Хулгана жилийн улс төрийн өнгө

БИД

Хувьтай төрсөн монголчууд БИД хулгана жилээ үзлээ. “БИД” гэдгийн дотор амласнаа биелүүлэхдээ хойрго хэрнээ ахиж амлах дуртай улстөрчид ч багтаж байгаа нь гачлантай ч нэгэнт л нэгэн дээвэр дор аж төрөхөөр заяасан хойно яалтай билээ. БИД энэ хулгана жилдээ ардчилсан төрөө шинээр эмхлэн байгуулна. БИДний дундаас нэрээ дэвшүүлж, БИДний дэмжлэгийг хамгийн ихээр хүлээсэн, БИДний нэг хэсэг Төрийн ордонд алхан орж, Үндсэн хуулийн нэрийн өмнөөс засаг тогтоон, БИДнийг засаглана.

БИДНИЙ СОНГОЛТ

БИДний сонголтыг БИДний өмнөөс урьдчилан тааварлаж, БИДний сонголтод ямар нэг чин зорилго, чиг хандлага бий эсэхийг шинждэг цөөнгүй байгууллага БИДний дунд бий. Тэдгээр байгууллагуудын судалгаагаар БИДний итгэлийг олохоор ажиллаж буй улс төрийн 30 гаруй намаас БИДний итгэлийг дааж ядаад байгаа нэг ч улс төрийн хүчин алга гэдэг нь тодорхой боллоо. Өөрөөр хэлбэл 30 хувиас дээш рейтингтэй нам байтугай хувь улстөрч ч ховор боллоо. Өнгөрсөн хоёр жилд Сант-Марал, МЕК зэрэг улсын хэмжээнд судалгаа хийдгээ зарласан байгууллагуудаас БИДний гуравны нэгийн итгэлийг хүлээчих улстөрч Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёроос өөрийг олж чадсангүй. Нөлөө бүхий гол хоёр улс төрийн хүчин ч 30 хувийн рейтинг давсан нь өрөөсөн гарын таван хуруунаас ч цөөхөн. БИДний сонголтын төрх тэгэхээр нам дагах нь үндсэндээ худлаа болов бололтой. Тэгэхээр БИДнийг тосож буй улс төрийн дүр зураг, БИДний хамтын шийдвэрийн өнгө төрх нэг тийм алаг цоог, эрээн бараан л харагдаад байгаа юм. Гэхдээ тэр алаг цоогийн дундаас бүрэлдэн буй болох магадлалтай дөрвөн өнгийн хувилбар байна.

Улаан хувилбар: Ардын намынхан амжилтаа батална

Одоохондоо Монголд У.Хүрэлсүх шиг өндөр рейтингтэй улстөрч алга. Нам нь ч түүн дээр гол бооцоогоо тавьсаар жил хагас боллоо. Сонгуулийн системийг ч эрх баригч нам “Томсгосон мажоритар”- иар сонгосон нь 2016 оны сонгуулиар олж авсан үнэмлэхүй олонхийн суудлаа чадвал хамгаалж, эс чадвал ердийн олонхийн хэмжээнд хадгалах зорилготой. ОУВС-гаас тогтоосон “санхүүгийн хорио цээрийн дэглэм”-ийг ч үл тоон, асар үрэлгэн төсөв баталсан нь сонгуулийн кампанийн үеэр аймаг бүхэнд өрнөх партизаны дайнд хамаг хүчээ хаяхаар шийдсэний дохио. Сүүлийн 30 жил БИД ийм л улс төрийг үзсэн, ийм л сонгууль хийсэн. 30 хувь хавьцаа эргэлдэж байгаа рейтингээ эрх баригчид сонгуулийн кампанийн туршид 50 хувиас давуулж, “партизаны дайн”-аа амжилттай хийж чадвал ахин дөрвөн жил засаглах хамгийн өндөр магадлалтай. Ялагч бүхнийг авдаг дүрэмтэй мажоритар тогтолцооноос хамгийн их хонжоо унагасаар ирсэн, унагаж сурсан, унагаж чадах нь Монгол Ардын нам билээ.

Цэнхэр хувилбар: АН орших эс оршихын тэмцэл

Мажоритар системийн ард түмнээс үл ялиг илүү оноо цуглуулсан нь бүхнийг хуу хамчихдаг савлагаанд Ардчилсан нам түүхийнхээ туршид өртөж ирсэн. Ард түмний тэн хагас нь бидэнд саналаа өгсөн атал бид парламентад 10 хүрэхгүй суудал авлаа гэж тэд 1992, 2000, 2016 онуудад гомдоллож байв. Энэ удаа энэ чөтгөрийн тойрог нөгөө талдаа гарна гэх сохор найдлага АН-д байгаа. Энэ сохор найдлагад дэм өгсөн гэмээр зурхайн буултыг Монгол бурханы шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн Хамба Чойжамц гуай сар шинийн өмнө санаатай ч юм шиг, санамсаргүй ч юм шиг айлдсаныг энд эшлэлгүй горьгүй нь. Тэргүүн хамбатан өгүүлрүүн,

“XVII жарны төмөр хулгана жил сайхан жил гарах янзтай байна. Залуучуудад хатуу, нялхаст анхаарах ёстой жил гэж зурхайд буусан. Нийгмийн хувьд дээдсүүдэд ширүүн, дунд түвшний хүмүүст бүр ширүүн гэж буужээ. Энэ бол зурхайн магадлал юм”. Эндээс харвал төрийн дунд шатны түшмэдүүд энэ жил хоморголсон халаа сэлгээнд өртөх нь ээ. Ийм халаа сэлгээ хоёр том намын нэг нь Засгийн эрхийг авсан 1996, 2000, 2012, 2016 онд ихээхэн эрчтэй өрнөснийг БИД амьдралаараа санаж буй. Учир нь БИДний 10 хүн тутмын гурав нь төрийн албан хаагч байсан, байгаа хойно доо.

