Боловсролын салбараа сонгуулийн золионд гаргахуй

БОЛОВСРОЛ ҮНЭГҮЙДЭХ УЧИРГҮЙ

Боловсролын үнэ цэнийг өндөрсгөх үүрэгтэй төр засгийнхан боловсролын салбараа үнэгүйдүүлж, үгүйсгэлээ. Сургалтын төрийн сангаас зээл аван суралцсан 14413 иргэний барьцаалагдсан дипломыг чөлөөлөхөөр болж, дээд боловсролын үнэ цэнийг сонгуулийн золионд гаргалаа. Дээд боловсрол хийгээд цалин, тэтгэврийн зээл авч үр хүүхдийнхээ төлбөрийг төлсөн олон мянган жирийн иргэн, өөрийнхөө хүчээр боловсрол эзэмшсэн залуусын хөдөлмөр, үнэ цэнийг төр засаг нь уландаа гишгэлээ. Тэд боломжтойдоо төлбөр, зээлээ өөрсдөө төлөөгүй. Хариуцлагатай, ухамсартайдаа өөрсдөө төлсөн. Харин төр засаг нь тэднийг ялгаварласан шийдвэр гаргаж, хариуцлагатай иргэдийн хохь, хариуцлагагүй нөхдийн хожоо болгож байна.

Тодорхой өгүүлбэл, Боловсролын зээлийн санд 16 тэрбум төгрөгийн барьцаанд буй 14413 иргэний дипломыг чөлөөлөх агуулга бүхий журам батлах УИХ-ын тогтоолын төслийг боловсрол хариуцсан сайд Ё.Баатарбилэг өчигдөр УИХ-ын даргад өргөн барив. Төслийн албан ёсны нэршил нь “Суралцагчийн сургалтын төлбөр, амьжиргааны зардалд зориулан олгох хөнгөлөлттэй, эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийн улсын төсвийн оролцоотой эх үүсвэрийг бүрдүүлэх, эргэн төлүүлэх, сургалтын зээлийг хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох журам батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл.

Харин энэ төслийг Засгийн газрын 2019 оны наймдугаар сарын 14-ний өдрийн ээлжит хуралдаанаар гаргасан шийдвэрийн дагуу УИХ-д өргөн барьж буй нь энэ. Тухайн үед Засгийн газрын хуралдаанаар 16 тэрбум төгрөгийн барьцаанд байгаа 13 мянга гаруй иргэний дипломыг чөлөөлөх асуудлыг шийдвэрлэж байв. Энэ асуудлыг шийдвэрлэх журмын төслийг УИХ-д өргөн барихаар тогтсоныг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг тухайн үед мэдээлж байлаа. Тэгвэл 14 мянга гаруй дипломыг чөлөөлөх ажлыг Засгийн газарт хариуцуулах УИХ-ын тогтоолын төслийг хаврын чуулганаар хэлэлцэн батлах нь.

Боловсролын зээлээр гадаадад сурсан 2000-аад хүнийг улстөрчид тэргүүлдэг

Сургалтын төрийн сангаас гадаадын болон дотоодын их, дээд сургуульд суралцагчдад боловсролын зээл олгодог. Харин боловсролын зээлийг тэр дундаа гадаадад сурах сургалтын төлбөрийн зээлийн ихэнхийг улстөрчид, тэдний хамаарал бүхий хүмүүс авдаг нь нэгэнт тодорхой болсон. Тухайлбал, Сангийн яамнаас боловсролын зээл авч гадаадад сурсан 1813 хүнийг танилцуулахад УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Ж.Энхбаяр, Ц.Нямдорж, Г.Занданшатар, Н.Энхболд, Ө.Энхтүвшин нарын улстөрчид өөрсдөө болон тэдний хамаарал бүхий хүн авсан нь тодорхой болсон байдаг. Мөн Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг,  сайд асан С.Баярцогт зэрэг төрийн өндөр албан тушаалтнууд ч боловсролын зээлийн сантай холбогддог. Ингээд зогсохгүй одоог хүртэл зээлээ төлөөгүй гишүүд УИХ-д ч сууж буй.

Сонгуулийн өмнө боловсролын зээлийг чөлөөлдөг жишиг тогтох нь

Монголын төр дээд боловсролоороо тоглож, үнэгүйдүүлж буй жишээ үүгээр дуусахгүй. Сонгууль бүрийн өмнө нь шоу хийж, санал худалдан авах зорилгоор боловсролын салбарыг зольдог жишээ 2004, 2008 оноор үргэлжилнэ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын ээлжит сонгуулийн энэ жилүүдэд одоогийнх шиг боловсролын зээлийн төлбөрийг чөлөөлсөн шийдвэрийг төр засгийнхан гаргаж байжээ. Цаашид ч энэ шийдвэр гаргахыг үгүйсгэхгүй учраас боловсролоо доромжилдог удирдлагуудын жишгийг давтуулахгүй байхад хаана, хаана аа анхаарах нь зүй билээ.

