Манаач өвөө

/дурсамж эсээ/

Хүүхэд насанд хаа нэг аав ээжийн ажилд дагаж очих хачин сонин сайхан байдагсан. Томчуулын ямар ажил хийж, хэн нь дарга цэргийг сайн мэдэхгүй ч гарч орсон, үймж шуугилдсан тэдний дунд алив бүгдийг шохоорхон хараад өдрийг барах зугаатай байлаа. Ээж минь 17-р сургуулийн хойд далантай жалга дөнгөж гэтлээд байх барааны дэлгүүрт нярав ажилтай. Худалдаанд ирсэн барааг агуулахад бүртгэх гээд өдөржин завгүй гүйнэ. Харин би өндөр хөлтэй, урт шаттай манааны шовгорт голдуу сууж ээжийгээ нааш цааш гүйж явааг дээрээс нь харна. Өвгөн манаачийн хуучин бууг сэмхэн илж үзнэ. Өтгөн хар цайнд нь чихэр хутгаад ууж сууна. Тэр л үедээ ийм буу үүрсэн дэлгүүрийн манаач болоод бас бүжигчин эхнэртэй болно гэж мөрөөддөг байлаа.
Харин ээжийн ажилладаг дэлгүүрийн манаач нь хэлхэгэр хар дээлтэй, янхигар бор өвгөн байх. Үе үе толгой илж өхөөрдөнө. Сургуүль ном гээд ойр зуурын зүйл асууна. Ер нь над шиг өрвийсөн үстэй, сэрвийсэн харцтай, яаж дэггүйтэх билээ хэмээн аргаа барсан амьтантай өөр юу ч ярих билээ. Би бол манаачийн буу хэдэн сумтай, яаж бууддаг, давсан сум бий юу, түүгээр хүн буудвал алж барах уу? гээд элдвийн л юм шалгаана. Өвгөн шооч нүдээр алсыг харж, шүдгүй шахуу амаа ангалзуулан" газар дээр нь нам унагаана" гэхэд нь би дэлгүүрийн хашааг нэг муу хулгайч даваад ирэхэд өвөөг яаж буудаж унагаах бол үзэхсэн гэхдээ хаалга үүдээр орж ирсэн эвгүй царай зүстэй хүн бүхнийг баярлан харна. Даанч хэн тийм гэгээн цагаан өдрөөр дэлгүүр хоршоо дээрэмдэх билээ.
-Өвөө тэр уулын оройд таны бууны сум хүрэх үү?
-Хүрэлгүй дээ, хүү минь...
-Та нэг буудаад үзүүлээч.
-Болдоггүй юмаа, хүү минь л гэнэ. Ээжийн ажил дээр очих тоолондоо манааны шовгорт гүйж гараад л өвөөгөөс улигт асуултаа асууна. Өвөө ч хариулдагаар л хариулна.
-Та хэдэн хулгайч буудаж унагасан бэ? гэхэд эрүү амаа мушийлгаад "олон, олон" гэхэд яг тэр үед дэргэд нь байж чадаагүй өөрийнхөө азгүйг л гайхдаг байлаа.
Гэтэл нэг зун манаач өвөө зурагтаар гарав. Арай залуухан гэхдээ дүрээрээ байв. Жанжин Д.Сүхбаатар эхнэр Янжмаатайгаа хамт зах зээлээр явж байгаад хөөрхөн цоохор морь шохоорхоно. Морины наймаачин нь манаач өвөө байв. Гайхахын дээдээр гайхав. Бас удалгүй том цоохор дээл өмсөөд ташаандаа модон хуйтай нагаан буу бүсэлчихсэн "Их замын эхэнд" киноны Хөх чоно гэдэг эх оронч эрийн тухай кинонд ч бас түүний дүрийг нь олж харав. Тэгээд л манаач бас кино жүжигчин байж болдог тухай нэг хэсэг бодов. Дараахан нь мэдээж" Эцсийн тушаал" нэртэй теле жүжигт манаач өвөөгөө хэрхэн тоглосныг хараад нэг л зүйлийг там тум ухаарч билээ.
Гэхдээ хүүхэд насны л ухаарал. Манаач хүмүүс дандаа өвгөн настай байдаг нь тэд залуудаа өөр ажил хийж яваад дараа нь манаач болдог юм байна. Би тэгэхээр эхлээд зохиолч болоод дараа нь манаач болох ёстой хэмээн бодсон билээ. Сүүлд тэрхүү "Эцсийн тушаал" жүжгийг арай өөр хэмжээнд үзэж суухдаа манаач өвөө минь үнэхээр монгол суурьтай жүжиглэлтийн жинхэнэ сүүлчийн " манаач" нарын нэг байсныг ойлгож билээ. Элдэв хүчмэл тоглолт байхгүй. Нэг их хашгирч, хиймэл дүр бүтээдэггүй. Ердөө л байгаа байдлаараа дүр бүтээх урлаг. Манааныхаа шовгорт тамхи нэрээд жижигхэн сэхээвчээр эргэн тойрныг харж байгаа мэт энгийн. Ийм л чанар эдүгээ манай жүжигчдэд үгүйлэгдээд байгааг мэдэрсэн юм. Манаач өвөөд өөр бас нэг онцлог байжээ. Монгол киноны түүхэнд л лав түүний бүтээсэн дүрүүд дахин давтагдахгүй шинжтэй. "Хатанбаатар Магсаржав" кинонд бүтээсэн дүрийг нь санахад л ойлгомжтой. Тэр "нэг дүрт жүжигчин" байсангүй. Хувирч хувьсаж чаддаг, огт ондоо хэв шинж бүхий "олон дүрийг бүтээгч" жүжигчин байжээ. Ийм л чанар эзэмшихийн тулд жүжигчин хүнд авьяас гэдэг ховор сайхан бэлгээс гадна амьдралыг танихуй гэдэг нэмэр сайхан "ухаан" хэрэг болдог ажээ.
Бүр сүүлд жүжигчин Ж.Сүххуягийг багшийнхаа шарил дээр авсан одонгоо булна гэсэн аархуу ярилцлагыг уншаад манаач өвөө минь бас сайн багш байсныг мэдэж билээ. Хүн нь ямар байна, багш тийм л сэтгэгдэл үлдээдэг болохыг би мэднэ. Багш нь ямар байна, шавь бас тийм түвшинд хүрдгийг ч ойлгоно. Ё. Цог, Ц.Төмөрбаатар гээд ямартаа манай театр киноны урлагийн хийсэн юмтай, хэлэх үгтэй шавь нарыг тэр өсгөн өндийлгөж, өөрчлөн бүтээж чаджээ. Ганц бие чадалтай түүгээрээ дуусдаг хүмүүс даанч бидний дунд дэндүү олон. Хийсэн бүтээсэн нь гайхалтай боловч надад яагаад ч юм бэ, нэг л дутуу дундуур санагдаад байдаг. Лав л тийм "хувьхан" чанарын өтөл бэртэгчиндүү замыг манаач өвөө минь туулаагүй юм байна.


