Монголын хамтлаг, дуучид гадаадад тоглолоо гээд эх орон нэгтнүүддээ л уран бүтээлээ толилуулаад ирдэг байсан даруухан түүхийг өнгөрсөн онд нэгэн хамтлаг орвонгоор нь эргүүлэв. Европод зарим рок фестивалийн сүүлийн 10 жилийн оргил дүүргэлтийг хийж чадсан “the HU” хамтлагийг одоо дэлхий даяар мэдэх боллоо. Тэдний анхны уран бүтээл “Юу вэ, юу вэ, юу?” дууг “Youtube” сувгаар нэг жилийн дотор 26 сая, “Чонон сүлд” дууг 20 сая удаа үзсэн байна.
“Үндэстний ТОЙМ” сэтгүүл өнгөрсөн сард хэвлүүлсэн 422 дахь дугаартаа “the HU” хамтлагийг онцолсон билээ. “Дэлхийд гарсан инноваци” хэмээх тэрхүү нийтлэлд “the HU” хамтлагийн тухай товч бөгөөд тодорхой бичигдсэн учраас энэ удаа уг хамтлагийн амжилтын тулгуур хүчин зүйлсийн тухай нэмэн дэлгэрүүлье.
“the HU” хамтлагийн хийсэн тэсрэлт гурван тулгуур хүчин зүйлээс улбаатай юм. Эхнийх нь Монголын эртний соёлын өвүүд болох хөөмий, товшуур, морин хуур, цуур, хэл хуур зэрэг хөгжмийн зэмсэг, удаах нь уг хамтлагийг үүсгэн байгуулагч, Монголын шинэ хөгжмийн зүтгэлтэн Б.Дашдондог, гутгаар нь мэдээж хэрэг хамтлагийн залуус.
Өвөрмонголын Монгол соёл судлалын хүрээлэнгийн захирал Өлзийбаяр гуайн хоёр сарын өмнө Хөх хотноо тавьсан илтгэлд нэн сонирхолтой нэгэн баримт дурдагдсан юм. Өмнөд Сүн улсын сударт дурдагдсан Хан улсын үеийн “Ялгуусан дуулал” хэмээх шүлэглэлийн дотор Хүннү улсад хялгасан хуураар нааддаг байсан тухай өгүүлэх ажээ.
“Хялгасан хуур Ханы тэргийг дагалцахуйяа
Уяруун аязыг Цан Юйгээр хуурджихуй
Тэлсэн нумаар нисэх галууг эс харвах ану
Буцах галуугаар өдөт захиаг илгээх эрин бус”
Энэ шүлгийн учир нь МЭӨ 115 онд Хан улсын Занду газрын ван ноён Лиу Жиан хэмээгчээр өөрийн охин Лиу Шижун хэмээх гүнжээ найрамдлын элч болгож, Хүннүгийн Асуд Цан Юйд мордуулаад, Хан, Хүннү хоёр улс анх удаа амжилттай найрамдсан түүхт хэргийг өгүүлжээ.
Тэлсэн нумаар ертөнцийг тохинуулж асан Хүннү нар бэр буулгахын үедээ хялгасан хуураар хуурддаг байсан бэлээхэн түүх өмнөд хөршийн түүхнээ тодоор бичигдэн үлдсэн нь энэ. Энэ хуурыг судлаачид Хүннүгийн хил хуур гэх бөгөөд товшуур нь түүнээс ч эрт үед хамаарах хуурын өвөг гэдэгтэй санал нэгддэг юм.
“the HU” хамтлагийн тоглож буй үндсэн хөгжийн зэмсгүүдийн түүх ийнхүү эртний нүүдэлчдийн соёлтой холбогдоно. Хэдэн мянганыг туулан хөгжиж ирсэн ардын хөгжмийн зэмсгээ орчин үетэй холбох, ертөнцийн хүний сонорт хүргэх олон хөгжимчин, авьяастнуудын эрэл хайгуул дундаас “the HU” цойлон гарсан хэрэг.
“Барууны ертөнц бидэнд байхгүй зүйлсийг хүчээр шахуу шахаад олон жил боллоо… Одоо харин тэдэнд байхгүй зүйлийг нь бид эргүүлээд шахах ёстой”.
“the HU” хамтлагийн продюсер Б.Даншдондог өөрийн амбиц болоод зорилгоо маш ойлгомжтой тодорхойлсон нь энэ. Монголын шинэ хөгжмийн зүтгэлтнүүдийн нэг Б.Дашдондог есөн жилийн өмнөөс энэ хамтлагийг байгуулах санаа төрж, судалгаа хийж эхэлжээ. “the HU”-гийн хөгжим, дуугаралт, загвар гээд бүхий л зүйлс хамтлагийн продюсер Б.Дашдондогийн толгойд эхлээд бүтэж бүрэлдэж, ажил хэрэг болсон.
Б.Дашдондогийн хийсэн инновацийг түүний хэлсэн цөөн хэдэн өгүүлбэрээс олж харж болно.
Хөг: Манай товшуур, морин хуурын “quart/ quinte” хөг нь өөрөө орчин үеийн рок хөгжмийн гол хөг. Тэгэхээр манай үндэсний хөгжмийн үндсэн хөг, дуугаралт маань аль дээр үеэсээ “рок” байсан гэсэн үг.
Дуугаралт: Рок өөрөө их хахир, чарлаа дуугаралт шүү дээ. Зураглаад хэлвэл хурц өнцөг ихтэй. Харин “the HU” хамтлагийн дуугаралт бол мөлгөр, зөөлөн. Ойлгомжтой илэрхийлбэл чанга яригч дуугарч байхад наагуур нь нимгэхэн хөшиг татчихаад сонсож байгаа юм шиг дуугаралт. Гэхдээ суурь ихтэй, нам дуугаралттай, тэнгэр нүргэлээд байгаа ч юм шиг, хүн сонсоход чихэнд ядаргаагүй сонсогдохыг нь тооцоолсон.
Дуулалт: Хамтлагийн залуус монгол хөөмийн “хархирах” техникийг хөгжүүлэн дуугаа дуулж байгаа нь дэлхийг гайхуулаад байгаа нэг нууц юм. Death metal, рок дуулалтын техникийн эх үндэс нь энэ хархираа буюу шахах техникт байдаг. Өөрөөр хэлбэл дуулах хэв маяг, техник нь ижил гэсэн үг.
Хамтлагийн үндсэн хөг, дуугаралт, дуулалт дээр тогтсоны дараа Б.Дашдондог Хүн гүрнээс улбаатай товшуур, хуур, цуур, хэл хуур зэргээ орчин үеийн тайзны босоо тоглолтод зориулан өөрчилжээ.
Хөгжмийн инноваци: Хамтлагийн хөгжмийн зэмсгийн дуугаралт өөрийн натурал хэв шинжээ хадгалсан хэвээр байгаа. Гэхдээ арай жаахан намдуу, зөөлөн дуугаралт илүү байгаа. Цахилгаан хувилбарт шилжсэн гэж яриад байгаа нь буруу. Акустик хэвээрээ, сүүлний хялгасаараа байгаа. Гол ялгаа нь хэлбэр хийц. Гитар хэлбэр хийц рүү дөхүүлж, морины толгойг хажуу тийш харуулсан. Энэ ажилд зураач Д.Сандагдорж мэргэжлийн туслалцаа үзүүлсэн.
Хувцаслалтын инноваци: Хамтлагийн хувцаслалтыг монгол дизайнеруудын үүсгэсэн “Ariunaa Suri”хариуцан гүйцэтгэжээ.
Ийнхүү хамтлаг байгуулахад хэрэгтэй хөгжим хэрэглэл, тоглолтын философийг бий болгохтой хамт хамтлагийн бүрэлдэхүүнийг Б.Дашдондог цуглуулжээ. Хамтлагийн залуус цөмөөр хар багаасаа рок хамтлаг байгуулан тоглож, үндэсний болон орчин үеийн хөгжимтэй гүнзгийн холбогдсон улс. Жишээлбэл амьд хөгжмийн “Лего” хамтлагаас хоёр, “Андууд” хамтлагаас хоёр, “Домог” хамтлагаас нэг гэх мэтээр цугларсан байна. Хамтлагийн гол нүүр царайнуудын нэг төмөр хуур, цуураар тоглон, хөөмийлдэг Г.Нямжанцан л гэхэд өөрийн шавь хэнгэрэгчин М.Өнөмөнхтэй хамт иржээ.
Энэ жил “Чингис хаан” одонг хүннү рок чиглэлээр бүтээл туурвидаг “The Hu” буюу “Хү” хамтлагт олгосон. Шагналыг хамтлагаа төлөөлөн гардан авахаар ирсэн продюсер Б.Дашдондог “Гардахыг нь би гардавч, гавьяаг нь Та бүхэн хамтдаа хүртэх ёстой юм шүү” хэмээн онцолж байв.
Эдгээр залуус рокийн урсгалуудаар чамгүй олон жил тоглочихсон мэргэжлийн уран бүтээлчид учраас Б.Дашдондогийн бий болгохыг хүссэн хамтлаг хурдан хөлөө олж, зорилгодоо хүрч чаджээ.
