Шинэ коронавирусийн нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас ээлжит мэдээллээ танилцууллаа.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтэн О.Ариунтуяа " 2020 оны хоёрдугаар сарын 23-ны 09:00 цагийн байдлаар шинэ коронавирусийн халдвар 78741-д хүрлээ. БНХАУ-д нийт 77042 тохиолдол бүртгэгдэж, 2440 хүн нас барсан. 29 улсад нэмж 1699 тохиолдол бүртгэгдснээс 15 хүн нас барсан. БНСУ-д халдварын тоо нэмэгдэж 556 иргэн халдвар авсан нь тогтоогдоод байна" гэлээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү " Хоёрдугаар сарын 21-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан  хоёр тохиолдлын шинжилгээний хариу нь сөрөг гарсан. Мөн Гашуунсухайт боомтод тусгаарлагдсан 12 хүний давтан шинжилгээ сөрөг гарч хяналтын өдрүүд нь дуусч байна. Өчигдөр ХӨСҮТ-д зургаан сэжигтэй тохиолдол тусгаарлагдан шинжилгээ хийгдэж байна. Сар шинийн өдрүүдэд иргэн бүрийг хариуцлагатай байж өөрийгөө болон гэр бүлээ хамгаалахыг уриалж байна" гэв.