Оршихуйн гурвал

/эсээ шинжлэл/

Бидний сайн мэдэх” Бөгжний эзэн”, “Загалмайлсан эцэг”, “Төмөр хүн”, ядаж л “Блэйд” бол гурамсан роман гэдэг шиг гурван цуврал анги кинонууд мөн. Гэтэл алдарт найруулагч Роман Поланскийн ”Зэвүүцэл,” "Розмарийн хүүхэд”, “Оршин суугч” бол огт өөр гурвал шүү дээ. Бас Кшиштоф Кесьлёвскийн “ Гурван өнгө-Хөх”, “Гурван өнгө-Цагаан, “Гурван өнгө- Улаан” хэмээх Франц улсын төрийн далбааны өнгөөр хийгдсэн гурвал кино байна. Ингэхэд эдгээр кинонууд ямар ялгаатай вэ? Бүгдийг нь “трилоги” буюу гурвал кино гэдэг ч үнэндээ “Бөгжний эзэн”, “Загалмайлсан эцэг” бол хэвтээ тэнхлэг дээр үргэлжилж буй дүр уран сайхны үйл явдал. Товчхондоо гурван ангиар хэсэгчилсэн нэг өгүүлэмж. Харин Роман Поланксийн гурвал бол цаг хугацааны босоо тэнхлэг дээр цувран үргэлжлэх огт өөр дүр, огт өөр уран сайхны шийдэл. Тэднийг хооронд нь зангидаж буй ганцхан чухал зүйл байдаг. Тэр нь философи үзэл санаа. Солонгосын кино найруулагч Пак Чан Ук гэхэд л “Олдбой” тэргүүтэй өөрийн гурвал киногоо “өшөө авалт”-аар холбон зангидаж орхижээ. Одоо цагт кино найруулагчид юугаараа ялгарч, тэдний бүтээлийн үнэ цэнийг юугаар хэмжиж байна вэ? Ердөө найруулагчийн илэрхийлж буй кино-философи, кино- үзэл санааны цар хүрээгээр. Нэг үгээр найруулагчийн уран сайхны жин дарах сэтгэлгээгээр. Магадгүй ялимгүй өрөөсгөл үзэл байж болох ч үгүйсгэгдэх аргагүй үнэний ор үндэстэй гэдгийг бид хүлээн зөвшөөрөх ёстой.
Тэгвэл манай кино урлагийн түүхэнд өгүүлэмжийн “босоо тэнхлэг”-ийн сонгодог зарчмаар найруулагчийн үзэл санааны “цогц” болон бүтээгдсэн гурвал кино буй. Тухайн цагт төдийлөн анзаараагүй байж болох. Харин одоо бид тэдгээр бүтээлийг жинхэнэ үндэстний кино урлагийн хэв шинжтэй, түүхэн ой санамж, дохио тэмдэг, мөн чанар бүхий “ОРШИХУЙН ГУРВАЛ” гэж үзэхээс өөр аргагүй юм. Учир нь тэдгээр бүтээлүүдээс хойш кино урлагаар дамжуулан үндэстний оршихуйн асуудлыг хэн ч тийм түвшинд хөндөж чадсангүй. Бидний оршихуйн өмнө одоо ч махир тахир асуултын тэмдэг гозойж байна. Чухамдаа оршихуй хэмээхийг материаллаг хэмжээнд ойлгогчдын хувьд юм юмтай л оршиж байна. Гэтэл оршихуйн хамгийн нандин зүйлс бага багаар алдагдсаар.Тиймээс л найруулагчийн хариулт нэхсэн асуултаас цааш хайцгаая. Олохуйяа тун бэрх билээ.
Үнэндээ энэрэл хайр бол оршихуй юм. Үзэн ядалт ч ялгаагүй.
Хөөрхий цох хорхой амь амьдралаа залгах гэж гүйж байгаа нь бэрх гашуун амьдрал үзэж, ухаан санаагаа алдсан эхийн нүдэнд бүхээгтэй хар машин болж харагдана. Айдсаа дийлэлгүй барьж аваад зажлаад идэж орхино. Гашуун амт, гашуун зовлонгоо идэж орхино. Үүгээр юуг илэрхийлсэн бэ? Тэр цагийн хилс хэрэг, хэлмэгдүүлэлтийн хамаг гашууныг тийм л зовлонт эхчүүд бие сэтгэлээрээ идсэн юм. Даанч бид хэлмэгдэгсдийн зовлонг л өрөвдөж шогшроод байснаас амьдаараа “үхсэн” эхчүүдийн зовлонг анзаараагүй шүү дээ. Харамсалтай нь одоо ч буун дуу, шорон, хяргалал, ногоон малгайтны харгис дүрээр л тэр цаг үеийг кино хальсанд буулгасаар. Тэр бүхний цаана чухам юу болж байсныг энэ мэт олж харж, өөрөөр сэтгэж чадахгүй л байна. Хяргалаад л, цохиж унагаад л, ус цацаад л, “хэргээ хүлээ, муу хувьсгалын эсэргүү” гэж муухай хашгирсаар. Ердөө цагийн хэрэг явдал, бүхний гадарлах, мэдэх болсон цагийг харуулах гээд байгаагаас цаашгүй. Ойрхон л сэтгээд байгаа юм.
