оруулалт хумигдсанаас дотоодын үйлдвэр эрхлэгчид ч дампуурлаа зарлаж байна.

-Гадаадын хөрөнгө оруулалт Монголын эдийн засагтай шууд холбоотой. Ялангуяа Монголын дотоодын хөрөнгө оруулалттай шууд холбоотой байдаг. Ганц жишээ татахад, Оюутолгойн хөрөнгө оруулалт зогсоход Монголын дотоодын хөрөнгө оруулалт зогсдог. Оюутолгойг дагасан олон аж ахуйн нэгж хаалгаа барьсан. Үүнээс гадна монголчууд гадаадын хөрөнгө оруулагчдаас ихээхэн болгоомжилдог нь хөрөнгө оруулалт үргээх нэг шалтгаан болох жишээтэй. Хөрөнгө оруулалт ямар эерэг үр дүнтэй байдаг вэ гэдгийг бид ойлгох ёстой. Технологи, үйлдвэрийн барилга байгууламж, ажиллах хүч нэмэгдэнэ, улсад татвар төлнө, валют орж ирнэ гээд олон талын ашиг тустай. Эерэг орчин бүрдүүлэхийн тулд бид аль салбарт илүү уян хатан бодлогоор дэмжих үү гэдгээ гаргаж ирэх ёстой. Хөрөнгө оруулалт уул уурхайн салбарт оруулаад эрсдэл их гэдгийг  цаг хугацаа баталлаа. Тиймээс аль салбарт оруулах вэ гэдгээ шийдэх ёстой. Хөрөнгө оруулагчийг жижиг дунд бизнес эрхлэгч, үйлдвэрүүдэд хийх ёстой. Үүн дотроо эхний ээлжинд хүнсний салбарт асуудлуудаа шийдэх ёстой. Гаднаас гурил, гурилан бүтээгдэхүүн, улаанбуудай, хүнсний ногоо оруулмааргүй байна. Гахай, тахианы махаа дотооддоо хангах хэрэгтэй. Үүнийг шийдчихээр доллар гадагшаа урсах урсгал багасана.

Худалдааны бодлогогүй учраас Монгол Улс хөгжихгүй байна

-Таньтай уулзсаных гадаад худалдааны тухай асуухгүй өнгөрч болохгүй. Гадаад худалдаа анх удаа ашигтай гарсан гэсэн тоо баримт байсан?

-Монгол Улс үйлдвэрлэгч бус хэрэглэгч орон. Бид хэрэглэж буй эд зүйлсийнхээ 90 хувийг гаднаас авч байна. Монголын хувьд амин чухал салбар нь худалдааны салбар юм. Бидний амьдрал худалдаан дээр тогтдог. Гэтэл энэ салбар манайд орхигдсон. Монгол оронд худалдааны тухай бодлого байхгүй. Ийм төрлийн хууль нь ч алга. Худалдаа хариуцсан яам ч байхгүй. Энэ салбар хөгжөөгүй учраас манай гадаад худалдаа буурч ирсэн.

Сүүлийн жилүүдэд гадаад худалдааны нийт хэмжээ буурч байгаа. 2015 оныг өнгөрсөн онтой нь харьцуулахд 17.8 хувиар буурсан байх жишээтэй. Энэ онд ч буурна. Эдийн засгийн нөхцөл байдал буурахаас аргагүй нөхцөл байдалд хүргэсэн. Монголын эдийн засаг буураад ирэхээр импортын хэмжээ багасч байгаа. Барилга үйлдвэрлэл хийгдэхээ болиод тоног төхөөрөмж оруулж ирэхгүй болиод ирэхээр импортын хэмжээ буурдаг. Экспортын хэмжээ ч буурсан. Гэхдээ импорт нь илүү их хэмжээгээр буурсан тул худалдаа эерэг үзүүлэлттэй харагдаж байгаа юм.

Бидний амьдрал худалдаан дээр тогтдог. Гэтэл энэ салбар манайд орхигдсон. Монгол оронд худалдааны тухай бодлого байхгүй

-Энэ бууралт нь ямар үзүүлэлт юм?

