БНСУ-ын Намьяанжү хотод CoVid 19 буюу шинэ төрлийн коронавирусийн анхны тохиолдол илэрчээ. Тодруулбал, 35 настай эрэгтэй монгол иргэнээс халдвар илэрсэн тухай Өмнөд Солонгосын naver.com сайт мэдээлжээ.
Хилийн хяналтын албаны мэдээгээр уг иргэн хоёрдугаар сарын 12-ны нислэгээр Солонгост очсон аж. Улмаар хоёрдугаар сарын 20-нд биеийн байдал нь муудаж Бунданы эмнэлэгт хүргэгджээ.
Дээрх иргэн БНСУ-д очсон өдрөөс бие нь тааруу байсан тул гадуур гараагүй аж. Хамт амьдардаг эхнэр болон эгчээс нь авсан шинжилгээний хариу сөрөг гарсан ч тусгаарласан байна.
Коронавирусийн халдвар авсан гэх монгол иргэний талаар Гадаад харилцааны яам үнэн бодит мэдээллийг яаралтай тодруулахаар хүсэлт явуулсан байна.