Эрүүл мэндийн яам, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага, ХӨСҮТ-өөс цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ өглөө. Шинэ төрлийн коронавирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд эрүүл мэндийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Ялангуяа сүүлийн өдрүүдэд БНСУ-д өвчний тархалт эрс нэмэгдэж буй нь эмч мэргэжилтнүүдийн санааг зовоож байна. Өчигдрийн Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирсэн 17 иргэнийг Жаргалантын аманд байрлах сургалтын төвд тусгаарлаж тандалт шинжилгээ хийж байна. Одоогоор эдгээр иргэдийн биеийн байдал хэвийн байгаа ажээ.
Мөн уржигдар ХӨСҮТ-д тусгаарлагдсан зургаан хүний шинжилгээ сөрөг гарчээ. Одоогоор уг төвд найман хүнийг тусгаарлаад байна.
COVID 19 вирусийн халдвар 50 хоногийн дотор дэлхийн 28 улсад түгэж, зарим улсад голомтлон тархаж байгаа нь цар тахалд хүргэж болзошгүй аюул нүүрлэж байгааг ДЭМБ-аас сэрэмжлүүлж байгаа юм.
Одоогоор хараахан уг вирусийн эсрэг эм, вакцин гараагүй байгаа үед урьдчилан сэргийлэлт хамгаас чухал. Иймээс иргэд дор бүрнээ хичээж амны хаалт зүүн, гараа тогтмол угаах, гэр орноо ариутгах, аль болох гадуур зорчихгүй байхыг дахин сануулж байна.