Цагдаагийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн алба хамтран жил бүр “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулдаг. Энэ жилийн  “Сар шинэ 2020” нэгдсэн арга хэмжээний хүрээнд явган зорчигчийн аюулгүй байдлыг хангах үүднээс Баянгол дүүргийн 13 байршилд явган хүний гарцан дээр “Цацруулагчтай аюулгүй гар” тугийг байршуулах шинэлэг ажлыг хийжээ.

Энэхүү үйл ажиллагааны талаар Баянгол дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан зохицуулагч, цагдаагийн ахмад Г.Отгонтамираас тодрууллаа.

-Цацруулагчтай туг бүхий аюулгүй гарцынхаа талаар тодруулахгүй юу?

-Нийслэлийн хэмжээнд зам тээврийн осолд өртөж, гэмтэж, амь насаа алдаж байгаа тохиолдлын 80 орчим хувь нь явган зорчигч байдаг. Явган зорчигчийн осолд өртсөн цагийг аваад үзэхэд дандаа шөнө, оройн цагаар гэмтдэг. Иргэд шөнийн цагаар гарцтай болон гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах гэж байгаад осолд өртдөг. Тухайн осол дээр очоод жолооч нараас зам хөндлөн гарч байгаа явган зоригчийг анзаарсан эсэхийг асуухад гэрлийн гялбаанд орсон гэдэг тайлбарыг ихэнх жолооч нар хэлдэг. Үүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тээврийн цагдаагийн албанаас явган зорчигчийн гарц руу чиглэсэн маш олон төрлийн ажил, арга хэмжээг зохион байгуулж байгаа. Үүний хүрээнд Баянгол дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсээс явган зорчигчийг осолд өртөхөөс урьдчилан сэргийлж цацруулагч буюу фосфортой тугийг ашиглаж байгаа. Энэхүү тугийг заавартай нь явган хүний гарцны хоёр талд гурав, гурван ширхгээр суурилуулсан. Гарцаар гарах гэж байгаа явган зорчигч шөнө, оройн цагаар болон үүрээр уг тугийг барьж зам хөндлөн гарч нөгөө талын суурин дээр тугаа байршуулна. Эхлээд иргэд тугийг ашиглахгүй байсан ч 2-3 хоногийн дараа иргэд аюулгүй байдлаа хангаад шөнийн цагаар Аюулгүй гарц гэсэн бичигтэй цацруулагчтай тугийг ашиглах болсон. Ингэснээр тээврийн хэрэгслийн гэрлийн гялбаанд орж байгаа явган зорчигчийн үзэгдэх хүрээ сайжран осолд өртөхөөс урьдчилан сэргийлнэ. Түүнчлэн бага насны сургуулийн сурагчид энэхүү тугийг ашиглах боломжтой тугийг байршуулсан байрлал нь бүх насныхан үйлчлүүлэхэд боломжтой хэмжээнд байгаа. Хуучин ерөнхий боловсролын сургуулийн бага ангийнханд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр цацруулагчтай ханцуйвч, цүнхэнд нь цацруулагч хийж өгч байсан. Гэтэл бага ангийн хүүхдүүдийн өндөр нэг метр орчим байдаг учраас ханцуйвч, цүнхний цацруулагчтай машины араас харагдахгүй байсан. Тиймээс жолооч нарт бага насны хүүхэд ч харагдах байдлаар цацруулагчтай туг хийн хүүхдүүд тугаа барин өндөрт өргөн зам гарахад жолоочид харж, анзаарагдах байдлыг бодолцсон.

-Хэчнээн явган хүний гарц дээр энэхүү тугийг байршуулах уу?

-Баянгол дүүргийн хэмжээнд 13 цэг, байршилд энэхүү цацруулагчтай тугийг байршуулна. Одоогийн байдлаар судалгаагаа хийн эхний ээлжинд 25 дугаар эмийн сангийн хойд талын 20 дугаар сургуулийн явган хүний гарц дээр байршуулсан. Өнөөдрийн байдлаар гурван байршилд нэмж суурилуулна.