Бүрэлдэхүүн
1. МУГЖ Б.Дашдондог-Үүсгэн байгуулагч, продюсер
2. Ц.Надмидтулга-Менежер
3. Брэндон Фрайзен-Менежер
4. Ц.Галбадрах-Хамтлагийн ахлагч, аянга морин хуур, хархираа хөөмийч
5. Г.Нямжанцан-Төмөр хуур, цуур, хөөмийч
6. Б.Энхсайхан-Гал морин хуур, хөөмийч
7. Н.Тэмүүлэн-Товшуурч
8. Г.Одбаяр-Бөмбөрчин
9. А.Жамбалдорж-Соло гитарчин
10. Б.Батхүү-Басс гитарчин
11. М.Өнөмөнх-Хэнгэрэг хөгжимчин
“the HU” хамтлагийн амжилтын хүчин зүйлүүд их энгийн. Тэд хийх ёстой ажлаа л маш сайн хийсэн хэрэг. Өв соёлоороо зүгээр л нэг чимэг хийх биш, ойлгож, хувиргал хийж, олон жилийн туршлагаа шинэ эрэлхийлэлд зоригтой зориулж чадсан нь тэднийг энэ эхлэл цэг дээр авч иржээ. Одоо тэдний өмнө нэг жил тохиогоод өнгөрсөн гоц үзэгдэл байсан уу, эсвэл үнэхээр дэлхийн хэмжээний хамтлаг мөн үү гэдгээ батлах шалгуур хөндөлсөж байна. Хэрэв тэр шалгуураа давж чадвал маркетинг болоод Монгол Улсын зөөлөн хүчний бодлогын асар том үүд хаалгыг тэд дэлхийн зүгт нээх юм.
Эдүгээ Б.Дашдондог дэлхийн рок урсгалуудын нэр томъёон дотор монгол урсгалын нэр заавал байх ёстой гэсэн бат бодолтой болжээ. Өөрийн гэсэн тоглох арга барил, хөг, зэмсэгүүд, дуулах техник байна. Үүгээрээ ялгарч, үүнийгээ барьж уран бүтээлээ туурвих ёстой гэж тэр үзэж байна.
Гэхдээ энэ урсгалыг одоохондооо хүлээн зөвшөөрөх цаг нь арай биш. Дэлхийн олон орноос хамтлаг дуучид хархираа хөөмий, шахааг сураад, товшуур морин хуураар нь тоглоод хамтлагууд байгуулагдвал сая хүлээн зөвшөрөөгдөнө гэж тэр ярьсан юм.
Харин “the HU”-г үлгэр болгон “АТТИЛА” хэмээх хамтлаг байгуулах гэж буйгаа яруу найрагч Б.Галсансүх зарлаад байна. Урьд нь “Нисванис” хамтлагийг байгуулж, дотооддоо амжилтад хүргэсэн тэрээр энэ удаа арай өргөн хүрээнд харж буйгаа ч нуугаагүй юм. Нэгнийхээ гаргасан замаар нэгэндээ тушаа бололгүй явж чадвал, дэлхий өмнө нээлттэй байгааг “the HU” яруу тод харуулчихсан билээ.
Өнгөрсөн жилийн өдийд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сүүдэрт байлаа. 2017 оны дуулиант ялалтын дэргэд намын нэр дэвшигчийнхээ эсрэг ажилласан, Засгийн газраа огцруулж гарч ирсэн гэх имиж, ЖДҮХС-тай УИХ дахь гол блок өөртэй нь холбоотой гэх мэт түүнийг сүүдэртүүлэх шалтгаан хангалттай олон байв. Гэтэл тэрээр нэг жилийн дотор улс төрийн тавцанд гол тоглогч болж хувирлаа. Ардчилсан Монгол Улсын хамгийн амжилттай карьерист Н.Энхбаяр ч түүн шиг олон ялалтыг нэг жилийн дотор хийгээгүй байх. У.Хүрэлсүхийн нэг харахад аз юм шиг хэрнээ нэмээд бодвол асар нарийн бодож төлөвлөсөн нь илт улс төрийн 9 чухал ялалтын тухай дор товч өгүүлье.
2018.12.19
ЯЛАЛТ НЭГ: Бага хурал, Удирдах зөвлөлд бат дэмжлэгтэй болов
Тусгаар тогтнолын ордонд хаалттай эхэлсэн эрх баригч МАН-ын Бага хурал хуучин онд гэхээсээ илүү шинэ оны хэрэг явдалд хамаатай байв. Энэ хурлыг нээж хэлсэн үгэндээ У.Хүрэлсүх, “2016 онд мордохын хазгай болсон. Намын дарга Ерөнхий сайд болох байсан. Болоогүй. Дараа нь 2017 оны сонгуульд ялагдсан” хэмээн шүүмжлэлийн галыг улс төрийн гол өрсөлдөгч М.Энхболд руу чиглүүлж, “Өнөөдөр би М.Энхболд даргыг албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгөөсэй гэж хүсэж байна” хэмээн өндөрлөсөн юм. Өөрөөс нь өөр хэнд ашигтай нь төдий л ойлгомжгүй энэ “хүсэл”-ийг нь Бага хурлын гишүүдийн 95 хувь нь дэмжсэнээр М.Энхболдыг намын байгуулалтад тэргүүлэх лидер биш болсныг улс даяар батлан харуулж чадав. Өглөөхөн гарсан энэ шийдвэрийн дараа Бага хурлын гишүүд бага үд гэхэд МАН- ын Удирдах зөвлөлөөс М.Энхболдын гол түшиг болох Д.Хаянхярваа болон Су.Батболд нарыг гаргаж У.Хүрэлсүхийн талын Д.Сумъяабазар, С.Амарсайхан нарыг тэдний оронд сонгов. Ийнхүү тэрээр Удирдах зөвлөлдөө ч бат суурьтай болж авав.
2019.01.29
ЯЛАЛТ ХОЁР: Улс төрийн өрсөлдөгч М.Энхболдыг ҮАБЗ-өөс шахан гаргав
2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараагаас л улс төрийн хамтрал нь илт тодорхой болсон Х.Баттулга, У.Хүрэлсүх нарын хамтын ажиллагааны оргил цэг нь УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулсан явдал байв.
Асуудал нэгдүгээр сарын 18-нд Ерөнхийлөгчийн санаачилснаар УИХ-ын хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар нээгдэж, 11 хоногийн дараа УИХ-ын дарга М.Энхболдыг нууц санал хураалтаар, гишүүдийн 76.6 хувийн саналаар үүрэгт ажлаас нь чөлөөлснөөр үргэлжилж, У.Хүрэлсүхийн Засгийн газрын ХЭГ-ын дарга Г.Занданшатарыг УИХ-ын даргаар сонгосноор өндөрлөв. Энэ тухай улс төрийн тоймч Г.Отгонбаяр ийн дүгнэжээ.
“М.Энхболдыг огцруулсны дараа УИХ-ын дарга болох боломжит кандидат МАН-д олон байсан бол У.Хүрэлсүхэд өөрөөс нь урвахгүй, үг зөрөхгүй ганц л хүн байсан нь Г.Занданшатар юм. Энэ үйл явдлын дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын гишүүн бус хэрнээ “Сразу майор” гэдэг шиг өөрийг нь Ерөнхий сайдаар томилсон, бас Засгийн газрыг нь хянах үүрэгтэй УИХ-ынхаа албан бус дарга болов. Эрх баригч намын дарга, Ерөнхий сайд, УИХ-ыг давхар “удирдсан”, ҮАБЗ-ийн гурван саналын хоёрыг халаасалсан Хүүкийг одоо хэн хянах вэ?”.
2019.02.26
ЯЛАЛТ ГУРАВ: Нийслэлийн засаг захиргаанд хяналтаа тогтоов
М.Энхболд хэдий ҮАБЗ-өөс шахагдсан ч түүний ”Хотын фракц” нийслэлийн засаг захиргааг хянасан хэвээр байв. У.Хүрэлсүхийн дараагийн нүүдэл оноос өмнө огцруулсан нийслэлийн захирагч Су.Батболдын сул суудал байлаа. УИХ-ын даргыг огцруулах асуудал ид өрнөж байсан нэгдүгээр сарын 16-нд М.Энхболдын фракцад нэрлэгддэг С.Мөнхчулуун НИТХ дээр намын Удирдах зөвлөлийн шийдвэрийг сөрөн нэр дэвшиж ялалт байгуулсан. У.Хүрэлсүх энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүйгээр барахгүй, намын удирдлагын хувиар хүчилсээр НИТХ-ыг дахин хуралдуулж, С.Амарсайханыг нийслэлийн захирагчаар томилуулж чадав.
Нийслэлийн захирагч С.Амарсайхан Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн бүрэн нөлөөлөл дор ажиллаж байгаа гэдэг нь цөөнгүй зүйл дээр анзаарагдсан. Хамгийн сүүлд л гэхэд нийслэлд автомашины татварыг 5 дахин нэмсэн шийдвэрийг нь нэг дуудаж уулзаад л НИТХ-д дахин өргөн бариулж, улмаар буцаалгаж орхив. Дан ганц захирагч бус орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага түүний дохисноор хөдөлж байна.
2019.03.07
ЯЛАЛТ ДӨРӨВ: “Эрдэнэт” үйлдвэрт онцгой “дэглэмээ” тогтоов
Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрт зургаан сарын хугацаанд онцгой дэглэм тогтоох шийдвэрийг Засгийн газраас гаргав. Онцгой дэглэм тогтоох ажлын хэсгийн ахлагч Л.Оюун- Эрдэнэ “Эрдэнэт” үйлдвэрт ажиллаж, “Монголын зэс корпораци”-ийн төлөөлөл болон тус үйлдвэрт ажиллаж байсан Тэргүүн дэд захирал Б.Шинэбаатар тэргүүтэй 9 удирдах ажилтныг чөлөөлсөн юм.