-Монголын эдийн засаг хурдан уналаа гэсэн үг. Иргэдийн худалдан авалт буурлаа гэсэн үг. Монголд эдийн засгийн өсөлт харагдахгүй байгаа. Ингээд авч үзэхээр, гадаад худалдааны хэмжээ буурна. Энэ ганц 2016 оны асуудал ч биш. Үйлдвэрлэлийн зөв бодлого гаргаж ирэхгүй бол цаашид ч байдал үргэлжилнэ. Худалдаа үйлдвэрлэлтэй шууд холбоотой байдаг. Монгол үйлдвэрлэлийн бодлого гээд бүх салбараар нь гаргадаг. Үйлдвэрлэл гэдэг зоосон мөнгөөр авч үзвэл сүлдтэй хэсэг нь юм. Худалдан авалт нь тоо хэсэг. Талхны үйлдвэр байгууллаа гэхэд талхаа яаж зарах вэ гэдэг толгойн өвчин болно шүү дээ. Монгол Улс асар их хэмжээний баялагтай. Түүнийгээ яаж өндөр үнэ хүргэж зарах вэ гэдэг. Энэ чинь худалдааны бодлого, эдийн засгийн хөгжил юм. Худалдааны бодлого байхгүй учраас үйлдвэрлэлийн бодлого байгаад үр өгөөжөө өгөхгүй байна.

Өрийн хэмжээ дахин нэмэгдвэл Монголын өмнө дааж давшгүй дарамт учирна

-Монгол Улс өрийн дарамтад орсон. Ирэх онуудад “Чингис” “Самурай” бондын төлбөрийг төлнө. Энэ бүхнийг төлөх эх үүсвэр одоогоор алга. Үр өгөөжөө өгөх төсөл хөтөлбөрт зарцуулна гэж байсан ч салхинд хийсгэчих шиг боллоо. Одоо яах вэ?

-Монгол Улс 21.6 тэрбум ам.долларын гадаад өртэй байна. Үүнийг хүн амдаа хуваахад нэг хүнд 15.9 сая төгрөгийн өр ногдож байгаа тухай мэдээлэл байсан. Өрийн хэмжээ дахин нэмэгдвэл Монголын өмнө дааж давшгүй дарамт учирна. “Чингис”, “Самурай” бонд, Хөгжлийн банкны 580 сая ам.доллар, дотоодод гаргасан өрийн бичиг гээд ярьвал асар их өр хүлээж байна. 2017 оноос өрөө төлж эхэлнэ. 2017 онд Хөгжлийн банкны 580 сая, 2018 оны нэгдүгээр сард “Чингис” бондын 500 сая ам.долларыг төлнө. 2022 онд “Чингис” бондын үлдэгдэл нэг тэрбум ам.доллар, “Самурай” бондыг хамтад нь төлнө. Эдгээр нь эдийн засагт асар том дарамт. Үйлдвэрлэлээ хөгжүүлж экспортын хэмжээг нэмэгдүүлж байж л төлөх ёстой.

-2017, 2018 он гэхэд үр өгөөжөө өгөх төсөл хөтөлбөр одоогоор хомс байна. Тэгэхээр энэ их мөнгийг яаж төлөх болж байна вэ. Өрийг өрөөр санхүүжүүлэхээр болчихоод байна шүү дээ?

-Маш хүнд байгаа. Дахин шинээр зээл авахгүй хатуу зарчим дээр бид тогтох ёстой юм. Эхлээд өрөө төлөх зарчим баримтлах ёстой. Дахин зээл авч болно. Гэхдээ өмнөх шиг бага хүүтэй авч чадахгүй. Зээлжих зэрэглэл буурсан. Хүүгийн хэмжээ ихэсч, маш хатуу нөхцөлтэй болно. Өрийг өрөөр дараад хэсэг амсхийх ч дараа ирэх дарамт бүр их. Өрийг өрөөр төлөх асуудал түр зуурын амиа аргацаасан явдал.

-Өрийн удирдлагын тухай хууль баталсан. Гэхдээ энэ хуулиа мөрдөхгүй нэмж өр тавьсаар л байна...?