Гэхдээ том хэмжээний савалгаа үүсгэх улс төрийн нөөц бололцоо, хүчин чадавхи, манлайлал Ардчилсан намд байгаа юу гэвэл үгүй. Түүхэн удирдагчдаас нь эхлээд намын даргыг нь хуулийн байгууллагууд нэр дараалан шалгаж буй хүнд хэцүү цаг үед сөрөг хүчнээс эрх баригч болтол эргэлт хийхийн тулд АН-ын шинэ үе ачаа эрсдэл хоёрыг нэгэнт үүрэх цаг болсон нь хэн ч харахад ил. Хэрэв АН энэ сонгуульд нэгдмэл байдалтай, хүчтэй оролцож чадахгүй бол тэдний орон зайд улс төр хийх шинэ хүчнүүд хэдийнэ гарч ирчихээд байна. Магадгүй ялагдал нь ахин хуваагдал болох нь цаг хугацааны асуудал болж хувирна. Үүссэнээсээ хойш хоёронтаа нэгдэж, гурвантаа хагарсан нам шүү дээ.

Бөөр алаг хувилбар: Бас дахин МАНАН

Мажоритар системээр хоёр гол улс төрийн хүчин ойролцоо суудал авч, хамтарсан Засгийн газар байгуулддаг 2004, 2008, 2012 оны нөхцөл байдал БИДнийг хамгийн бодитоор тосож байна. Энэ тохиолдолд рейтинг нь 10- 20 хувийн хооронд эрчтэй хэлбэлзэж буй Н.Энхбаярын МАХН болон шинэ тутам байгуулагдсан Ж.Батзандангийн ШИНЭ намууд, хоёр дахь сонгуульдаа оролцох гэж буй ХҮН намуудын өмнө боломж нээгдэнэ. Арай илүү олон суудал цуглуулсан нь эдгээр намуудыг засагт урих нь ойлгомжтой. Хоёр гол улс төрийн хүчин л хамтрахгүй болохоос хэлбэрийн хувьд ч, мөн чанарын хувьд ч өмнөх МАНАНгуудаас онц ялгаагүй энэ бөөр алаг бөмбөг БИДний амьдралыг өөдөө өнхрүүлэх нь юу л бол. Гэхдээ яг өнөөдөр сонгууль болвол энэ хувилбар хамгийн боломжтой харагдаж буй нь гашуун үнэн.

Өнгө нь тодроогүй хувилбар: Жинхэнэ ШИНЭ, жинхэнэ ХҮН сонгогдоно

1970-1980-аад онд төрсөн залуус нам, үзэл баримтлал үл харгалзан нэгдэж байгуулсан “Уухай” хэмээх хөдөлгөөний уухай сонсогдохгүй ч, мэр сэр мэдээлэл нь нийгмийн сүлжээнд цацагдсаар чамгүй хугацаа өнгөрлөө. Салбартаа танигдаж, нийгэмдээ нөлөөлөхийг эрмэлзэж буй залуусын нэгдэл гэж хэлж болох уг хөдөлгөөнд нэр дэвших бодит амбицтай цөөнгүй залуу харагдана. Энэ хөдөлгөөнтэй зэрэгцээд нийтлэлч Баабар өөрийнх нь өгүүлсэнчлэн “үхэж дуусахаар” нь нийгэм цэвэрших ёстой үеийнхээ томоохон сэхээтнүүдийг нэгтгэн “Электорат” хэмээх хөдөлгөөн байгуулснаа зарлав. Үйл ажилагааны чиг зорилгын хувьд “Уухай”-тай төстэй. Гэхдээ улс төрийн чиг баримжааны хувьд харьцангуй радикал, эрс тэс хүмүүсийг нэгтгэсэн энэ хөдөлгөөн чухам төр түшүүштэй иргэдийг нэр дэвштэл нь дэмжиж, нэр дэвшсэн бол ялтал нь “балиашиглах” зорилготой хэмээн нөлөөллийн хүрээгээ тодотгож буй.

Энэ мэтчилэн улс төрийн намуудад биш хувь хүний, иргэдийн улс төрийн оролцоонд тулгуурлахыг найдсан улс төрийн хөдөлгөөн, акцууд сонгууль өнгөртөл улам эрчимжих нь тодорхой. Хэрэв эдгээр хөдөлгөөнүүдийн чиглэн нягтарч буй үзэл санаа ирэх дөрвөн сарын турш олон нийтийн санаа бодолд бодитойгоор нөлөөлж чадвал чухам сонгуулийн хувьсгал гарах биз ээ. Гэвч эдүгээ энэхүү “өнгөгүй хувилбар” сонсоход хэдий сайхан ч тойргоо нэг тойроод, бензин дундраад, ухуулагчдын хөлс нэхэгдээд ирэхийн цагт замын тоосонд дарагдаж мэдэх “УТОПИ” шиг л сонсогдоод байгаа юм даа.

БИДний хулгана жилийн улс төрийн өнгө нэг иймэрхүү ацан шалааны байдалтай л байна. Зул задарч, нэрс тодорход асуудал илүү тодорхой болох ч энэ дөрвөн хувилбараас нэг их зуларч холдох нь юу л бол доо.