“Эрдэнэт”-ийг ийнхүү төрийн өмчит үйлдвэрийн газар болгосноор “Жаст”-ын Ш.Батхүүгийн тавьсан өрийг үйлдвэрийн Эрсдэлийн сангаас 40 сая ам.доллар гарган хааж, эдийн засгийн үзүүлэлтүүд нь харьцангуй эерэг гарчээ.
Ямартай ч Монголын хамгийн том саалийн үнээ онцгой байдал нэрийн дор, Засгийн газрын халуун анхааралд, вакумжсан байдалтай байна.
2019.02.28
ЯЛАЛТ ТАВ: Шүүх эрх мэдэлд хяналт тавихболомжтой болов
УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Авлигын эсрэг хууль, Прокурорын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг дэмжин батлав.
Ингэснээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжөөр хууль, шүүхийн байгууллагуудын удирдлагуудыг томилж, чөлөөлөх боломж бүрдсэн. Хэдий Ерөнхийлөгч өргөн барьж батлуулсан ч, энд эрх баригч намын даргын дэмжлэг шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн. УИХ-ын бүрэн эрхэд халдсан, Үндсэн хууль зөрчсөн хэмээн ихээхэн шүүмжлэл дагуулсан өөрчлөлтийн дараа ҮАБЗ-д олонхи байгаа МАН, түүний даргад нэн тэргүүнд ашгаа өгөх нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл, эрх баригч нам шүүхэд шууд нөлөөлөх боломжтой боллоо гэсэн үг. Зарим хэвлэл, тухайлбал “Өдрийн сонин” энэ өөрчлөлтийг “Шинэ хонгил” хэмээн “хардаж”, анхны хохирогчоор нь 60 тэрбумын Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг шийтгэсэн кейсийг нэрлэжээ.
2019.10.09
ЯЛАЛТ ЗУРГАА: 42 дугаар тойрог дахь сонгуульгүй ялалт
Улс төрийн тоймч Г.Отгонбаяраас ахин эшэлье. Тэрээр Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн сонгуулийн талаар ийн бичиж байв.
“МАН-ын дарга давхар зовлон олонтой. Хэнтийн сонгуульд тэр өөрөө нэр дэвших үү, өрөөлийг нэр дэвшүүлэх үү гэдэг нь хамгийн хэцүү шийдвэр. Аль ч хувилбар дээр ялалтын гавьяа, ялагдлын алдааны хамгийн хүндийг У.Хүрэлсүх өөрөө үүрэх бөгөөд тийм үүрэгтэй. Яагаад гэвэл тэр намын дарга. Тэр өөрөө нэр дэвшлээ гэхэд ялах нь ч, ялагдах нь ч эргэлзээтэй. Түүнтэй хамт МАН намаараа эрсдэлд орно. Хэрвээ өөр хүн нэр дэвшвэл МАН-ын ялагдах магадлал нь намын дарга нэр дэвшсэнээс ч илүү болно. Өөр нэгэн дэвшээд ялагдвал нэр дэвшигч л ялагдсан болно, харин У.Хүрэлсүх дэвшээд ялагдвал МАН-ын дарга нь намтайгаа, Ерөнхий сайд нь Засгийн газартайгаа ялагдсан болно. Энэ мэтээр У.Хүрэлсүх нэр дэвшихээс бултаж чадлаа ч МАН ялагдсан тохиолдолд хариуцлагаас бултах боломжгүй юм”.
Төрсөн нутгийнх нь тойрог У.Хүрэлсүхийн хувьд дарьтай торх болчихоод байхад Цэц жилийн дайтай хоёр ч удаа шийдвэр гаргаж, 42 дугаар тойрогт сонгууль зарласан УИХ- ын тогтоолыг хүчингүй болгочихов. Нэгэнтээ дараагийн сонгууль хаяанд ирсэн, УИХ дахь бүлгээ хайрцаглаж чадсан учраас 42 дугаар тойргийн нөхөн сонгууль хэмээх дарьтай торх аюулгүй болсон гэсэн үг.
Дагуулж ирсэн хүү нь хүчингийн хэргээр ял сонсож булай болсон, 30 мянга орчим иргэн хоёр жилийн турш парламентад төлөөлөлгүй байсан сөрөг фактыг дарах мэхээ У.Хүрэлсүх улсын төсвөөр хийв. Аймгуудад тавьсан хөрөнгө оруулалтаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ нарын нутаг Хэнтий аймагт хамгийн өндөр буюу 94 төсөлд 131 тэрбум төгрөг төсөвлөжээ. Бусад аймгаас хоёр дахин заримаас нь 10 дахин их төсөв. Хэнтий аймгийн Бэрх тосгонд суулгасан 27.8 тэрбум Дорнод аймгийн төсвөөс давсан гэхээр зүгээр нэг тойргийн усалгаанаас ч давсан их мөнгө Хэнтий рүү цугтах нь ойлгомжтой болжээ. Үүнийг 42 дугаар тойргийн өрсөлдөөнөөс жийрхсээр ирсэн У.Хүрэлсүхийн замыг засах мөнгө гэж олонхи ажиглагчид тайлбарлажээ.
2019.12-р сар
ЯЛАЛТ ДОЛОО: Утааны эсрэг зоримог шийдвэр үр дүнгээ өгөв
Оны эхэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх түүхий нүүрсийг хориглосон зоримог шийдвэрээ тайлбарлаж, “Жилд нэг сая 200 мянган тн түүхий нүүрс түлдэг байсан бол сайжруулсан шахмал түлш 600 мянган тн-ыг түлнэ. Тоон харьцуулалтаас харахад ч агаарын бохирдол 50 орчим хувиар багасахаар байгаа” хэмээн мэдэгдэж байлаа. Харин нэг жил өнгөрөхөд энэ үгс биелсэн үү гэвэл толгой дохих нь олон болов уу. Хотын агаарын чанар сайжирсан нь У.Хүрэлсүхийн гол оноо болж байна.
Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ч.Гантулга агаарын бохирдол буурсан гэсэн хариулт өгч байна. Тэрээр, “Ес эхлэхэд иргэдийн түлшний хэрэглээ хоёр дахин нэмэгддэг. Намрын саруудын эхэн үеийн байдлын агаарын чанарыг аваад үзэхэд утааны муухай үнэр арилсан. Долоо хоногийн өдөр бүрт манан татсан юм шиг утаатай байсан бол долоо хоногийн таван өдөр нь өглөө оройд утаа 60-70 хувь буурсан үзүүлэлтүүд гарч байна. Тиймээс утааг багасгах дараагийн шатны ажлуудыг авч хэрэгжүүлэх боломж бүрдлээ. Өмнөх жилүүдийн өвлийн сарын агаар “Онц хүнд” хэмжээнд бохирддог байсан бол одоо 50 хувь гэдэг үзүүлэлтээр буурлаа” хэмээн өгүүлжээ.
ЯЛАЛТ НАЙМ: Рейтингээрээ Ерөнхийлөгчийг гүйцэж түрүүлэв
Жил гаруйн өмнө рейтингээрээ Ерөнхийлөгч Х.Баттулгын ард явсан Ерөнхий сайд У.Хүрэлсүх социологийн судалгаагаар энэ онд тэргүүлж эхэллээ. 2019 оны гуравдугаар сарын 20-ноос дөрөвдүгээр сарын 9-ний хооронд ХБНГУ- ын “Конрад-Аденауэр” сангаас санхүүжүүлэн “Сант Марал” сангаас Улаанбаатар хот болон Архангай, Сэлэнгэ, Булган, Дорнод, Дорноговь, Завхан, Говь-Алтай аймгуудийн 1,200 иргэнийг хамруулан хийсэн судалгаагаар У.Хүрэлсүхийн рейтинг 24.1 болж Х.Баттулгыг (21.5) гүйцэж түрүүлжээ. Яг жилийн өмнө “Сант марал”-аас хийсэн судалгаагаар У.Хүрэлсүх 14.7 хувийн рейтинтэй Х.Баттулга (33.6), Н.Энхбаяр (20.8), С.Ганбаатар (19.8) нарын ард дөрөвт бичигдэж байсныг санах хэрэгтэй. Мөн гуравдугаар сард Канадын Засгийн газар, Канадын Гадаад хэргийн яамны дэмжлэгтэйгээр Азийн сан, “Сант марал” сантай хамтран явуулсан судалгаа ч ялгаагүй үр дүнг харуулжээ. Харин дөрөвдүгээр сард МЭК ХХК-иас хийсэн судалгаар У.Хүрэлсүх мөн л Х.Баттулга (31)-ыг гүйцэж 33 хувиар тэргүүлж эхэлжээ.
Энэ байдал оны эцэст ч хэвээр хадгалагдсаныг МЭК ХХК-иас хийсэн судалгаа харуулна. Уг судалгаагаар У.Хүрэлсүх 33, Х.Баттулга 31 хувь авсан байна. “Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны үнэлгээ” гэсэн судалгаагаар иргэдээр нэгээс аравын хооронд дүгнүүлэхэд 6.1 гэсэн оноо өгчээ. Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн үйл ажиллагааны үнэлгээ 6.4 гэсэн өмнөх сарын оноогоо барьсан байна. Түүний үнэлгээ 2017 оны арваннэгдүгээр сард 3.9 байлаа. Тэр цагаас хойш сар бүр нэмэгдсээр өнөөдрийн түвшинд хүрээд байгаа нь энэ.