Эхлээд хань ижил, дараа нь ганц хүүгээ дайнд алдаад ухаан санаа нь эрүүл саруул байх ямар ч боломжгүй болсон хөөрхий эх хэвийн бусаар ч болтугай ухаарч сэтгэж байна. Тийм байдгийг эртнээс таньж мэдсэн өвгөд минь “Галзуу хүн сохор ухаантай” гэж хэлсэн байж таарна. Огт ухаангүй гэж хэлээгүй үг шүү. Сохор ухаантай. Тэгээд л хүхээгэндээ сумтай бууг авч гүйгээд овоон дээр суугаа залуу дээр очоод “Чи тэнгэрт гараад миний хүүг олоод ир” гээд буудчихна. Оршихуйн эмгэнэл ийн дуусна. Гэвч юу ч дуусаагүй. Одоо ч хээр талд хүн чулууд уйлж байгаа... Үнэнч иргэн нэрээр урвагч Жүрмэдүүд матаасаа дээш нь бичиж, шударга шулуун явсан Элдэвүүд хохирч, жаахан хүн- сэтгэлтэй Жинжмаанууд хүн дүртэй чононууддаа хэмлүүлж, амин хувиа хичээгч Зэвэгүүд хар буурин дээр бэр хүүхдээ орхин нүүж, хөөрхий Цэвэл шиг эхчүүд зовлонгоо хар хорхой шиг идэж суугаа. Оршихуй бол энэрэл хайр юм. Бас үзэн ядалт юм гэдэг философи үзэл санааг л харин монгол кино урлаг үгүйлсээр байгаа...
Үнэндээ оршихуй бол хүн чанар юм. Бас тэмцэл юм.
Эцсийн эцэст хүү хамаг хувцсаа тайлж шидээд ээрэм тал, элсэн манхан дундуур гүйж одно. Эх нь хичнээн удаа нэрээр нь дуудавч эргэж ирэхгүй. Цааш унаж тусан гүйсээр л байна. Үнэндээ амьдралд хүүгийн хийж чадах цор ганц тэмцэл бол зугтаах байлаа. Хүү яагаад бидний оршихуй гэж ойлгодог амьдралаас ийн зугтана вэ? Тэр хэтэрхий их тэвчсэн юм. Тэвчээрт хязгаар буйг, оршихуйд бас хязгаар буйг харуулжээ. Зүүн цохон дээрээ том хар мэнгэтэй нэг хурган даргын архины халуундаа тавтиргүйдсэн алдаанаас хүү төржээ. Тэр хүн чанаргүйгээс үүдсэн үйлийн үрийн алдаанаас төрсөн нэг муу ядарсан “алдаа” хөгшин эмээтэйгээ хамт амьдарч, харин төрүүлсэн эх нь нутгийн бас нэг хүн чанаргүй эрийн гэрт чааваас тогоог нь өнгийж амь зууна. Эхнээсээ л хүн чанарын эрэл явсаар байна. Даанч тэр хөдөө буйдын ахуйгаас үл олдоно.
Хэрэв анзаарсан бол хамаг үйл эхлэхэд халамцуу дарга гэрийн үүдэнд машинаас буугаад цааш хэд алхаж морь хараад буцахдаа гадаа байсан тулганы голоор хөлөө оруулаад тээглэж, хараал хэлж холоо шидчихнэ. Тэр л айлын гал голомт ямар нэгэн муу зүйл цаашид өрнөхийг тун нарийн харуулжээ. Дараа нь хөгшин эх нь нас барж, хөдөөлүүлээд ирсний дараа гэрийг нь хурааж, эд хогшлыг нь хүүгийн хойд эцэг янзалж сууна. Бурханы өмнө тавьсан цөгцтэй цайны дээжийг тулга руу цацаад цөгцийг нь өвөртөлнө. Гал голомт унтарна. Цайны дээжийг зүгээр дээш цацчихаж болох л байсан. Гэхдээ заавал тулга руу цацаж, цогшиж байсан гал унтарна. Ингээд л хүүгийн хамаг оршихуй унтарч, энэ цагаас хүү бусдын оршихуйгаас хүн чанарын эрэлд гарах өгүүлэмж үргэлжилнэ. Хүү эрж хайсаар гэвч олдсонгүй. Эцэст нь цөхрөөд хээр тавьсан эмээгийнхээ гавлын ясыг олж, уйлан хайлан байж энхрийлэн тэвэрнэ. Амьд хүмүүсээс биш үгүй болоочоос хүү хүн чанарыг мэдэрч байна. Хүн чанар үхжээ. Бараг текст байхгүй, дуугүй үйлдлүүдээр ганцаардал, айдас, өнчрөлийн дуу хоолойг хангалттай хашгируулж чадна. Төгсгөлд нь хүү төрсөн дүүгээ хоёр хөлнөөс нь барьж зогсохыг харсан эх нь дуу алдан очихдоо гэрийнхээ зуухыг өшиглөн унагааж, гэрээр нэг үнс нурам бужигнана. Энэ удаа тулга биш зуух өнхрөн унана. Бас л гал голомт. Хойд эцэг нь арга барсан байдалтай хүүгээс аргал оруулж ирэхийг гуйна. Харин хүү хормойлж ирсэн аргалаа үүдэнд асгаад гүйж одно. Түүнд тэр л айлын зууханд гал асаах хүсэл байсангүй. Оршихуйн эрэл ийнхүү дуусна. Гэвч юу ч дуусаагүй. Одоо ч амин мөр баларч, хээр талд хүн чанарын эрэл, тэмцэл үргэлжилсээр байна. Харин оршихуй бол хүн чанар юм. Бас тэмцэл юм гэсэн найруулагчийн философи үзэл санааг монгол кино урлаг үгүйлсээр байгаа.
