Монгол Улсын Үндсэн хуульдаа эдийн засгийн тогтолцоог шууд нэрлэж тогтоогоогүй ч, чөлөөт зах зээлийн эдийн засгийн тогтолцоотой гэж хэлэгддэг. Чөлөөт зах зээлийн тогтолцоонд төр нь шударга өрсөлдөөн өрнөх хууль, эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх байдлаар зөвхөн зохицуулах түвшинд хамгийн багаар оролцдог. Гэвч бүх нөхцөл байдалд бизнес эрхлэгчдийн эрх ашгийг нэгдүгээрт тавьж, төр зөвхөн хөндлөнгөөс ажиглаж байх үүрэгтэй юу?
Энэ оны хоёрдугаар сарын 13-нд Улсын онцгой комиссийн даргийн тушаал гарч, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11.1-д зааснаар Монгол Улс “бэлэн байдлын зэрэг”-т хэсэгчлэн шилжсэн. Бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор зарим хорио цээрийн дэглэм тогтож, харилцаа холбоо, эрчим хүч, шатахуун түгээх газар болон стратегийн зориулалттайгаас бусад зарим үйлдвэр, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг тодорхой хугацаагаар хязгаарлах зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж буй ч зарим нэр төрлийн барааны үнийн өсөлт, тэр дундаа хамгийн эрэлт ихтэй маскны үнийг төр хянаж чадахгүй. Учир нь дээр дурдсанчлан төр чөлөөт зах зээлийн эдийн засагт хувийн хэвшилд зөвлөж, уриалахаас өөрийг хийж чадахгүйтэй холбоотой.
Маскны үнийн өсөлт ганц манай оронд ч бус Азийн бусад орнуудад ч бий болоод байгаа билээ. Энэ асуудалд зарим орны Засгийн газар яаж оролцож байна вэ?Хөрш Хятад улс маскны үнийг нэмсэн аптек, болон онлайн дэлгүүрийг гурван сая хүртэлх юаниар торгоод эхэлсэн. Өмнөд Солонгос улс маскны үнийг нэмсэн ямар ч аж ахуй нэгжийг хоёр жил хүртэлх хорих ял эсвэл 50 сая воноор торгох тухай хуулийн хүчин чадал бүхий актыг энэ сард батлаад байна.
Харин манай улсын хувьд, Зөрчлийн тухай хуулийн 10.7.1.1-д зааснаар бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоовол хууль бусаар олсон хөрөнгө, орлого, эд зүйлийг хурааж аж ахуй эрхлэгчийг тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын зургаа хүртэл хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор хуульчилж өгсөн ч энэ нь ганц нэгээрээ үнэ нэмсэн аж ахуй нэгж, хуулийн этгээдийн үйлдэлд яах ч аргагүйтнэ. Зөрчлийн тухай хуульд Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих/5.13/, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль зөрчих/10.2/ тухай заалтууд байдаг ч үүнд үнэ нэмсэнтэй холбоотой зохицуулалт агуулагдаагүй. Зөвхөн Өрсөлдөөний тухай хуулийн 11.1.1-д үнийг хэлцэн тогтоохыг хориглосон заалт бий. Өнөөдрийн байдлаар нэг компанид л зөрчил үүсгэж торгох арга хэмжээ авч чадахаар байгаа билээ. Гэвч үнэндээ амны хаалтныхаа үнийг нэмээгүй аптек Улаанбаатарт байгаа билүү?
Америкийн Флорида мужид, 2004 оны Атландын далайн эргээр үүссэн Чарлье хар салхины улмаас ихэнх байшингийн дээвэр эвдэрсэнтэй холбоотойгоор дээвэр засварын үйлчилгээ, буудлын өрөө маш өндөр үнэтэй болсон. Флорида мужийн эрх баригчид энэхүү үнийн өсөлтийг намдаах, түүнчлэн дахин ийм гамшгийн үе тохиоход бизнес эрхлэгчид үнийг нэмж, иргэдийг хохироохгүй байх зорилгоор “price gouging law” буюу Үнийн өсөлтийн тухай хуулийг баталсан. Тус хуульд зааснаар эрх баригчид“гамшгийн байдал”-ыг зарласнаас хойш ямарч аж ахуй нэгж бараа бүтээгдэхүүнийхээ үнийг сүүлийн 30 хоногийн дундажаас өндөр байлгаж болохгүй талаар тусгасан.
Ингэснээр дээрх үнийн өсөлтийн тухай хууль ньэдийн засагчид болон улс төрийн философичдын хооронд томоохон мэтгэлцээнийг өрнүүлсэн. Жишээлбэл, Америкийн эдийн засагч Томас Совелл “Үнийн өсөлтийн тухай хууль Флорида мужид яаж туслах вэ?” гэх өгүүлэлдээ “Чөлөөт зах зээлийн эдийн засагт ямар ч онцгой үе, бэлэн байдлын үе хамаагүй. Зах зээл өөрөө эрэлт нийлүүлэлтийн хуулиар төрийн оролцоогүй явагдах ёстой” гэсэн хатуу байр суурийг илэрхийлсэн.
Харин Харвардын их сургуулийн профессорМайкл Сэнделийн “Зүй ёс” /хийх ёстой зөв зүйл гэж юу вэ?/ номонд байгалийн давагдагшгүй нөхцөл байдал буюу хууль зүйн шинжлэх ухаан дах “hardship” тулгарсан үеийг тохиолдуулан үнэ нэмэх нь нэгдүгээрт, хамгийн наад захын хэрэгцээгээр хангагдаж чадахаар байх хүний үнэт зүйлийн эсрэг чиглэсэн. Хоёрдугаарт, иргэд ямарч сонголтгүйгээр, яаралтай учраас үнэ нь нэмэгдсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг авах нөхцөл байдалд хүрэх нь тус хүний эрх чөлөөг хүндлэхгүй байгаа явдал. Гуравдугаарт, бусдын яаралтай, хүнд хэцүү байдлыг ашиглан бизнес эрхлэгчдэд ашиг олохыг зөвшөөрөх нь сайнгүй гэсэн үндэслэлийг дэвшүүлсэн.
Ямартай ч Америкийн Флорида мужид өнөөдрийн Монголынх шиг “Бэлэн байдлын зэрэг”-т шилжсэнүед хувийн хэвшил барааны үнийг нэмэхгүй байхаар хууль үйлчлээд явж байна. Чөлөөт зах зээлийн эдийн засгийн тогтолцоог маскны үнийн өсөлтийг хязгаарлаж чадахгүй байгаад буруутгах гэсэнгүй.Харин гамшгаас хамгаалах зорилго бүхий онцгой үеүүдэд төр зах зээлд оролцож чаддаг байх эрх зүйн зохицуулалт дутмаг байгаа юм болов уу? Энэхүү асуултыг мэргэжлийн эрдэмтэн, судлаачдад үлдээсэн нь дээр биз ээ.
Б.Соёл-Эрдэнэ