2019.11.14
ЯЛАЛТ ЕС: Карьерт нь ашигтай Үндсэн хуулийн өөрчлөлт болон Сонгуулийн хууль
МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн зарчмын шинж чанартай гол амлалт болох Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг тэд хийж чадлаа. Энэ өөрчлөлтөөс дунд хугацаандаа хамгийн их улс төрийн хожоо хийсэн хүн бол У.Хүрэлсүх гэж хэлэхэд хилсдэхгүй. Хэрэв энэ эрчээрээ явж сонгуульд ялж чадвал У.Хүрэлсүх Ерөнхий сайдын хувиар сайд нараа өөрөө томилж, чөлөөлөх эрхтэй болохын хамт Ерөнхийлөгчийн амыг харалгүйгээр өргөн барих боломж бий юм. УИХ Засгийн газрын өргөн барьсан төсвийн төслийг батлахдаа орлого, зарлагын хэмжээг өөрчлөхгүй гэх мэт гүйцэтгэх засаглалыг бэхжүүлэхэд чиглэсэн заалтуудын үр ашгийг хүртэж, хэрэгжүүлэх боломж Монголын улстөрчдөөс У.Хүрэлсүхэд илүү ойрхон байна.
Нөгөөтэйгүүр эрх баригчдын баталсан сонгуулийн шинэ хууль ч томоохон намууд, ялангуяа эрх баригчдад ашигтай хувилбараар батлагдлаа. Өөрөөр хэлбэл, МАН-ын Удирдах зөвлөлөөр дэмжигдэж, УИХ дээр ч МАН-ынхан олонхиороо баталсан хууль учраас УИХ-ын сонгуулийн тухай хууль хэнд илүү ашигтай нь тодорхой буй за.
Энэ жил Ерөнхий сайдын хувь улстөрчийн хувьд хүрсэн 9 ялалтыг сорловол ийм байна. Харин есөн гэмийг нь тоолбол бас л сонирхолтой жагсаалт гарч ирнэ. Тэдгээр гэм нь хэрхэн цухуйж, тэрийг нь ард түмэн нь өршөөх эсэхийг ойрхи цагт бид үзнэ.
Ардчилсан Монгол Улс Үндсэн хуульдаа 27 жилийн дараа анх удаа томоохон өөрчлөлт хийлээ. Өмнө нь цөөн заалтад өөрчлөлт оруулж байсан ч энэ удаагийнх шиг цогц шинжтэй өөрчлөлт хийгдээгүй байсан. Нөлөө бүхий 20 сэтгүүлч, нийтлэлчийн зүгээс Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой гурван эрхмийг онцгойлон нэрлэжээ. Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ажлын дэд хэсгийн гишүүн хуульч О.Мөнхсайхан, УИХ-ын дарга Г.Занданшатар нарыг Үндсэн хуулийн өөрчлөлтөд чухал үүрэг гүйцэтгэсэн гэж тэд үзжээ.
Ноён нуруу
35 насандаа АИХ-д сонгогдож, Ардчилсан Үндсэн хуулийг баталсан УБХ-ын гишүүнээр ажилласан Д.Лүндээжанцан 1992 оноос хойш парламентад тасралтгүй сууж байгаа туршлагатай парламентч. Төр эрхийн хуваарилалт, тэнцэлийн асуудлаар шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан Лүндээ дарга Үндсэн хуулийн өөрчлөлтийн ажлын хэсгийг ахлах нь зүй ёсны хэрэг байв.
Ажлын хэсгийн боловсруулсан төслийг улстөрчдийн уургагүй морь шиг авч давхисан амбицад дайруулчихгүй байх үүргийг Д.Лүндээжанцан багш шавь нарынхаа өмнө ямартай ч нэр төртэй биелүүлсэн гэж хэлж болно.
Эхийг баригч
Үндсэн хууль судлаач, профессор О.Мөнхсайхан он гарсаар trends.mn цахим хуудсан дахь өөрийн нийтлэлчийн талбартаа 13 бичвэр оруулжээ. Нэгээс бусад нь Үндсэн хуулийн өөрчлөлтийн тухай. Японы Нагоягийн их сургуульд мастер, докторын зэрэг хамгаалсан тэрээр АНУ-ын Жорж Вашингтоны их сургуульд мэргэшсэн бөгөөд МУИС-ийн урдаа барьдаг багш нарын нэг. Эрдмийн ажлын гол сэдэв нь Ардчилсан шинэ Үндсэн хуулийн тайлал, тайлбар. Түүний хүний эрхэм чанар, унаач хүүхдүүдийн эрх болоод мэдээж Үндсэн хуулийн тухай тайлбар, шүүмжийн бичвэрүүд цахим орчинд эрх зүйн хөтөч болсоор цөөнгүй жил өнгөрчээ.
Ажлын хэсгийн бусад хуульчдын нийгмийн сүлжээн дэх хандлага болоод өөрийнх нь хэлэлцүүлгийн явцад бичиж байсан нийтлэл, ярилцлага сэлтээс харахад О.Мөнхсайхан Үндсэн хуулийн өөрчлөлтийн эхийг барьж, сүүлийн боолтуудыг хийсэн нь илт. Үндсэн хуулийн өөрчлөлтийн гуравдугаар хэлэлцүүлгийн өмнө бичсэн нийтлэлдээ тэрээр, “Өнөөдөр МАН амлалтаа биeлүүлж, АН өөрийн олонхи байх үeдээ ч ийм агуулгатай төсөл санаачилж байснаа санаж, аль аль нь түүхэн хариуцлагаа үүрэн ҮХНӨ-ийг 3-р хэлэлцүүлгээр эцэслэн батална гэж найдаж байна” хэмээн улстөрчдөд шууд хандаж байв.
Таван эерэг тал
Ингээд “өөрчлөлтийн эхийг баригч” профессор О.Мөнхсайханы тодорхойлсон Үндсэн хуулийн өөрчлөлтийн таван эерэг талыг энд нийтэлье.
Төслийн үзэл баримтлалын гол агуулга зөвхөн энэ УИХ-ын байгуулсан ажлын хэсэг дээр тодроод гараад ирээгүй, харин олон жил яригдсан зүйл учраас зөвхөн нэг намын ашиг сонирхлоор боловсруулагдсан гэж үзэх нь өрөөсгөл. Энэ нь дараах таван зүйлээс харагдана:
1. 20 жилийн алдаа оноог дэнсэлж засаж сайжруулна.
1996-2000 онд үүссэн Үндсэн хуулийн хямралыг шийдвэрлэхийн тулд 1999, 2000 онд Үндсэн хуульд 7 нэмэлт, өөрчлөлт оруулсны зарим нь алдаатай болсныг 20 жил шүүмжилж ирсэн. Одоогийн ҮХНӨ-ийн төслөөр эдгээр 7 нэмэлт, өөрчлөлтийг 6-ыг нь засаж сайжруулна.
2. УИХ-ын гурван бүрэлдэхүүн дамжин яригдсан асуудлыг шийднэ.
Тухайлбал, 2011, 2012, 2015 онд нэр бүхий гишүүд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж байсны eрөнхий агуулга ҮХНӨ-ийн төсөлд туссан. Жишээлбэл, Засгийн газрыг тогтвортой, үр нөлөөтэй болгохын тулд Засгийн газрыг огцруулах босгыг өндөрсгөх, давхар дээлийг хязгаарлах, Ерөнхий сайд кабинетаа өөрөө бүрдүүлэх гэх мэт нь 2015 оны төсөлд байсан.
3. Иргэдээс асууж санаа бодлыг нь тусгасан.
Өмнөх төслүүдээс зарчмын нэг ялгаатай зүйл бол энэ удаагийн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулахад иргэдийн оролцоог маш сайн хангасан. ...2017 оны 4-р сард зөвлөлдөх санал асуулга хийсэн. Зөвлөлдөх санал асуулгын дүнд боловсруулсан төслийг мөн оны 7, 8-р сард олон нийтээр хэлэлцүүлэхэд 327,000 иргэнээс санал ирүүлсэн байдаг. Эдгээр саналаас хамгийн өндөр дэмжлэг авсныг нь төсөлд тусгасан.
4. Мэргэжлийн санал, дүгнэлтээр шүүн тунгаасан.
УИХ-ын Тамгын газар, МУИС-ийн Хууль зүйн сургууль зэрэг байгууллагаас тухайлан төслийн үзэл баримтлалын хүрээнд эрдэм шинжилгээний хурал арав шахмыг зохион байгуулж, зөвлөмж гаргасан. ХЭҮК, ШЕЗ, Хуульчдын холбоо зэрэг 20 гаруй байгууллагаас тодорхой саналуудыг, 10 орчим академич, эрдэмтдээс экспертийн дүгнэлтийг ирүүлжээ. Мөн Үндсэн хуулийн чиглэлийн эрдэмтэн судлаачдын дэд ажлын хэсгийг байгуулж жил гаран ажиллуулж төсөл гаргахад туслуулсан. Эдгээр санал, зөвлөмж, дүгнэлтийг нэг бүрчлэн судалсны үндсэн дээр одоогийн төсөл боловсруулагдаж гарч ирсэн юм.
5. Үндэсний зөвшилцлийг хангасан.