-Өрийг төлөхийн тулд экспортын хэмжээг нэмэгдүүлэх хэрэгтэй. Түүгээр орж ирсэн мөнгөөр л өрөө төлнө. Өөр хувилбар байхгүй. Тэгэхээр гадаадын хөрөнгө оруулалтыг татах ёстой. Үүнд онцгой анхаарах бас нэг зүйл бий. Монгол Улсад үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүн гадныхны стандарт шаардлага хангасан байх ёстой. Тэгж байж экспортод гаргана. Бид өнөөдөр 7200 гаруй бүтээгдэхүүнийг Европын зах зээлд татваргүй гаргах эрхтэй. Гэтэл нэг ч бүтээгдэхүүнийг гаргаж чадахгүй байна. Японтой  Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан. Монголын бараа бүтээгдэхүүн Японы зах зээлд гарахад татваргүй. Гэтэл Японы стандартыг хангасан нэг ч бүтээгдэхүүн гаргаж чадахгүй л байна. Ойр байгаа Япон, Солонгосд ядаж нэг барааг чанарын өндөр түвшинд хийгээд гаргавал бид мөнгө олох боломжтой. Энэ чиглэлээр гадаадын хөрөнгө оруулалт татаад ажиллабал өрөө дарж чадна.

Өрийг төлөхийн тулд экспортын хэмжээг нэмэгдүүлэх хэрэгтэй. Түүгээр орж ирсэн мөнгөөр л өрөө төлнө. Өөр хувилбар байхгүй.

-ОУВС-ийн “stand by” хөтөлбөрийг авах нөхцөл байдал үүссэн юм уу?

-Санхүүгийн эрх чөлөөгүй болно гэсэн үг. Бид өөрсдөө мөнгөө зарах эрх мэдэлгүй болно гэсэн үг. Эдийн засаг уналтад ороод өөр ямар нэг арга байхгүй болсон үед уг хөтөлбөрийг авдаг. Манайд авахаас өөр аргагүй нөхцөл байдалд хүрсэн гэхэд болно. Бүр энэ байдал өнгөрсөн оноос эхлээд бүрдсэн.

-Валютын ханш тэнгэрт хадлаа. Монгол Улс дампуурлын ирмэгт хүрсэн. Эдийн засгийн өнөөгийн байдлыг мэргэжилтнүүд нуугаад хэлэхгүй байна гэх. Бодит байдал дээр эдийн засаг ямар байна вэ?

Санхүүгийн эрх чөлөөгүй болно гэсэн үг. Бид өөрсдөө мөнгөө зарах эрх мэдэлгүй болно гэсэн үг. Эдийн засаг уналтад ороод өөр ямар нэг арга байхгүй болсон үед уг хөтөлбөрийг авдаг.

-Валютын ханшаар жишээ татахад бүх зүйл тодорхой байна. Гурван жилийн өмнө нэг сая төгрөгийн цалинтай хүн түүнийгээ долларт шилжүүлэхэд 770 болж байсан. Одоо 480 гаруй ам.доллар болж байна. Энэ нь эдийн засаг, ханш яаж унаж байгааг харуулж байгаа юм. Гадаадын хөрөнгө оруулалт “0”, гадаад худалдаа буурсан, улсын төсөв 3 жил дараалан  нэг их наяд төгрөгөөр танагдаж байна. Валютын ханш эрс өссөн, төгрөг үнэгүйдэж, цалин нэмсэнгүй, ажилгүйдэл, ядуурал нэмэгдлээ. Эдийн засгаа хөгжүүлье гэдэг зургаа гаргаагүй байна. Зураггүй эдийн засаг хэзээ ч цааш явахгүй. Үүнээс гарах бодлого, хөтөлбөр маш тодорхой байх ёстой. Эдийн засгийн уналтын ард хамгийн том аюул нь улс орны аюулгүй байдал, тусгаар тогтнол юм. Улс орон ядуураад байна гэдэг нь тэр хэмжээгээр тусгаар тогтнолынхоо баталгааг алдаад байна гэсэн үг. Энэ бол хамгийн аюултай.

-Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.