Шинэ коронавирусийн цаг үеийн асуудлаар ЭМЯ-наас ээлжит мэдээллээ танилцууллаа. Энэ үеэр ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг БНСУ-д үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн юм.
"Covid 19 вирусийн өвчлөл БНСУ-д эрчимтэй нэмэгдэж байгаа тул тус улсад суугаа ЭСЯ болон Бусан дахь Консулын газар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.Одоогоор тус улсад 48 100 гаруй монгол иргэн амьдарч байгаагийн 24 800 орчим нь оршин суух албан ёсны зөвшөөрөлтэй. Одооогоор монгол иргэд халдварт өртсөн тохиолдол бүртгэгдээгүй. Мөн Улаанбаатар рүү ирж буй нислэг бүрд дипломат төлөөлөгчийн газраас давхар хяналт тавин ажиллаж байна. Тухайлбал, онгоцонд суухаас өмнө хоёр удаа биеийн халууныг нь шалгаж, асуумж авч байгаа. Халуурсан шинж тэмдэгтэй иргэдийг нислэгт суулгахгүй.
Жилд дунджаар 100 мянга орчим иргэн БНСУ-д зорчдог. Цаашид нэн шаардлагатай биш бол тус улсад зорчихгүй байхыг зөвлөж байна" гэлээ.