Үндсэн хууль бол зөвшилцлийн баримт бичиг ч уг зөвшилцөл суурь зарчмын дагуу явагдах ёстой. Олон намын төлөөллийг оролцуулсан Ажлын хэсэг төслийг боловсруулж, МАН, АН, МАХН-аас бүрдсэн нэр бүхий 62 гишүүн 2019 оны 06-р сарын 06-нд өргөн барьсан. АН-ын саналаас 9-ийг төсөлд тусгаад байсан... Eрөнхийлөгчийн саналаас 15-ыг нь тусгаж байна. ХҮН зэрэг намын бүтээлч саналуудаас нэлээд нь төсөлд ороод байна. 2019 оны 7-р сард ҮХНӨ-ийн үндсэн таван сэдэв тус бүрээр хэлэлцүүлэг зохион байгуулах үед УИХ-аас гадна буй намуудаас илэрхийлсэн санал, ХҮН зэрэг намын бичгээр ирүүлсэн саналаас мөн тусгасан...
Эрх баригчдын аврал
Монгол Улс 19 жилийн дараа Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт орууллаа. Хуулийн төслийг эцэслэн батлах хуралдаанд 63 гишүүн оролцож 100 хувийн саналаар батлав. Гэхдээ сонгуулийн холимог тогтолцоог Үндсэн хуульд тусгах саналыг дэмжилгүй унагасныг эсэргүүцэн АН-ын зөвлөлийн гишүүд болон МАХН-аас сонгогдсон О.Баасанхүү нар төслийг батлахаас өмнө чуулганы танхимыг орхиж гарсан юм. Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталж чадсанаар эрх баригч нам Сонгуулийн мөрийн хөтөлбөрийнхөө хамгийн чухал амлалтаа биелүүлж чадав. Гишүүд ч хагартлаа баярлаж, түүхэн үйл явдалд оролцож байна хэмээн хөөрцөглөсөн нь энэ кадраас харагдана. Олонхийн бүлгээ хоёр хуваасан, иргэдийнхээ зээлээс хумсалсан, хүчингийн хэрэгтэн эгнээнээсээ төрүүлсэн гээд сөхөх хар намтар ихтэй засаглалын түүхэн дэх ганц ололт, ганц зөвтгөлөө хийж чадсан учраас тэврэлдэн баярлахгүй гээд ч яахав.
Хуульч О.Мөнхсайхан
Парламентын ардчилал бол Монгол Улсын аюулгүй байдлын баталгаа төдийгүй тогтвортой хөгжлийн суурь тул үүнээсээ татгалзвал бид хамтаараа “амиа хорлосон”-той адил юм болно. Тиймээс парламентын засаглалаа бэхжүүлсэн энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дэмжих нь зүйтэй.
Өнгөрөгч онд Монгол Улс түүхэндээ анх удаа багийн спортоор олимпод оролцох эрх авлаа. Олон улсын сагсан бөмбөгийн холбоо буюу FIBA- гийн 3x3 төрөлд манай улсын эмэгтэй шигшээ баг “Токио-2020” олимпийн наадамд оролцох эрхтэй болсон.
Энэ төрлийн шигшээ багт Д.Ганзул, Б.Болор-Эрдэнэ, Э.Чимэддолгор, Б.Солонго, Хулан, Нандинцэцэг нарын бүсгүйчүүд тоглодог ажээ. Монголын эрэгтэй, эмэгтэй сагсан бөмбөгчид чансаагаараа олимпын эрхийн болзол хангаад байсан ч Япон Улс зохион байгуулагч орны давуу эрхээ эдэлж “цагаан хуудас”-аар эрэгтэй багаа оролцуулахаар шийдвэрлэснээр Монгол Улсын сагсан бөмбөгийн эрэгтэй баг тамирчид чансаагаараа олимпын эрх авах боломжгүй болсон юм.
Манай эмэгтэй шигшээ баг 2016 онд Монгол Улсад Азийн аварга шалгаруулах тэмцээн болсноос хойш баг бүрдэж, бүгд ажлаасаа гарч 100 хувь бэлтгэл хийж эхэлсэн нь амжилт ахихад нөлөөлсөн байна. Ийнхүү бүгд нэгэн баг болж зангидагдан олимпын эрхийнхээ төлөө зүтгэснээрээ зорилгодоо хүрэхэд алхам ойртсон тухайгаа багийн ахлагч Д.Ганзул ярьжээ.
Хэдэн жилийн өмнөөс Монголын сагсчид хоёр хуваагдсан. Тэдний нэг жигүүрийн лидер, Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны ЕНБ-ийн дарга, 3x3 сагсан бөмбөгийн холбооны Хөгжил хариуцсан захирал, шигшээ багийн албаны дарга С.Тулгын идэвхтэй үйл ажиллагаатай энэ амжилт салшгүй холбоотой. С.Тулга бол таван жилийн өмнө сагсан бөмбөгийн “TLG 13” багийг байгуулж, шинэ лиг, тэмцээнүүдийг зохион байгуулах болсон спортын авьяаслаг менежерүүдийн нэг. Спорт холбоодын одоогийн үйл ажиллагаанд шүүмжлэлттэй ханддаг түүний удирддаг Монголын сагсан бөмбөгийн 3x3 төрлийн шигшээ багийн амжилт 2017-2019 оны үзүүлэлтээр дэлхийд нэгдүгээрт бичигдэж буйг Олон улсын сагсан бөмбөгийн холбоо (FIBA) зарлажээ.
Дасгалжуулагч С.Тулга
Манай улсад спортын салбарт системийн өөрчлөлт хийхгүй бол ардчилал гараад 30 гаруй жил болсон ч социализмын үеийнх шигээ хуучинсаг хэвээр байна. Бид спортыг бизнесийн зарчимд оруулахгүй бол хэн нэгэн даргын цүнх барьсан хүмүүс спортын салбарыг удирдаж, тамирчдад зарцуулах мөнгөнөөс хулгайлах байдал зогсохгүй. Зарим хүмүүс сагсан бөмбөгийг салбарын тэтгэврийн зогсоол мэт хардаг болжээ. Гэхдээ хэн нэгнийг буруутгахаас илүүтэй системийн гажуудлыг засах хэрэгтэй байна.
unread.today
Сагсан бөмбөгийн 3x3 төрлийн эрэгтэй шигшээ багийн хувьд дэлхийн чансаанд дөрөвт бичигдэж буй бөгөөд, ирэх гуравдугаар сард Энэтхэг улсад болох олон улсын тэмцээнээс олимпийн эрхээ авна гэдэгтээ итгэлтэй буй ажээ.
Өдгөөгөөс гурван жилийн өмнө нэгэн залуу бүсгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх зөрчигдөж, хөдөлмөр эрхлэх боломжгүй байгаа талаар үзэл бодлоо илэрхийлсэн бичлэгээ цахим ертөнцөд байршуулсан нь олон нийтийн анхаарлыг татаж, удалгүй Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтэст мэргэжилтнээр ажиллах болсон билээ. Төрөхийн хүндрэлээс болж тархины саажилт өвчтэй болсон ч шантралгүй суралцаж МУИС-ийг улс төр судлаач мэргэжлээр төгссөн Б.Болороо бүсгүй энэ үеэс эхлэн нийгмийн идэвхтэй, хүний эрхийн активистуудын нэг болсон билээ.
Тэвчээрийн хязгаар
Харамсалтай нь Б.Болороо гурван жилийн дараа бүр ч илүү хүнд зүйлтэй тэмцэх, үгээ хэлэх хэрэгтэй болжээ. Ажлын байран дээрээ лифтний хонгилд унаж нас барсан нөхрийнх нь үхлийг хүн ёсоор, үнэн мөнөөр мөрдөхгүй байна гэж үзсэн Б.Болороо хэвлэл мэдээллийнхэнд хандаж, хэргийн нотлох баримтуудыг дэлгэсэн юм. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас осолдож, амиа алдсан гэх албан ёсны дүгнэлтийг хөгжлийн бэрхшээлтэй иргэний чадан ядан цуглуулсан нотлох баримтууд хангалттай үгүйсгэж байв. Харамсалтай нь түүний үгийг төр ч, нөхрийнх нь ажил олгогч “Хишиг арвин индастриал” ХХК огтоос тоогоогүй учраас бүсгүй “тэмцлийн хурц хэлбэр” сонгохоос аргагүй болсон.
Жиндүү 12 хоног
Б.Болороо мэдэгдэлдээ: “Аравдугаар сарын 28-нд би өөрийнхөө цахим хуудсаар дамжуулан төрийн өндөрлөгүүдэд зориулж ил захидал хүргэсэн. Би тэдэнд шүүх эмнэлгийн дүгнэлтийг дахиж гаднын улсад гаргуулах, хэргийг шинээр мөрдөж эхлэх, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын (МХЕГ) дүгнэлтийг дахин хянуулах гэхчлэн гурван хүсэлт тавьсан. Гэтэл өнөөдрийг хүртэл нэг нь ч надтай холбогдоогүй ядаж туслахаараа дамжуулан хариу ч мэдэгдээгүй. Тэд яг л нүд, чихгүй юм шиг л сууж байна. Үүнээс харахад Монгол Улсын төр нь хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хүн гэж үздэггүй гэдэг нь харагдаж байна. Тиймээс өнөөдрөөс эхлэн иргэдээс гарын үсэг цуглуулах суултыг 14 хоног хийнэ”.
