Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 23-ны 08:00 цагаас эхлэн улс, хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоож байна. Улсын Онцгой комиссын тав дахь удаагийн хуралдаанаар зам хаах шийдвэрийг гаргасан бөгөөд хоёрдугаар 27-ны өдрийн 08:00 хүртэл энэхүү шийдвэр үйлчилнэ.
Зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоох шийдвэр нислэг хамаарахгүй автобус, галт тэрэг, автомашинаар Улаанбаатараас орох, гарах, аймгуудаас орох гарах хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаж байгаа юм.
Шийдвэртэй холбоотойгоор хязгаарлалтын өдрүүдэд нийслэлийн баруун, зүүн, хойд, урд чиглэл буюу Эмээлт, Шинэ 22-ын товчоо, 361 гарам, Баянзүрхийн товчоо, Гүнт, Туул тосгон-Био, Өлзийт шалган нэвтрүүлэх товчоогоор хотоос орох, гарах бүх төрлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлан автомат хаалтыг байрлуулжээ.

Мөн байнгын хяналтын цэгүүдэд цагдаагийн байгууллага болон бусад мэргэжлийн байгууллагуудтай хамтран хяналт тавина.
Хот болон аймгуудаас гарах, орох хөдөлгөөнийг бүр мөсөн хориглож байгаа бөгөөд хот орчмын суурьшлын бүс болох Биокомбинат, Шувуун фабрик, Өлзийт хороолол, Налайх чиглэлийн нийтийн тээврийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх юм.
Эдгээр чиглэлд зорчихоор төлөвлөж буй иргэд тухайн газар оршин суудаг гэх иргэний үнэмлэх, нотлох баримттай байх бөгөөд харин Улаанбаатар хотод албан шаардлагаар зайлшгүй зорчих бол ажлын үнэмлэх, ажлын томилолт зэрэг шаардлагатай бичиг баримтыг шалгуулан бүртгэл хөтлүүлэх юм байна.