Үндэсний үсэглэлийн аварга өнөөдөр тодорно

Эрдэм мэдлэгтэй, сэргэлэн цовоо бяцхан үсэглэгчдийн ур чадвараар дамжуулан эх хэлний боловсролыг түгээх зорилготой "Үндэсний үсэглэлийн аварга" шоу үзэгчдийн шимтэн үзэх дуртай нэвтрүүлэг болсон.

Нидерланд улсын "Еndеmоl Shine Group"-ийн албан ёсны эрхтэйгээр Номадиа пикчерс, Боловсрол телевиз хамтран бүтээж буй энэхүү шоу нь телевизийн салбарт тун шинэлэг контент болсон. Нийт найман дугаар гарсны дараа эргэн харахад, хүүхдүүдийн төвөггүй үсэглэж байгаа хүндхэн үгсийг насанд хүрсэн хүмүүс алдаж байгаа нь олон нийтийн сүлжээнээс харагдаж байна. Түүнийг дагаад зөв бичгийн дүрэм, үгийн сангийн тухай маргаан, хэлэлцүүлгүүд ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж улмаар нийгэмд эерэг нөлөө, үр дүн гарч байгаа нь ажиглагдсан юм.

Нэвтрүүлэгт 8-12 насны 1000 гаруй сурагч бүртгүүлж байснаас өнөөдөр шилдгийн шилдэг зургаан оролцогч шалгаран үлдээд байна. Тэд өнөөдрийг хүртэл өрсөлдөхдөө олон мянган үг цээжлэн судалж монгол хэлнийхээ үнэ цэн, баялгийг бусдадаа таниулж түгээсэн авьяаслаг үсэглэгчид юм. Өрсөлдөөн өдөр ирэх тусам ширүүн болж байсан ч хүүхдийн хайр татам гэнэн зан, айдас, түгшүүр, бахдал баяслаа нуулгүй илэрхийлж хуваалцаж байгаа нь шоуг илүү сонирхолтой, үзүүштэй болгож чаддаг.  Нэвтрүүлгийн цор ганц ялагчийг аваргын цом болон 10 сая төгрөгийн шагналаар урамшуулах аж.

Залуу хойч үеийнхэндээ зөв мэдлэг түгээх, эх хэлнийхээ дархлааг бататгах, үсэг бичгийн асуудлуудыг цэгцлэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор MCS групп энэхүү төслийг санаачилж ерөнхий ивээн тэтгэгчээр ажилласан бол Голомт банк, Скайтел групп ивээн тэтгэгчээр дэмжин хамтарчээ.

Үндэсний үсэглэлийн аваргыг тодруулах төгсгөлийн дугаар 2-р сарын 22-нд буюу өнөөдөр 21:00 цагаас Боловсрол телевизээр үзэгчдэд хүрэх юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)