Бүсгүй олны нүдэнд дээр, өвлийн хүйтэнд 12 хоног талбай дээр суулт хийж, олон нийтийн дэмжлэгийг хүссэний эцэст ямартай ч эр нөхрийнхөө нэр төрийг сэргээх боломжтой болсон. Ерөнхий сайд Ү.Хүрэлсүх өөрийн биеэр бүсгүйтэй уулзаж, нөхрийнх нь амь насаа алдсан хэргийн мөрдлөгөд улс төр, бизнесийн нөлөөлөл оруулахгүй байхыг ЦЕГ-ын даргад нүдэн дээр нь үүрэгдэв. Улс төрийн, нэр төрийн шалтаг хэлж, уучлалт гуйхаас татгалзаж байсан “Хишиг арвин индастриал” ХХК-ийн дэд захирал М.Тулгат ч олны өмнө Б.Болороогоос уучлал гуйсан.
Оны төгсгөлд Б.Болороод Европын холбооноос олгодог “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн төлөө тэмцэгч” хэмээх нэр хүндтэй шагнал хүртээв. Шалтгаан нь ойлгомжтой. Хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм байгуулах гэгээн зорилго Үндсэн хуулин дээр л бичээстэй, бор амьдрал дунд бэхжээгүй нийгмийн үнэн дүр төрхийг зориглон гаргаж тавьсан бүсгүйг соёлт нийгмийн зүгээс үнэлсэн нь энэ.
Шагнал гардсаныхаа дараа Б.Болороо хувийн хуудсандаа ийн бичжээ:
Иргэн Б.Болороо
Бодлого тодорхойлох яаманд нь орж ажиллаад 3 жил болж байгаа ч одоог хүртэл гэрээт (хугацаагүй гэрээт) ажилтнаар явж байгаа бөгөөд энэ жилээс л хууль эрх зүй, бодлогын баримт бичигт санал өгч ажиллаж эхэлж байна. Цаашид эрхийнхээ төлөө тууштай дуугарч явах хүсэлтэй хүн төрийн албанд ажиллах нь хэр зохистой бол гэж бодогддог л юм. Өөрөө бие эрхтний ялгаатай байдлаасаа болж нийгмээс тусгаарлагдан ялгаварлан гадуурхалтад өдөр тутамдаа өртдөг байсан учраас Монголд яг над шиг олон олон Болороо нийгэмд оролцож чадахгүй үлдэх вий гэж айдаг учраас л үзэл бодлоо илэрхийлэн гарч ирсэн юм. Тэрнээс биш би өөр шигээ хүмүүсийн нэрийг барьж мөнгө олж, шоудаж яваагүй, тэгэх ч үгүй гэдгээ л ам бардам хэлье.
Б.Болороо ба бид
Б.Болороо бол бидний л нэг. Гэхдээ зөрчигдөж буй эрхээ нэхэж чаддагаараа энэ бүсүй биднээс ялгарна. Нүдэн дээр хүчирхийлэл өрнөж, төр засаг нь системээрээ хүчирхийлж байхад амаа хамхиад амиа хоохойлж суудаг олонхи монголчуудаас тэр өөр хүн юм. “Би” өөр хүмүүс олонхи болсон үед л бид “хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм”-ээ байгуулах болно.
Карьерийн шинэ нөхцөл
“Мориндоо мордоод дэлхийг эзлэх амархан, мориноосоо буугаад төрийг төвхнүүлэх хэцүү” гэж Чингис хаан хэлсэн үү, Хятадын их мэргэн Күнз хэлсэн үү хамаа алга. Ямартай ч тун үнэн үг юм.
Монгол Улсын иргэн Халтмаагийн Баттулгын хувьд амьдралынхаа туршдаа тэмцэж, тэмүүлж, тэр хэрээрээ авах ёстойгоо авч ирсэн бадрангуй замналтай хүн. 2016 онд Ардчилсан нам дотооддоо сунгаа хийж эхлэхэд түүнийг хэн ч таван кандидатаас сугараад гараад ирнэ гэж хараагүй. Гэхдээ мань эр намаасаа нэгээр гарснаар барахгүй, ганц жилийн өмнө УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулаад байсан МАН-ын дарга М.Энхболдыг Ерөнхийлөгчийн сонгуульд ялж чадсан.
Түүний сонгуулийн кампани бол бараг л “домог”. Асар прагматик хандлагатай энэ улстөрч үргэлж галын шугаманд, давшсаар ирсэн. Харин Ерөнхийлөгчөөр сонгогдоод нэг жил болтол өмнөх давшилт, дайралтын тактик нь утгагүй болж ирэв. “Үндэсний эв нэгдлийн бэлгэ тэмдэг” атлаа аль нэг компани, бүлэглэлтэй дайн өрнүүлээд байж боломгүй. Гэтэл тэрээр ухрах биш давших дуртай улстөрч. Нам дамнасан улс төрийн холбоотон нь эргэлт хийж, Ерөнхий сайд болчихсон учраас ард түмний нүд зөвхөн өөр дээр нь тусаад байдаг. Одоо төрийн ажил уруудвал хэн нэгэн рүү чихэх боломжгүй, хар толгойгоороо л даах хэрэгтэй. Түүнд шинэ тактик хэрэгтэй боллоо.
Засаглалын тэмцэл
Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ дугуй зурахыг хүссэнгүй. Харин өмнө хийдэг байсан бүлэглэлийн шинжтэй тэмцлээ засаглалын шинжтэй болгов. Медиа баг нь шүүх засаглалын бугшсан бүхэн рүү эрчтэй дайрч, шүүгчдийн гүнзгий холбогдсон байх магадлалтай төслүүдийг онгичиж эхлэв. Шүүх засаглалд итгэх иргэдийн итгэлийг сэргээх зорилготой дараагийн “аян дайн”-аа ийн эхлүүлсэн. Дайнд тэр бас л ялалт байгууллаа. Ялалт биш гэхэд шийдвэрлэх байрлалыг эзэлж авав. Шүүгчийн эрх зүйн байдлыг тухай хуулийн өөрчлөлтийг эсрэг намынхан нь шивээлэн суусан парламентаар батлуулж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр ч шүүх засаглалтай холбоотой зохицуулалтуудыг хийж чадав. Үүндээ Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн дэмжлэгийг үргэлж авна. УИХ-ын чуулганы дэгийн хуулийг мөн л эсрэг намынхаа даргатай хамсан өөрчилж, ҮАБЗ дэх эсрэг дуу хоолой болох М.Энхболдыг тойргоос гаргаж чадсан.
Үнэндээ энэ бүхнээс харахад Ерөнхийлөгч Х.Баттулга 64 суудалтай УИХ дахь МАН-ын бүлэгтэй ганц гэж ганцдахгүйгээр асуудлаа урагшлуулж, ажлаа бүтээж явна. Гэхдээ энэ нь Х.Баттулгын гэсэн бүхэн УИХ-аар ногоон гэрлээр батлагдсан гэсэн үг бас биш юм аа.
Засаглалын хэлбэрийн талаарх бүр том дайралт нь амжилттай болсонгүй. Ард нийтээс засаглалын хэлбэрийн талаар санал асуулга явуулж байж Үндсэн хуулийн өөрчлөлтийг цааш явуулах улс төрийн шийдвэр нь хоригоор үргэлжилсэн ч амжилт олсонгүй. Гэхдээ хоосон буцаагүй. МАН-ынхан олонхиороо Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлахдаа магадгүй Х.Баттулга гэсэн улстөрчид хамгийн ашигтай байж болох хувилбарыг эцэг хуульд тусгасан юм. Тодруулбал Ерөнхийлөгчийн эрх мэдлийг 6 жил үргэлжлэхээр хуульчилж, хэрэв 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд тэрээр ахин ялж чадвал энэ сэнтийд нийтдээ 10 жил суух боломжийг бүрдүүлэв.
Давтагдаж буй түүх
Энэ мэтээр цар хүрээг нь өргөтгөсөн ч арга барилаа огт өөрчлөлгүй тэмцсээр, эсвэл амжилттай тэмцэгч мэт харагдсаар Ерөнхийлөгч маань 2020 оныг угтав. Хоёрхон жилийн өмнө гозойж байсан “Босоо Ганбаа” мартагдаж, өөртэй нь бараг л зэрэгцэж ирсэн Н.Энхбаярын рейтинг цамнаад цамнаад уруудаж байхад түүний рейтинг аль ч судалгаан нь дээр 1-2 хувиар л өгсөж, уруудав. Ерөнхийлөгч Х.Баттулгын рейтинг ийнхүү сүүлийн жилүүдэд тогтмол өндөр байгаа. Энэ нь төрийн тэргүүний хувьд тэрээр зарим тохиолдолд УИХ дахь үнэмлэхүй олонхи 64- ын бүлгээс илүү эрч хүчтэй, шийдмэг, дайчин ажиллаж байгаагийн илрэл.
Одоо түүнтэй эгнэх рейтингтэй улстөрч ганцхан улс төрийн холбоотон У.Хүрэлсүх нь л байна. Монголын улс төрийн 2020 оны нөхцөл байдал хоёр том намын тэмцэл гэхээсээ энэ хоёр улстөрчийн харилцаанаас ихээхэн шалтгаалах боллоо.