Хүний хувь ерөөл гэдэг угаасаа тайлагдашгүй хачин зүйл мэт санагдана. Зохиолч Д.Норовын "Эцсийн тушаал" жүжгийн хэлмэгдэж хохирсон өвгөн дүр түүний туулсан амьдралтай адил ч юм шиг санагддаг. Харваас амьдралд зөв шударгаар яваад хохирсон атлаа огт гомдол санал дэлгээд явдаггүй, нэг зан байдлаараа "монгол" хүний дүрийг зохиолч бүтээжээ. Өнөө цөлх халх хүний дүр. Тэр л дүрд бүхий л талаараа манаач өвөө минь яг тохирсон мэт. бас тэр бүтээсэн дүр шигээ амьдарсан мэт бодогдоно. Шингэж буй нарны наагуур хээр морьтой бөгтийтөл шогшоод одож буй өвгөний дүр бидэнд амьдралын зах зухаас таньж мэдэхийн асар том ухаарал өгдөг билээ. Хэрэв тийм ухаарал төрөөгүй бол зохиолч Д.Нороовыг, манаач өвөөг минь ч бүрэн дүүрэн таньж мэдээгүйгээ ухаарцгаа. Угаасаа амьдрал гэдэг дандаа ашиг завшаан хайгчдын ялалтаар төгсдөг гэж бид боддог. Харамсалтай нь тийм биш. Амьдрал олон талаараа сайхан зүйл. Зөв сайхныг хийж бүтээж, өв үлдээж чадсан хүмүүсийн талд л хожим зогсож байдаг. Тиймээс амьдралыг, амьдарч чадсан хүмүүсийг зүгээр л хайрлан дуулмаар болно.
Саяхан болтол өвөөгийн суудаг манааны шовгор түүгээр явж ахуйд харагддаг байлаа. Одоо үзэгдэхээ байжээ. Эсвэл би өөр зүйлд сатаараад анзаарч харахаа байжээ. Үнэндээ буу үүрээд дэлгүүрийн хашаа тойрон алхах манаач болох хүслээ гээж, өөр дэндүү том зүйлд санаархан явдгаас болсон биз. Уран зохиолдоо ч зөв талын манаач хийж чадах байгаадаа ч эргэлзэнэ.
Хэрэв цагийг ухрааж, хүүхэд насны тэр торгон мөчид хүрэх аваас манаач өвөөгөөс би буу сумны тухай бус огт өөр зүйл асуух байжээ. Даанч тийм боломжгүй. Сергей Есенины "өнгөрсөн бүхэн эргэж ирэхгүй" гэдэг шүлэг шиг нэгэнт тэр цаг тэртээд оджээ.
Зохиолч Дэмбээгийн Мягмарын "Үер" туужаар хийсэн" Хүний сайхан сэтгэл" киноны олзонд шуналтай Доригийн дүрийг тэр яаж бүтээлээ. Муугийн муу дүр л дээ? Гэлээ ч цаанаа нэг хүлээн зөвшөөрч болох талтай. Хүн бүхэн л олохын төлөө явдаг шүү дээ гэж зөвтгөж болох өнцөгтэй бүтээсэн байдаг юм. Энэ л өнөө давтан хэлээд байгаа дүр бүтээх мөн чанар. Түүний цаана буй нэг бөөрөнхий зүйлийг олж таньсан хүний чадвар. Харин тэр бөөрөнхий зүйлийг одоохондоо жинхэнэ жүжиглэх урлаг гээд байгаа юм.
Кинонд усч Дэнзэн өвгөний хөгшинтэй ярьж суугаад мордохдоо "төгрөг сартай манхан шарга минь түрүүлээд ирэв , хө" гэж хэнгэнэтэл дуулсаар мориндоо мордоод оддог шиг л манаач өвөө минь биднээс мордоод явчихжээ.
Тэгдэг л жамтай хойно бидэнд зөвхөн дурсах эрхийг л үлдээжээ. Даанч тэр эрхээ эдэлж чаддаг, эдлэх сэтгэлтэй, зүрх зоригтой нь цөөрсөөр байнам.

ГАРЦААГҮЙ ПҮРЭВХҮҮГИЙН БАТХУЯГ


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Сэдэд гуай сайхан жүжигчин

    0 0 Хариу бичих