Маргарет Митчелл “Маргааш өөр өдөр”


"Салхинд туугдагсад" романы зохиолч Маргарет Митчелл тун сонирхолтой амьдрал туулжээ.
Түүний бичсэн цорын ганц энэ роман хэдийгээр үзэл санааны хувьд Америкийн албан ёсны түүхтэй зөрчилдөж, боолуудыг чөлөөлснийг гэмт хэрэг хэмээн өгүүлдэг боловч зохиолчоо алдрын оргилд хүргэж, Митчелл амьд ахуйдаа сонгодогт тооцогдох болсон юм.

Роман хэвлэгдээд удалгүй Пулицерийн шагнал хүртсэн бөгөөд гуравхан жилийн дараа буюу 1939 онд дэлгэцнээ буужээ. Киноны нээлтийн үеэр Холливудын од Вивьен Ли, Кларк Гэйбл нар олны анхаарлын төвд байлаа. Харин зохиолч бүсгүй хэнд ч анзаарагдалгүй зайтайхан зогсож байсан гэдэг.

Романы гол баатар Скарлетт О'Хараг зохиолч өөрөөрөө жишээлэн бичжээ. Ирланд гаралтай, Америкийн өмнөд нутгийн үлгэр жишээ гэр бүлд төрсөн энэ бүсгүйн роман "Скарлетт О'Хараг царайлаг бүсгүй гэж хэлэмгүй" хэмээн эхэлдэг ч Маргарет үнэндээ сайхан бүсгүй байсан юмсанж. Гэхдээ үеийнхэн нь Маргаретийг юун түрүүнд тун сайн өгүүлэгч, гайхалтай сонсогч байсан гэж дурсдаг. Маргаретийн хоёр өвөө хоёулаа Америкийн иргэний дайнд оролцож явсан. Бүсгүй хоёр өвөөгийнхөө дурсамж дурдатгалыг чих тавин сонссоор өссөн байна.

Өөр нэг гол дүр Ретт Батлерийг зохиолч бүсгүй нөхрөөрөө жишээлэн бичсэн юм. Гэхдээ Митчеллийн нөхөр Реттээс ширүүн зантай. Гэлээ ч зохиолч бүсгүй түүний аль сайхан шинжийг дөвийлгөн бичсэн нь нэг бодлоор мөрөөдлөө биелүүлсэн гэлтэй.

Маргарет 1900 онд Атланта хотын өмгөөлөгчийн гэр бүлд төрж, сургуулиа төгсөөд коллежид элсэн суралцав. Сүйт залуу нь Францын төлөө тулалдаж яваад амиа алдсан гэдэг. Ингээд найруулж бичихдээ сайн бүсгүй 1922 онд хотын сонингийн редакцид ажилд орж, яваандаа тус сонины тэргүүлэх сэтгүүлч болсон байна. Тэр үедээ жинхэнэ өмнөдийн гэмээр жэнтэльмэн залуутай учирсан нь Бариэн Киннард Апшоу юм. Атлантагийнхан түүнийг Рэд гэж дууддаг байлаа. Рэд романы баатар Ретт Батлерын нэгэн адил хэсэгтээ согтууруулах ундааны хориотой наймаа хийж байв. Маргарет эмэгтэйчүүдэд хөл алддаг нөхрөө үйлчлэгч бүсгүйтэй учир ургуулсныг мэдсэн гэрлэлтээ цуцлуулах санал тавьсан ч нөхөр нь түүнд гар хүрчээ. Тэгмэгц бүсгүй хөх няц болсон нүүрээ нуулгүй шүүхэд хандан гэрлэлтээ цуцлуулжээ. 

Чингээд жилийн дараа Рэдийн чанх эсрэг зан чанартай, тайван дөлгөөн нөхөртэй болсон нь даатгалын агент Жон Марш билээ. Маргарет түүнтэй гэрлээд удалгүй шагайгаа гэмтээсэн тул хэсэгтээ л гэртээ суусан гэдэг. Тэгмэгц нөхөр нь ер нь зохиол бичээд үзээч гэж хэлсэн байна.

Маргарет анхандаа “Маргааш өөр өдөр” гэж нэрлэсэн алдартай романаа арван жилийн турш бичсэн юм. Шагайгаа нэлээн хүнд гэмтээсэн болохоор явдал суудал ихтэй сэтгүүлчийн ажилдаа эргэж орсонгүй. Номын гар бичмэлээ Атлантад томилолтоор ирсэн хэвлэлийн компанийн төлөөлөгчид өгвөл цаатах нь дэндүү зузаан юм гээд голонгуй хандсан ч уншиж үзээд тэр дороо хэвлэхээр тохиролцов.

Зохиолыг Америкийн яруу найрагч Эрнэст Даусоны шүлгээс эш татан “Салхинд туугдагсад” хэмээн нэрлэжээ. Энэ романыг олонтаа хэвлэж, олон хэлэнд орчуулсан бөгөөд орчуулгын ажлыг Маргарет өөрөө хянаж байлаа. Үнэнч уншигчид нь түүнийг ахиад зохиол бичээч гэж ятгах ч Маргарет ахиж бичсэнгүй. Арван жил бичсэн бүтээлдээ бүхий л хүсэл мөрөөдлөө бүрэн дүүрэн шингээжээ.

Дэлхийн II дайн түүний амьдралд төдий л нөлөөлсөнгүй. Маргарет 1949 оны зуны нэгэн орой кино үзэхээр нөхөртэйгөө гэрээсээ гарч яваад машинд дайруулан харамсалтайгаар нас барсан юм. Үхэл гэдэг угаас таамаглашгүй, гэнэтийн бөгөөд утга учиргүй байдаг гэдэг нь л энэ биз ээ.

Маргаретийн нэг найз "Пэггиг (Маргаретийн багын нэр) яг тийм байсан гээд тодорхойлоход хэцүү л дээ. Хөгжилтэй, бусдын үүх түүхийг маш их сонирхон сонсдог, олон зүйлийг сонирхдог, маш сайн өгүүлэн хүүрнэгч байсан. Ер нь Өмнөд нутгийнхан уран сайхан ярьдаг хүмүүс. Гэхдээ Пэгги шиг сонирхол татмаар ярьдаг нь ховор. Яриаг нь өрөө дүүрэн хүмүүс нам гүм болоод оройжин сонсдог байлаа" хэмээн дурссан байдаг.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)