Ил итгэхүйг туулахуй
Сурагчдын зөвлөл, оюутны зөвлөлд яаж ийгээд л орчихсон явдаг залуучууд байдаг даа. Дээр нь илтгэх урлаг, мэтгэлцээний клубт тогтмол хамрагдана. 2000-аад оны эхээр ийм залуучууд бүр гаарсан юм. Тэдний олонхи нь том болоод аль нэг намын залуучуудын байгууллагын хаалгыг татаж, одоогийн “цүнх баригчид”-ын армийг бүрдүүлсэн. Бас цөөнгүй нь бүдүүн дарга нарын өмнөөс аавын хаалга татах шахсан, татсан нь ч бий. Ямартай ч нусан багын хүсэл мөрөөдөл нь одоо ширэн нүүрээр солигдсон.
Ч.Ганжавхланг олон залуус, тэр дамаа үе тэнгийнхэн нь өнөө л цүнх баригч “хэнхэг”- үүдийн нэг гэж хардаг байсан цаг саяхан. Бээжин хотын МОХ-ын сургалтын албаны дарга, “Нэг хуудас цагаан цаас” илтгэл, Ж.Батзандангийн багийн хүн гээд түүний албан бус намтар ингэж бодоход хүргэсэн хэрэг. МҮОНРТ-ийн “4 урилга” нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллаж, 2012 онд “Лантуун дохио” төрийн бус байгууллага байгуулж, хүчирхийлэлтэй тэмцэж эхэлснээс хойш түүнийг ингэж үл итгэхүйн нүдээр харах нь багассан.
“Сайн дур”-ын сайн тал
Volunteerism гэдэг нь velle буюу хүсэх гэсэн латин үгнээс гаралтай. Энэ дурыг монгол хэлнээ “сайн дур” гэж орчуулсан нь чухам л нүдээ олсон оноолт. “Сайн дур”-ыг “бөөн дур”-тай андуурч болохгүй, “сайн байх дур”-тай эндүүрч бол бүр болохгүй. Уг нь “сайн дур” бидний ёс уламжлалд нэвт шингээстэй бий. Монгол судлалын домог Лев Гумилев “Анд нөхөртөө тусалсангүй гэж иргэнээ шийтгэдэг хуультай улс Монголоос өөр байсангүй” хэмээсэн нь бий. Монголын нүүдэлчин ахуйг жалга жалга дагасан айлууд хэмээн адалдаг ч, аж төрөхүйн хамаг хэцүү бэрхшээлтэй ажлуудынхаа ард монголчууд хамтын хүчээр гардаг уламжлалтай. Ардын билэг зүй, үндэсний урлагт ч энэ нь шингэн үлдсэн.
Түүхч Д.Сэрдарам
“Монгол ахан дүүс” гэж ярилцдагаараа бид бусад үндэстнүүдээс онцгойлон ялгагддаг. Иймээс дээд үедээ ураг төрлийн барилдлагаар холбогдсон нэг өвөг дээдэстэй Монгол ахан дүүсүүд цөөхөн ч гэсэн овгуудынхаа хүрээнд харилцан дотносож, өнчин ядуус, ядарсан хүмүүсээ асран тэтгэх, баяр цэнгэл, уй гашуугаа хуваалцдаг олон сайхан заншил, баяр ёслол эрт үеэс бий болж эдүгээг хүртэл уламжлагдан иржээ. Энэ сайхан уламжлал Төвөдийн ламаизм, Манжийн засаглал, ЗХУ-ын дагуул улс болсон 500 жилийн түүхэн хугацааг дамжиж бусдаар өөрсдийн хувь заяагаа мэдүүлдэг болсноос хойш алга болжээ”
Чингэхээр “Сайн дур”-ын үйл гэдэг бол улс орны сэтгэлгээний дэвшил, соёлын түвшингийн илэрхийлэл юм. Дэм дэмэндээ дээс эрчиндээ явах цагтаа бид дэлхийг эзэлсэн соёлт гүрэн байж, нэг нэгнийхээ улыг шагайх үедээ бид бусдын хараат, социалист утопийн туршилтын туулай болж байжээ.
“Сайн дур”-ын сайн дүр
Чадраабалын Ганжавхлан бол хар багаасаа сайн дурын ажил хийсэн хүн. “Хамтын халуун сэтгэл”, “Бүгдээрээ дулаахан өвөлжье” гээд түүний гардаж байсан сайн дурын аянуудыг санах нэг нь санаж л байгаа. Хамгийн гол нь түүний үүсгэсэн клубууд хэсэгхэн сайхан ажил хийгээд тарчих биш улам бэхжиж, сайн дурын ажилдаа мэргэшиж иржээ. Өдгөө түүний цуглуулсан, хүрээлүүлсэн залуус Ганжавхлантай Ганжавхлангүй сайн дурын ажлаа хийгээд явчих чадалтай болсон нь гол дэвшил. “Үүжгэнэ жүүжгэнэ өглөөний клуб”, “Хамтын халуун сэтгэл”, “Bright Mongolia”, “Кофе Монголиа”, “Self Publish Ulaanbaatar”, “Тархи цэнэглэгч” клуб, “Номын жор уулзалт” гээд түүний санаачилсан, гар бие оролцсон, зөвлөн тусласан хамтын оролцооны ажил, клуб төслүүд олон.
Энэ талаараа Ч.Ганжавхлан эдүгээ иргэний нийгмийн алдартай менежерүүд болох Хүчирхийлийн эсрэг үндэсний төвийн Д.Энхжаргал, “Глоб Интернэшнл”-ийн Х.Наранжаргал, Урлагийн зөвлөлийн Ц.Ариунаа нартай зэрэгцэхээр идэвхжүүлэгч, бодлогын зөвлөх болжээ. Манайхны чамирхан биесээ цоллодгоор, “инфлүенсэр” гэмээр ч юм уу.
“Ид шидийн орон-2”
Ч.Ганжавхлангийн хувьд “Ид шидийн орон-2” төсөл дээр гол анхаарлаа хандуулж ажилласан гэдгээ нийгмийн сүлжээнд бичжээ. Өнгөрсөн жилүүдэд Сонгинохайрхан дүүргийн X хороо, Баянхошуунд “Ид шидийн орон-1” төслийнхөө үргэлжлэл болгож Баянзүрх дүүргийн Улиастайн шинэ эцэст “Ид шидийн орон-2” төслөө эхлүүлэн, ажил нь үндсэндээ дуусчээ. Зургаадугаар сарын 3-нд барилгын ажлаа эхлүүлсэн уг төслийн явц өмнөх төслөөсөө илт урагштай байж, ирэх нэгдүгээр сард тохижилтоо дуусгаж, дөрөвдүгээр сараас хүүхдүүдээ хүлээн авахаар төлөвлөөд байна.
Ч.Ганжавхлан төслийнхөө талаар “Засгийн газрын мэдээ” сонинд өгсөн тодруулгаас эшэлье:
“...Энэ төвдөө хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан тусгай бүлэг нээнэ. Мөн бүжиг, йога, бясалгал, балет зэрэг өмнөх төвд байгаагүй зүйлсийг шинээр оруулахаар төлөвлөж байгаа. Ойролцоогоор 140 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Гэхдээ тэр хавийнхаа 2-3 мянган хүүхдэд үйлчилгээ үзүүлэх боломжтой...”
“Ид шидийн орон 2” нь нийт 7000 ам метр талбайтай, үүнээс ашигтай талбай нь 1400 ам метр энэхүү төвийн бүтээн байгуулалтад одоогоор хоёр тэрбум, 120 гаруй сая төгрөг зарцуулаад байгаа аж. Төслийг 100 хувь дуусгахад дахин 170- 180 сая төгрөг шаардлагатай байгаа гэнэ. “ЖДҮ”- чин сайд нарын хувьд ч сэтгэл чилэхээр мөнгө биш ч жирийн ардын хувьд 10 гаруй жилийнх нь цалин. Гэхдээ л олны хүч оломгүй далай гэдэг монгол үг бий.
Лодой шинэ хүн биш
Сэтгүүлч Д.Болдхуягийн багаа бүрдүүлэн удирдаж байсан “Шууд” телевиз эдүгээ үйл ажиллагааны чиглэлээ өөрчилсөн ч, тэдний багаас цөөнгүй чадварлаг сэтгүүлчид төрөн гарсны нэг нь Ч.Лодойсамбуу. Ч.Лодойсамбуугийн тухайн үед хийдэг байсан “Гамбир” ярилцлагын нэвтрүүлэг өнөөдрийн “Улаан бал” шиг олон нийтийн анхаарлын төвд байгаагүй ч, овоо цор цор гэдэг, гүйлгээ ухаантай “бацаан” гэдгийг нь сэтгүүл зүйн хүрээнд таниулж чадсан.
2009 онд Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх “Сэтгүүлч” коллежийг төгссөн Ч.Лодойсамбуу 2007-2010 онд “Зууны мэдээ” сонинд гэрэл зургийн сурвалжлагч, Дизайны албаны даргаар ажилласан. 2009 онд “Өнөөгийн төр” гэрэл зургаараа “Оны шилдэг гэрэл зураг” Гранпри шагнал хүртэж байсныг нь уншигчид санаж байгаа байх. 2010-2011 онд Shuud.mn сайтад гэрэл зургийн сурвалжлагч, 2011 оноос “Шууд” телевизийн нэвтрүүлэгч, мэдээний албаны даргаар ажиллаж байсан тэрээр хэвлэл мэдээллийн салбарт шинэ хүн биш.
