Дүгэр 58 настай. Эхнэр Долгорын хамт хотын захын хороололд амьдардаг. Гэрийн эзэн эзэгтэй хоёул айлын өргөмөл ганц хүүхэд. Төрсөн талаараа бол өөрөө 10 хүүхэдтэй айлын гурав дахь, эхнэр нь есөн хүүхэдтэй айлын дөрөв дэх нь билээ. Хоёр талын төрсөн аав, ээж, өргөсөн аав, ээжийн хамаатнууд, төрсөн талын дүү нар гэх мэт жилийн бүрийн Цагаан сараар тэднийх нас насны нийт 300 орчим зочин хүлээж авна.
Таван үеэр таваг засаж, үхрийн өвчүү чанаж, боломжийн гарын бэлэг бэлдэж, аль болох даруухан бөгөөд өнгөтэй шинэлэхийг хүснэ. Гэсэн ч хэмнээд хэмнээд цагаан сарын зардалхоёр сая төгрөг давна. Сар шинийн эхний гурван өдөр тэднийх хөлд дарагдаж, гарч шинэлгээ хийх боломж олддоггүй билээ. Ингэлээ гээд жилдээ ганц уулзах нь битгий хэл утсаар ярьдаггүй садантайгаа удаан ярих ч боломж олдохгүй байх нь бий. Нөгөөдүүл нь нарны эртэд их хотын хөдөлгөөн дунд орох айлаа дуусгах гэж яарна. Ёстой л шуурганд төөрсөн аятай “Цай, бэлэн юм амсаад, бэлгээ аваад гаръя” гэдэг л болно. Хүүхдүүд нь Сар шинээр нэг нэгнээ харах ч бусад үед хаа таарсан газраа мэндлэхгүй зөрөх нь элбэг.Энэ жилийн тухайд тэдний хөл хөдөлгөөн 50 хувь багасчээ. Зардал ч гурав дахин буурсан байна. Ингэлээ гээд тэднийх өмнөх жилээсээ дутуу шинэлсэнгүй. Буузаа хийж, махаа чанаж, өмнөх жилүүдийн адилаар таван үеэрээ тавгаа засаж, ирсэн зочдынхоо алгыг дээш нь харуулсан. Шинийн нэгний өглөө Дүгэр хажуугийн уулынхаа овоон дээр нар мандахаас өмнө хүүгээ дагуулан гарч, Долгор цайнхаа дээжийг өргөж, алс хол Алтайд суух ээжийнхээ мэндийг мэдэж, биеийг асууж, ах дүү нартайгаа сүлжээгээр холбогдов. Өнөөх жилдээ нэг уулздаггүй юм гэхэд утсаар ярьдаггүй, зочлохоор ирсэн ч удаан суухгүй яардаг садантайгаа цахим сүлжээгээр холбогдож, хууч хөөрөв. Зуны дэлгэр цагт уулзах тов ч гаргажээ. Түүний шинэлгээний хувьд өмнөх жилээс юу ч дутуу байсангүй. “Сохорсон биш завшив” гэдгийн үлгэр энэ жил монголчуудад тохиосон гэхэд болно. Дэлхий нийтийг айдаст автуулсан шинэ төрлийн коронавирусийн халдварын улмаас Ерөнхийлөгч уриалга гаргаж, монголчууд Цагаан сарын баяраа тэмдэглэж чадахгүйд хүрсэн нь харин ч Цагаан сараа “аврах” үйлээр солигдлоо. Учир нь өнөөдөр монголчууд Цагаан сарын баяраа улам л хавтайруулан, жилээс жилд өртгөө ихэсгэж, өөрсөддөө ачаа болгон тэмдэглэдэг ч утга учир, бэлгэдлийг нь алдахад хүрээд байгаа юм.
Утга учир, уламжлалаа алдсан уу
Цагаан сарыг Хүннүгийн үеэс монголчууд мал, хүнээ тоолох зорилгоор тэмдэглэдэг болсон тухай эртний сурвалжуудад тэмдэглэн үлдээсэн нь бий. Түүнээс хойш уламжлагдан ирсээр өнөөдөртэй золгосон. Эртний уламжлалын дагуу бол Цагаан сарын баярын нэн тэргүүний утга нь он цагийн эхлэл. Энэ л өдөр бүх монголчууд нас нэмж, дараагийн он эхэллээ гэж тооцдог байсан. Тэгвэл өнөөдөр Цагаан сарын шинийн нэгнийг тогтоосон өдөр нь зөв, буруу гэж жилийн жилд маргалдсаар, зурхайчид өөр, өөрхийнхөөрөө тайлбарласаар байдаг нь энэхүү баярынхаа утга учрыг бүрэн гаргаж чадахгүй байгаа эхний жишээ.
