Алаг мэлхийгээр наадахуй

Монголчууд эрт дээр үеэс хуучин жилийн өвлийн адаг сарын сүүлчийн өдрийн буюу битүүнийг үдэхдээ гэр бүлээрээ шагайгаар “Алаг мэлхий” өрж нааддаг сайхан уламжлалтай билээ. Алаг мэлхийгээр хэдэн ч хүүхэд тоглож болно. Алаг мэлхийг шагайгаар өрж дүрслээд тоглогчид ээлжээр шоо орхино. Энгийн алаг мэлхийн тоглоомонд 92 шагай ордог бол төрт ёсны алаг мэлхийн тоглоомонд 108 шагайгаар тоглодог. Цагаан сарын шинийн нэгний өдөр алаг мэлхийг тоглохдоо толгой талд улаан будагтай дөрвөн шагайгаар дугуйлан өрж, сүүлийг хар будагтай гурван шагайгаар хийдэг. Мөн зүүн гар талд хөх будагтай таван шагайг нум сумны сүүл хэлбэртэй өрөөд мод гэж нэрлэн, баруун хажуугаас нь тэр сумны үзүүр цухуйсан шинжтэй гурван цагаан өнгийн шагай өрөөд төмөр гэж нэрлэн бас дөрвөн сарвуун дээр нь шороо огторгуй, уул, салхи гэж тус тус нэг шагай тавьдаг.
Шинийн нэгэнд уламжлалт арван хоёр жилийн тоолол ёсоор учран золгож буй жилтэй ижил жилтэй хүн буюу жил нь орсон хүн эс олдвол түүнтэй ивээл жилтэй хүнээс эхлэн нар зөв тойрон суусан дарааллаараа шоо хаяж шооны нүхний буултаар шагай авна. Жишээ нь: нэг нүх буувал алаг мэлхийн дөрвөн сарвуун дээр тавьсан шороо, огторгуй, уул, салхи гэгдэх шагайны аль нэгийг, дөрвөн нүх буувал шилбэ, таван нүх буувал сарвуу эсвэл мод гэсэн шагайг гэх мэтчилэн тус тус авч тоглодог
Шооны нүхэнд тохирсон шагайг хүн авчихсан байвал мэлхийний их бие хэмээн өрсөн шагайнаас аль тохирох тоотойг авна. Жишээлбэл: нэг нүх буувал зүрх буюу давсаг, хоёр нүх буувал нүд,чих, бөөр гурвын аль нэгийг, гурван нүх буувал толгой, зургаа буувал хүзүү эсвэл зургаагаар өрсөн нуруунаас нэг эгнээг тус тус авна. Энэ мэтээр тоглосоор байгаад хамгийн олон шагай авсан хүн нь хождог. Гэхдээ зарим нутагт шооны нүх аваад дуусчихсан юмны тоогоор буувал тэр тоотой тэнцэх шагайг буцааж өрдөг дүрмээр тоглодог байна.

Эх сурвалж: "Музейн боловсрол" хөтөлбөр. Монголын Үндэсний Музей

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)