Чухамдаа оршихуй бол ураг удам юм. Бас сэтгэл юм.
Эртний нэгэн хүн тэнгэр шүтээндээ хандаж ”Араасаа сүүдэр чирсэн хүмүүн хайрла” хэмээн мөргөж залбирна. Орчлон ертөнцөд хүний оршихуй мөхөж байна. Орчлон ертөнц ч мөн мөхөж байна. Энэ бүхэн гэхдээ тийм ёр билгийн цаг хугацаанаас биш харин өнөөгийн биднээс ХҮН нэхэж буй нэхэл гэдгийг хэн ч анзаарна. Хэдийгээр хүмүүн буй мэт боловч ХҮН үгүй болжээ. Ийм л үзэл санаа хоёр охиноо дагуулан хүний эрэлд явах өвгөний цөхрөл хилэнц нүглийн дээдийг “үйлдэхээс” өөр аргагүй байдалд хүргэнэ. Ураг удам залгамжлах хүмүүн болбоос оршихуйн үндэс бөгөөд түүний тулд чухам юу ч хийхээс үл буцах өнгөрсөн цагийн халхавч өгүүлэмжээр өнөөгийн цагийнханд хандан хэлсэн дохио тэмдэг юм. Хамаг алт эрдэнэсээ нуурын усанд шидэхдээ өвгөн ”Амьд хүмүүн үгүй цагт алт эрдэнэсээр юу хийнэ” гэж хашгирах билээ. Тэр хашгирааныг одоо ч олонд хүнд сонсгох хэрэгтэй санагддаг. Улирсан цагийнх бус ирээдүй цагийн эмгэнэлийг илэрхийлэх ой санамж ч юм.
Өвгөнийг үгүй болсоны хойно хоёр охинд нь илгээсэн анчин эр, тэдний хоорондын сэтгэлийн ээдрээ оршихуйн хамгийн түгээмэл үзэгдлийг бидэнд харуулна. Оршихуй гээч үндсэндээ сэтгэлээс шалтгаалахыг хэлнэ. Тэгээд л оршихуйн тэмцэл нь сэтгэлийн тэмцэл болж хувирна. Ялагчгүй бас ялагдагч үгүй тэмцлийн төгсгөлд бүлээн нурман дунд дөрвөн хөллөн явсаар, чонон сүрэг дунд оцойн суух ганц хүү. Оршихуй гашуудалтайгаар ийн дуусна. Гэвч юу ч дуусаагүй. “Амьд хүн үгүй бол/ амьд гэдэг нь амьсгаатай, алхаатай, амьдралтай байхын тухай бус. Өөр ойлголт/ алт эрдэнэсээр юу хийнэ, ураг удам тасарвал улс гүрэн тогтоод яах, сэтгэл үгүй бол хүн байгаад ч яах вэ?” гэсэн оршихуйн философийн том үзэл санааг монгол кино урлаг нэхсээр байна.
Тиймээс ч найруулагч нэг киноныхоо өмнө ” Хүндэт үзэгч танаа өчих ину ”Хүн чулууны нулимс”, “Бүлээн нурам” бүтээлүүдийн үргэлжлэл “Амин мөр” киног өргөн барих ялдамд эдгээр гурван фильмыг нэгэн шижимд багтаан”мөхлийн ирмэгт” гэсэн нэртэй цуврал болгон үзэгч таны мэргэн оюунд толилуулав” гэж онцолсон байдаг юм. Харин дахиад л бидний ОРШИХУЙ “мөхлийн ирмэгт” тулж ирснийг маргааш түүнээс өөр хэн бидэнд сануулах вэ?

ГАРЦААГҮЙ ПҮРЭВХҮҮГИЙН БАТХУЯГ
 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)