Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэхээр хэрэгжүүлж буй ажлуудын талаар өдөр бүр мэдээлэл өгч байгаа. Өнөөдрийн байдлаар манайд COVID-19 халдвар илрээгүй. Гэхдээ эрсдэл өндөр байгааг албаныхан анхааруулсан хэвээр байна.

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Дэлхийн 29 оронд коронавирусийн халдвар тархаад байна. Өнөөдрөөс Иранд байдал хүндэрч, Израйльд анхны тохиолдол бүртгэгдлээ.

БНСУ-д өвчлөл цаг, минутаар нэмэгдэж байна. Өчигдөр мэдээлэл хийж байгаад 156 тохиолдол байсан бол 284 тохиолдол  бүртгэгдсэн. Энэхүү өвчлөл БНСУ-ын 4 хот, 6 мужид ялангуяа Тэгү хотод тархалт эрчтэй тархаж байна. Энэхүү тархалтын гол уурхай нь сүмд залбирал үйлдэж байсан эмэгтэй байгаа. Тэрээр сүмээс гадна Чонду эмнэлгээр үйлчлүүлсэн. Нэг хүнээс олон хүнд тархаж болдгийг эндээс харж болно. Нэг хүн 5 хүн халдвар тараана. Энэ нь цааш таван мөчлөгийн хугацаанд буюу 5 үе дамжихад 384 хүнд халдвар тарааж болох юм гэдэг тооцоо, судалгааг манай үндэсний эрдэмтэн, судлаачид хийж байсан” гэв.