Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий эрэгтэйчүүдийн хамгийн хүнд жин буюу 125 кг-ын жинд “Сүлд” спорт хорооны тамирчин ОУХМ Д.Хүдэрбулга мөнгөн медаль хүртэв. Ийнхүү тэрбээр Азийн аваргаас тав дахь медалиа зүүснээс гадна тивийн иж бүрэн медальтай Монголын эрэгтэй бөхчүүдээс анхны бөх болж байна. Түүнчлэн түүний хувьд манай хүнд жингийн шилдэг бөхчүүд болох ОУХМ Ж.Чулуунбат, Н.Золбоо нартай адил Азийн АШТ-ээс таван медальтай болж айлсав. Д.Хүдэрбулга Шинэ Делид 1/4 шигшээд Пакистаны Мухаммад Анварыг 12:1-ээр, хагас шигшээд БНСУ-ын Нам Кун Жинийг 8:0-ээр ялсан ч алтан медалийн төлөөх барилдаанд 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга Казахстаны Юсуп Батырмурзаевт 0:10-аар ялагдав.

Эрэгтэйчүүдийн 92 кг-ын жинд “Хангарьд” спорт хорооны тамирчин ОУХМ М.Цогтгэрэл Шинэ Делигийн дэвжээнээс манай эрэгтэй бөхчүүдээс цорын ганц хүрэл медалийг авчирлаа. Түүний хувьд залуучууд, 23 хүртэлх нас, насанд хүрэгчид гэсэн гурван насны ангилалд тивийн аваргаас хүрэл медаль хүртэж байна. М.Цогтгэрэл 1/4 шигшээд БНСУ-ын Ли Сун Доныг оноогоор цэвэр (11:0), ялсан ч хагас шигшээд 2018 оны залуучуудын Азийн АШТ-ий мөнгөн медальт, Японы Такүма Оцүд 1:11-ээр ялагдсан. Хүрэл медалийн төлөөх барилдаанд Кыргызстаны Чингиз Керимкуловыг оноогоор цэвэр (11:1) яллаа.