Дараагийн нэг утга учир нь ураг удмаа тоолох, ямар өрх нэмэгдэж, хэнийх бүл нэмж гэдгээ бүртгэх юм. Үүний цаад учир нь есөн үеэ мэдэж, цус ойротохоос сэргийлэх зорилготой. Тэгвэл Дүгэр, тэдний хамаатны хүүхдүүдийн адилаар жилдээ нэг бие биенийхээ барааг харж, мэндлэлгүй зөрдөг залуу садангууд олон бий. Мөн өнөөдрийн монголчуудад есөн үеэ мэдэх хүн өдрийн од билээ. Түүнчлэн Цагаан сар эв эеийг эрхэмлэх баяр. Өмнөх жилдээ ам муруйсан, үл ойлголцсон хүмүүс энэ л өдрүүдэд эвлэрдэг байжээ. Мөн Цагаан сараар монголчууд шинийн 15 хүртэл чанга дуугарах, хэрүүл хийх, уурлахыг тэвчдэг байсан гэдэг. Энэ нь нэг талаараа сэтгэлийн засал болж, биеийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө гэж үздэг байсан. Гэтэл одоо бол монголчууд Сар шинийн баяраараа юун уурыг тэвчих замын түгжрэлд ороод л бие бие рүүгээ элдэвийг хэлж, хашгирдаг. Энэ мэт утга учрыг алдсан жишээ олон.

Зээл авч шинэлдэг монголчууд
Жил бүрийн хоёдугаар сард банкнаас олгосон тэтгэврийн зээл бусад саруудаасаа өсдөг байна. Мэдээж энэ нь Цагаан сард зориулагдсан зээл. Үүнийг Үндэсний статистикийн хорооноос гаргасан “Цагаан сар ба эдийн засаг” судалгааны сүүлийн гурван жилийн тоо батална.
Өөрөөр хэлбэл, арилжааны банкуудын олгосон цалин, тэтгэврийн зээл 2017 оны хоёрдугаар сард 508 тэрбум төгрөгийн зээл олгосон нь тухайн оны дундаж зээл олголтоос 40 хувиар илүү байсан. Тэгвэл 2018 оны хоёрдугаар сард 335.3, 2019 оны оны хоёрдугаар сард 97.7 тэрбум төгрөгийн зээл авсан байгаа юм. Энэ нь идээ, гарын бэлэг, баярын гоёлд зарцуулагдана.
Дээрх судалгаагаар идээ, гарын бэлэг, баярын гоёлын нийлбэр дүнгээр нэг өрх цагаан сарын баярт дунджаар 2.2 сая төгрөгийн зардал гаргахаар байгааг тооцсон. Өөрөөр хэлбэл нэг өрхийн мах, ууцны хэрэглээ дунджаар 499.8 мянган төгрөг болж байгаа бөгөөд үүний 56 хувийг хонины ууцны зардал эзэлдэг. Нэг өрхөөс гэхэд цагаан сарын баяр тэмдэглэхэд гардаг дундаж зардал 2018 онд 814.2 мянган төгрөг байжээ. Насны бүлгээр зардал өөр байх нь ойлгомжтой бөгөөд зардал жил бүр өсөж байгаа. Тухайлбал, 2018 онд 30 хүртэлх насны өрхийн тэргүүлэгчтэй өрхийн зардал өмнөх оноос 30.6 мянган төгрөгөөр өссөн бол 50-59 насны өрхийн тэргүүлэгчтэй өрхийн зардал 58.9 мянга, 60-аас дээш насны өрхийн тэргүүлэгчтэй өрхийн зардал 94.7 мянган төгрөгөөр өсжээ.
Жишиг Цагаан сар
Энэ жил монголчуудын хувьд жишиг Цагаан сар байлаа. Цагаан сарыг нүсэр болгож, өөрсөддөө ачаа нэмэлгүй тэмдэглэж болохыг монголчууд нийтээрээ харлаа.
Өртөг бага, цомхон ч ахмад настан, аав ээждээ золгож болдогийг үзлээ. Сар шинийн баяр гэж банкинд дараалал үүсгэж, цалин тэтгэврийн зээл авч, халаасаа сэгсэрчихээд дараа сард нь хүрч ядахгүй байж болдогийг мэдэрлээ. Бэлтэй харагдах гэж хонины ууц, хэвийн боовоор том таваг засчихаад хайрцаг хайрцгаар нь хог дээр хаяхгүйгээр Цагаан сар хийлээ. Ингэлээ гээд Дүгэрийн шинэлгээний адил Сар шинийн утга учир өмнөх жилийнхээс муудсангүй. Харин ч олон сайн талтай байлаа. Тиймээс энэ жилийн Цагаан сарыг цаашид ч жишиг болгож, ингэж л шинэлье.