Зохицуулдаггүй явган хүний гарц дээр цацруулагчтай тугийг түлхүү байршуулна. Монголчууд ихэвчлэн шөнө, оройн цагаар бараан өнгийн хувцас өмсөж явдаг. Ингэснээр бараан хувцас нь хар асфальтан зам дээр гэрлийн тусгалыг шингээдэг сул талтай. Замын голд зогсож байгаа явган зорчигч шөнийн цагаар хоёр машины голд харагддаггүй гээд эрсдэл ихтэй. Тухайн явган зорчигч зам хөндлөн гарахдаа жолооч намайг харж байгаа зам тавьж өгнө гэж боддог. Харин жолооч хараагүйгээс ээ  гэмтээж, амь насаа алдсан тохиолдлууд бий. Өчигдөр л гэхэд Яармагийн замд явган зорчигч мөргүүлсэн зам тээврийн том осол гарсан. Тухайн гэмтсэн явган зорчигч хар бараан өнгийн курткатай байсан. Нийслэлийн хэмжээнд шөнийн цагаар явган зорчигч осолд өртөх эрсдэл өндөр. Түүнээс л урьдчилан сэргийлэх чиглэлээр цацруулагчтай тугийг байршуулж байна.

-Иргэд, жолооч нар энэхүү ажлыг хэрхэн хүлээн авч байна?

-Иргэд сайшааж байгаа. Бид жолооч нараас тандалт судалгаа хийж байгаа. Байршуулсан газартаа зайнаас тандалт хийхэд иргэдэд зам тавьж өгч байна. Нийслэлд хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарын дийлэнх нь гэрлээ хол дээрээ тавьж явдаг, нэмэлт лед гэрэл байршуулдаг, үндсэн гэрлийн тусгалаасаа илүү хүчтэй вольтын ламп хийж машиндаа гангараа байдлаар хийдэг зөрчил их илэрдэг. Гэвч энэ бүх зөрчлүүд нь эргээд явган зорчигч болон өөдөөс эсрэг урсгалд явж байгаа жолоочийг гэрлийн гялбаанд оруулан зам тээврийн осол гарах нөхцлийг бүрдүүлдэг.

Энэхүү ажлыг Баянгол дүүргийн замын цагдаагийн албаныхан анхлан хэрэгжүүлж байна. Үүнийг зөвхөн нэг дүүргийн хэмжээнд биш нийслэлийн хэмжээнд, 21 аймгийн хэмжээнд ч хэрэгжүүлэх боломжтой. Энэхүү санал, санаачилгыг маань аж ахуйн нэгж албан байгууллагууд дэмжиж, туслан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлынхаа хүрээнд бүхий л хуулийн этгээд иргэн үүрэг оролцоотой байгаа. Үүний дагуу хэрэгжүүлээрэй гэдгийг уриалж хэлмээр байна. Бид иргэдийнхээ  аюулгүй байдлыг хангах, нэг ч гэсэн айл, өрх осол аваарт өртөхгүй элэг бүтэн байгаасай гэдэг дээр зорилго тавьж ажиллаж байгаа.

Улсын хэмжээнд 2019 онд зам тээврийн хэрэг ослын улмаас 3790 иргэн хөнгөн, хүнд хэлбэрээр гэмтсэн хөдөлгөөнд оролцсон байдлаар авч үзвэл:

Нийслэл хотод 48,9 хувь нь явган зорчигч хэлбэрээр гарцтай, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарч байхдаа автомашины гэрлийн гялбаанд орох, шөнө оройн цагт хар бараан өнгийн хувцас өмсөж хөдөлгөөнд оролцон жолоочид үзэгдэх хүрээ багасч осолд өртжээ.

Үүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр аюулгүй гарц арга хэмжээг хэрэгжүүлэн гудамж замд гэрлийн гялбаанд орж болзошгүй эрсдэлтэй болон үзэгдэх орчин муутай гэрэлтүүлэггүй явган хүний гарцтай газар байршуулан ажиллаж байгаа аж.

Уг Аюулгүй гарц фосфортой цацруулагчтай тугийг Герман, Англи, Япон, Солонгос зэрэг улс орнууд ихэвчлэн сургуулийн бүс орчимд шөнө оройн цагийн үед хүүхдийг зам тээврийн осол хэргээс өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ашигладаг нь бодит үр дүнтэй ажил болсон байдаг учир Монгол анх удаа Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэн ажиллаж байна.

2020 он гарсаар тус дүүргийн хэмжээнд зам тээврийн осолд өртөж, амь насаа алдсан тохиолдол бүртгэгдээгүй, хүн гэмтсэн осол хэрэг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 42.9 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм.