УИХ-ын гишүүдэд үнэхээр хөдөө орон нутгаа гэсэн сэтгэл байдаг уу. Эсвэл тэндээс сонгогдсон учраас ямар нэгэн юм хийж тэнд амьдарч буй иргэдийн саналыг авах л зорилгоор асуудалд ханддаг уу. УИХ-аас баталсан хоёр шийдвэр ийнхүү хоёр үзүүртэй бодолд хөтөллөө.

УИХ-ын сонгуулийн тухай хуулийг батлахдаа нийслэлийн мандатаас дөрвийг нь хасч орон нутагт нэмсэн. Үүнээс үзвэл, нийт хүн амын тал хувь нь төвлөрч түмэн бэрхшээл үүсгэсэн нийслэлээс илүү орон нутаг чухал гэж үзэж байгаа бололтой. Гэвч зөвхөн иргэдийнх нь саналыг авах болохоороо л орон нутгийг чухалчилж байгаа нь УИХ-ын бусад шийдвэрүүдээсээ илэрхий харагдаж байна. Тухайлбал, Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийг батлахдаа нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын үнэлэмж, ач холбогдлыг буурууллаа. Орон нутгийн ИТХ-ын сонгууль бол хариуцлагатай хууль. Гэтэл парламент УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд анхаарлаа хандуулдаг шигээ орон нутгийн ИТХ-ыг байгуулах хуульд анхаарал тавиагүй. Уг нь энэ хуульд ач холбогдол өгч одоо ажиллаж байгаа ИТХ-ын төлөөллөгчдийг хуулийн төслийнхөө дэд ажлын хэсэгт оруулах гэх мэтээр тэдний саналыг авах байсан юм. Харин ёс болгож НИТХ-ын ганцхан төлөөлөгчийг л оруулнаас хэтэрсэнгүй. Ядаж Улаанбаатар хоттой ойрхон сумын нэг ИТХ-ын даргыг оруулж тулгарч буй бэрхшээлийг нь хуульд хэрхэн тусгах ёстой талаар байр суурийг нь сонссон бол зүгээр байв. Гэвч УИХ-д сэтгэл дутав уу, эсвэл “Бид тэнд ажиллаж, амьдардаггүй учраас ямар байх нь хамаагүй” гэсэн байдлаар хандав уу.

Ямартай ч ИТХ-ын сонгуулийн ач холбогдлыг үлэмж хэмээгээр бууруулж ёс төдий процесс болгох заалтууд батлагдлаа. Тодруулбал, бүх шатны ИТХ-ын сонгуульд анх удаа 50 хувь дээр нэмэх нь нэг гэсэн ирцийн босго тавихгүй байхаар болов. Өөрөөр хэлбэл, сонгогчдын 20, 30 хувь нь сонгуульд оролцож саналаа өгсөн ч тухайн сонгууль хүчинтэйд тооцогдоно гэсэн үг. Герман, Япон, БНСУ, Сингапур зэрэг 10 гаруй оронд ийм зохицуулалт үйлчилдэг гэдгийг гишүүд хэлж байлаа. Гэхдээ улсынхаа хөгжил, сонгогчдынхоо боловсролыг дээрх улсуудтай харьцуулж шийдвэр гаргах нь өрөөсгөл.

Мөн нэр дэвшигчид авах ёстой саналын доод босго тавигдаагүй. Тухайн тойргийн нийт сонгогчдын 50 хүрэхгүй хувь нь сонгуульд оролцож саналаа өглөө гэхэд тухайн санал хураалт хүчинтэйд тооцогдохоос гадна нэр дэвшигч санал өгсөн нийт сонгогчдын 50 хувийн саналыг аваагүй байсан ч хамгийн олон санал авсан нь сонгогдоно гэсэн үг. Сонгууль нь ирцийн босго шаардахаа больсноор иргэдийн оролцоонд найдахаас аргагүй байдалд хүргэж байна. Гэвч манай сонгогчдын сонгуулийн идэвх, ирц жилээс жилд буурч байгаа. Уг нь ардчилсан нийгмийн төлөөллийн зарчим нь улс төрийн нам олонхийн саналыг авч олонхийг бүрдүүлж бодлогоо хэрэгжүүлэх. Гэвч ирэх намар болох орон нутгийн сонгуулиар энэ зарчим алдагдах нь. Дээрээс нь ирц хамаагүй учраас санал хураалт өглөө 07.00 цагаас эхэлж 22.00 цагт хаагддаг байсныг 20.00 цаг болгож наашлууллаа. Энэ мэтээр аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль шалгуур багатай ёс төдий зүйл болж хувирлаа. Сөрөг хүчин үүнийг мянга эсэргүүцээд тусыг эс олов.

ИТХ-д ажиллах төлөөлөгч саналаа өгсөн сонгогчдын 50-иас дээш хувийн саналыг зайлшгүй авсан байх шаардлагатай. 20 хувийн санал авсан хүнийг ИТХ-ын төлөөлөгчөөр хүлээн зөвшөөрч хэрхэвч болохгүй. Гэтэл 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигч сонгогдоно гэсэн заалт оруулсангүй. Хамгийн олон санал авсан нэр дэвшигч сонгогдоно гэсэн заалт орууллаа. Мөн дээр нь нийт сонгогдын 50-иас дээш хувь нь санал хураалтад оролцож байж сонгууль хүчин төгөлдөр болох ёстой гэсэн заалт, логикийг орхисон. Бүр ирц хамаагүй учраас санал хураалтыг эрт дуусгах заалт оруулсан. Энэ маш буруу.

Уг нь ИТХ гэдэг улс төрийн нам, цаашлаад эрх баригчид доод болон дунд шатанд бодлогоо хэрэгжүүлэх чухал институц. Гэтэл нутгийн өөрөө удирдах ёсны энэ байгууллагыг бүрдүүлэх босго шалтайгаа огцом намслаа. Түүнчлэн аймаг, сумын ИТХ, нийслэл, дүүргийн ИТХ-д давхар нэр дэвшиж болох зохицуулалтыг хийж батлав. “Энэ нь “давхар дээл” өмсүүлж байгаа хэрэг биш. Засаг захиргааны доод, дунд шатанд байгаа жаргал, зовлонг дээд шатанд нь төлөөлж, дуу хоолойгоо гаргах хүмүүс байх хэрэгтэй” гэж байгаа ч тухайн нутаг орондоо амьдардаг, асуудал бэрхшээлийг нь мэддэг хүмүүс нь сумаа төлөөлөх ёстой гэж иргэд үздэг. Тодруулбал, суманд амьдарч буй хүмүүс аймгийн төвд амьдардаг хэн нэгнээр өөрсдийгөө төлөөлүүлэхийг хүсдэггүй. Гэвч УИХ орон нутагт амьдарч буй иргэний санал байтугай ИТХ-ын төлөөлөгчдийнх нь ч саналыг сонсолгүйгээр алх цохив.

УИХ-ын гишүүд зөвхөн өөрсдөдөө шууд хамааралтай асуудалд ач холбогдол өгч орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг үл тоож байгаа нь бас нэг санал санаачилгаар батлагдах шиг боллоо. Цаашдаа орон нутгийн сонгуульд зөвхөн улс төрийн нам бус төрийн бус байгууллагууд оролцдог болох ёстой гэсэн санал гарсан юм.

Орон нутагт улстөржилтийг багасгах нэг арга бол хууль ёсны төрийн бус байгууллагаас орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад нэр дэвшүүлэх боломжийг бий болгох явдал. Ингэвэл улстөржилтийг багасгах нэг бодитой алхам болно. Одоо бол улс төрийн намаас, эсвэл бие дааж нэр дэвшинэ гээд заачихсан. Төрийн бус байгууллагаас нэр дэвшүүлбэл ёстой жинхэнэ улстөржилтөөс ангид байж орон нутагт тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр санаа оноогоо нэгтгэсэн төрийн бус байгууллагууд гишүүдээ нэр дэвшүүлж ажиллах боломж бүрдэнэ. Ингэвэл зөвхөн орон нутгийн хөгжил ярих хүмүүс бүрдэнэ гэж бодож байна.

Орон нутгийн ИТХ-д намаас өөр субъект нэр дэвшүүлэх саналыг ШИНЭ нам болон парламентад суудалгүй намуудаас ирүүлсэн. Одоохондоо улс төрийн намуудаас өөр зохион байгуулалтадороод, дараа нь хариуцлагаа хүлээх субъект байхгүй. Хамаатан садангууд нийлээд сумын ИТХ-ыг авчихаж болно. Бас уул уурхайн баялаг ихтэй газар гэмт хэрэгтнүүд нийлээд сумын ИХТ- ыг авчих магадаллатай. Буцаагаад хариуцлага тооцоход хүндрэлтэй. Сайн ч бай, муу ч бай намууд, бие даагчид нэр дэвших нь зөв.

нутгийн сонгуульд оролцуулар санал энэ удаад дэмжигдсэнгүй. Гэхдээ уг санал нь ганцхан хүнээс бус нэлээд хэдэн намаас гарсан учраас ирээдүйд биелэлээ олох магадлалтай. Үүнээс үзвэл нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын сонгууль, орон нутгийн хөгжлийн асуудал намуудын сонирхох сэдэв биш болж байгаа бололтой. Зөвхөн Ерөнхийлөгчийн институц, УИХ, Засгийн газраа тойрсон улс төр л тэдний анхаарах сэдэв юм байна. Үүнийг батлах нэг үйл явдал бас болсон. Энэ нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт.

УИХ-ын гишүүд нутгийн удирдлагатай холбоотой асуудал нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хамгийн том шалтгаан гэж ярьдаг байлаа. Гэвч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлахдаа үг, үйлдлээ зөрүүлэв. Анх өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд нутгийн удирдлагатай холбоотой долоон заалт байснаас гурвыг нь л баталсан юм. Харин хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалтай холбоотой маш олон зохицуулалт батлагдсан. УИХ-ын гишүүд мөн л өөрсдөдөө шууд хараалтай асуудалд ач холбогдол өгсөн нь энэ. Дээрх олон жишээнээс үзвэл УИХ-ын гишүүд буюу архаг улстөрчид нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, орон нутгийн асуудалд ялгавартай хандаж байна.