Бага, дунд боловсролыг ч үнэгүйдүүлэв

Улирлын томуу хийгээд шинэ төрлийн коронавирусийн халдварын улмаас их, дээд, ерөнхий боловсролын сургуулиудын үйл ажиллагааг үндсэндээ гурван сарын хугацаанд зогсоож байна. Харин зургадугаар сард сонгуультай учраас хичээлийн жилийн хугацааг сунгахгүй, бямба гараг бүр нөхөж хичээллэхээр шийдвэрлэв. Ингэж нөхөж болох ч ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаас ЭЕШ-аас өөр шалгалт авахгүй байхаар шийдвэрлэсэн. Анги дэвших болоод улсын шалгалтаар тухайн хүүхдийн боловсролыг бүрэн хэмжихгүй ч тухайн шатны мэдлэгээ эзэмшсэний баталгаа болгодог. Үүгээр зогсохгүй шалгалт нь сурагчдыг хичээлд шамдуулах нэг тулгуур арга байв. Харин Боловсролын яам эдгээр шалгалтыг онцын шаардлагагүй хэмээн тайлбарлаж, мөн л бага, дунд боловсролын шалгуураа үнэгүйдүүллээ.

Уг нь ямар ч боловсрол үнэгүйдэх учиргүй. Улам л үнэ цэнтэй болж, мэргэжлийн боловсрол эзэмших эрэлт, нийлүүлэлт чанартай байх ёстой. Гэтэл манайх бүр л үнэгүйдүүлж, үнэ цэнийг нь шороотой хутгаж байна. Ингэж боловсролын салбараа сонгуулийн золионд гаргадаг улс манайхаас өөр байхгүй биз ээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (10)

  1. uursudduu taaruulj huuli bataldag gishuud bolon shantaajnii ene jujigchin mergejliin bish saidaassain yum huleeh hereggui.Arkhangainhan ene tenegee ahiad gargav daa.Busad ni hohiroh yum bna shuu Monoliin ireedui.hugjliig ballagch oodgui hun

    0 0 Хариу бичих
  2. Харамсалтай байна .Явуулын хүнээр салбараа удирдуулаад хэрэг алга даа

    0 0 Хариу бичих
  3. эсэргүүцэж байнаа энэ сайд сайн юм огт хийсэнгүй улам нэр хүнд унагах...

    0 0 Хариу бичих
  4. Zeeliig toluuleh heregtei. Toluuleed ter mongooroo surguuli, tsetserleg barih heregtei. Mon ymar arga zamaar ene uls torchid, baychuud zeel avsniig sudlah heregtei. Avilga, alban tushaaliin ashiglalt orson baij magadgui.

    0 0 Хариу бичих
  5. Дэвших, ялангуяа төгсөх шалгалт шал худлаа дүгнэгддэг, авахгүй байх нь зөв. Авбал хөндлөнгөөс хамааралгүй, үнэн зөв дүгнэгдэхээр зохион байгуулах хэрэгтэй.

    0 0 Хариу бичих
  6. Энэ сайд болон түүнтэй хамааралтай хүмсүүд сонгуульд нэр дэвшвэл би лав дэмжихгүй.

    1 0 Хариу бичих
  7. "Харин төр засаг нь тэднийг ялгаварласан шийдвэр гаргаж, хариуцлагатай иргэдийн хохь, хариуцлагагүй нөхдийн хожоо болгож байна." энэ үнэхээр бодууштай. Бидний ажиллаж, хөлсөө урсгаж байж авдаг цалингаас татвар нэрээр хураасан мөнгөө халамж, сонгуулийн үйл ажиллагаанд /эргэн нөхөгдөхгүй/ үрэн таран хийж байгаад харамсаж байна. Татвар төлмөөргүй байна. Тэгвэл ингэж туйлж байгаа мөнгөө хаанаас олох бол оо?

    1 0 Хариу бичих
  8. Монголд боловсрол эзэмших шаардлагагүй боллоо гэ ж харлаа. Сонгуулиас сонгуулийн хооронд улс төрийн шоу үнэн шударга ёс, ичих эмээх сэтгэл гэж алга болжээ . Даан ялангуяа төрийн өндөрлөгүүд ард түмнээсээ бүх боломжийг эрх мэ.длээрээ, мэдээлэлд ойр байснаараа булааж авах юм . Үнэн жигшүүртэй. Гадаадад сурах төлбөр, ЖДҮ, шахааны бизнес гээд жагсаалт нь уртаас урт. Гэтэл жирийн иргэд цалингийн зээл, байр барьцаалсан зээл гээд давхар давхар зээлтэй үнэн элгээрээ мөлхөж бна шүү. Дээшээ хэлье тэнгэр хол доошоо хэлье газар хатуугийн үлгэрээр л амьдарч бна даа

    1 0 Хариу бичих
  9. Тийм юм болохгүй ээ.Ялгаж салгасан байгаа

    0 0 Хариу бичих
  10. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг энэ хүнийг яаралтай буулгах хэрэгтэй. ЖДҮ-2 хийж байна. Танил тал хамаатан садандаа өгсөн зээлийг бас татвараас төлөх гэж үү.

    2 0 Хариу бичих