Цаг үеэ мэдрэх цаг
Сэтгүүл зүй нийгмийн сүлжээнд залгиулж байна гэж халаглах хүн олон. Энэ бол цаг үеэсээ хоцорч буйн шинж. Үнэндээ social media сэтгүүлзүйд олон шинэ боломж нээж өгсөн. Монголд үүнийг хамгийн түрүүнд олж харж, үр ашгийг нь хүртэж чадсан хүмүүс бол “Hero entertainment” студийн найруулагч Б.Баатар болон түүний тойрон хүрээлэгчид. Баримтат уран сайхны өнгө аястай хэрнээ сэтгүүл зүйн хэлбэр бүхий Б.Баатарын агуулгууд нийгмийг байлдан дагуулсны хамгийн том жишээ нь өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулга. Сэтгүүлч Б.Мөнхбаясгалан найруулагч Б.Баатарын энэ туршлагыг ашиглаж “Цензургүй яриа”, “Цензургүй сурвалжлага” гэх мэт нэвтрүүлгүүдийг телевизэд нийлүүлсэн нь сүүлийн хоёр жилийн хамгийн эрэлттэй контентын нэг болж чадсан.
Нийгмийн сүлжээний сэтгүүлзүйд нээсэн боломжийг бодитоор олж харсан хүн нь Ч.Лодойсамбуу. Гарснаасаа хойш улам бүр чамбайрч байгаа “Улаан бал” тойм зураглалаараа зөвхөн мэдээлэх үүрэгтэй гээд давсгүй цай шиг болгож орхидог уламжлалт улс төрийн тоймыг тэр өөрчлөхийг хичээжээ. Ингэхдээ Т.Алтаншагай шиг бүдүүлэг биш, Ш.Гантулга шиг туйлшрамхай биш баримтыг өөрийн аргументаар дэмжсэн асуултуудыг нийгэмд цацсан. Энэ нь “хэрсүү үзэгч”-д дэм болох оролдлого болохоос тархи угаасан сэнхрүүлэг биш байгаа нь олзуурхууштай. Ийм маягаар тоймлохыг хүн бүр хичээдэг ч, хийж чаддаг нь цөөн юм.
Энэ оны сэтгүүл зүйн гол шуугиан болох “Улаан бал” ярилцлагын нэвтрүүлэг нь олон улсын ижил хэлбэрийн туршлага (Жишээлбэл, “BBC” телевизийн “Hard talk”, Оросын “Дождь” сувгийн ”The hard days night”)-ыг цаг үеийн нөхцөл байдалдаа тохируулан “монголчилсон” контент юм. Энэ нэвтрүүлгийн ижил төстэй монгол агуулгаас ялгарах ганц чанар нь сэтгүүлч асуултдаа бүрэн дүүрэн хариулт авахыг хичээж буй байдал. Ихэвчлэн зочныхоо аманд хөтлөгддөг монгол ярилцлагуудаас залхсан үзэгчдэд энэ чанар нь шууд л таалагдсан. Сүйдтэй нээлт биш ч сэтгүүлч хийх ёстой ажлаа л бүрэн хийсэн хэрэг шүү дээ.
Сэтгүүлчийн ёс зүйг чухалчлан заасаар ирсэн манай уламжлалт сургалт, бүр ёс зүйн зөвлөл байгуулсан хэрнээ салбар нь шантаажчидаар “бөөстчихөөд” буй сэтгүүл зүйн бодит байдлын дэргэд Ч.Лодойсамбуугийн шаргуу нэхэлтэй, зочноо самгардахаас өөр аргагүй байдалд оруулж буй асуултууд “ёс зүйгүй үйлдэл” гэж үү? Энэ талаар сэтгүүлчид дор бүрнээ л бодох хэрэгтэй болж байна. Харин Ч.Лодойсамбуу өөрөө ингэж хариулжээ:
“Ёс зүй гэдэг хэлбэр юмуу, үйлдэл юмуу. Би ёс зүйтэй байдал, зарчмын төлөө дуугарч байгаа бол миний дуугарч байгаа байдал чанга, сул нь огт хамаагүй. Ёс зүйтэй дүр үзүүлээд цаагуураа хамгийн байж болохгүй увайгүй үйлдлүүдийг хийдгийг өөгшүүлээд байж болохгүй”
Эр зориг биш зүгээр л ажил
Хэвлэлийн редакцид улаан балаар юу хийдгийг хэн хүнгүй мэднэ. Улаан балаар алдаа засдаг юм. Найруулгын, учир зүйн, ёс зүйн алдааг засна. Ур дутсан газар ур оруулах хэрэг гарна, ур нь хэтийдсэн нийтлэлээс утга уянгыг нь хасах хэрэгтэй болно. Харин Ч.Лодойсамбуу “Улаан бал”-аараа Монголын сэтгүүлзүйн нэг том алдааг засахыг хүсэж байна. Энэ бол “дүр эсгэсэн хуурмаг байдал”. Орон даяар ганц суваг цацагддаг үеийн мэдээний сэтгүүлчид бүгд хурган дарга болж, зарим нь Сэтгүүлчдийн эвлэлээ ахалж байгаад эрх баригч намд элсэж, парламентын гишүүн болдог ичгүүртэй явдал бол үүний илрэл юм.
Дүр эсгэсэн сэтгүүл зүй бол дүр эсгэсэн ардчиллын үндэс суурь. Салбараараа унтаа, ноомой болчихсон, үүнийгээ бодит байдал гээд ойлгочихсон урагшгүй байдалд Ч.Лодойсамбуу гэдэг залуу “Улаан бал” хүргэлээ. Түүний энэ засвар эр зориг биш, ямар нэг үзэл суртлаар тархиа угаалгаагүй, ардчилсан нийгэмд ухаан санаа нь төлөвшсөн хоёр ч үеийн иргэдийн мэдээлэл авах эрхийг хангахыг хичээж буй сэтгүүлчийн ажил.
Оюутолгойн гэрээний хар сэр ордонд нисэлдэж байх завсар Өмнийн говийн ухаа толгодын дунд ажил өрнөсөөр л байна. Монголын төр албан ёсоор Оюутолгойн гэрээг эргэж харахаа зарлаж, Оюутолгойн толгой компани болох “Туркойз хилл” энэ байр суурийг нь хүндэтгэж байгаагаа дуулгасан нь үнэндээ энэ төслийг тойрон 10 гаруй жил өрнөж буй хийрхсэн процессийн давтамж төдий юм. Харин Оюутолгойд газар дээрээ ч, газар доороо ч ажил буцалж байгаа.
Тэсэж үлдсэн ганц гигант
Монгол Улс дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтын 75-80 хувийг ганцхан “Оюутолгой” төсөл бүрдүүлдэг. Төслийн хүрээнд нийт 14 мянган ажлын байр бий болж, дотоодын 500 гаруй компанитай хамтран ажиллаж байна. 2019 онд уг төсөл нийт худалдан авалтынхаа 76 хувийг дотоодын компанид зарцуулсан гэж мэдэгджээ. Багц мэдээгээр 2010 оноос 2019 оны есдүгээр сар хүртэл нийт гурван тэрбум ам.долларын бүтээгдэхүүн дотоодоос авсан аж.
Гүний уурхайн бүтээн байгуулалт
Он дуусахаас 20 гаруй хоногийн өмнө Оюу толгойн гүний уурхайн Үйлдвэрлэлийн амыг барьж дуусгажээ. Мянга хоёр зуун наян дөрвөн (1,284) метрийн гүн бүхий үйлдвэрлэлийн үндсэн амаар хүн болон ачаа тээвэрлэж, мөн хүдрийн чулуулгийг газрын гадарга руу гаргах ажээ.
Оюутолгойн гүний уурхай нийт таван амтай. Энэ ам баригдахаас өмнө үйлчилгээний амыг ашиглан гүний уурхайн төслийн талбай руу хүн болон материал тээвэрлэж байжээ. Агааржуулалтын урд болон хойд амны барилгын ажил тус бүр 1,148 метр болон 1,149 метрийн гүнд үргэлжилж байна. Энэ хоёр ам (агаарыг оруулах, гаргах) гүний уурхайн үйл ажиллагааны хугацаанд нэмэлт агааржуулалтаар хангах үүрэгтэй. Одоо ашиглаж буй 1,174 метрийн гүн бүхий Агааржуулалтын дунд ам агааржуулалтыг хоёр дахин нэмэгдүүлсэн. Ингэснээр хөндлөн нэвтрэлт болон уурхайн барилгын явц дахь хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлэх юм байна.
Түүнчлэн “Чандмань” гүний уурхайн захиргаа үйлчилгээний төв энэ оны наймдугаар сард ашиглалтад оржээ. Гүний уурхайн үйл ажиллагааны нэгдсэн удирдлага, хяналтын энэхүү төв нь хяналтын өрөө, ажилчдын хувцас солих, угаах газар, уулзалтын болон оффисын өрөөтэй.
“ENTREPRENEUR-2019”
МҮХАҮТ-ээс Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж буй оны онцлох 10 ахуйн нэгжийн эхэнд “Оюутолгой” ХХК”-ийг нэрлэжээ.
Өнгөрсөн ба одоо
Эдүгээгээс 78 жилийн өмнө ЗСБНХУ-ын Дээд шүүхийн хаалттай хуралдаан дээр Монгол Улсын Ерөнхий сайд асан А.Амар, “Би бол хэрэгтэн биш. Урьдчилсан байцаалт дээр надад тулган хүлээлгэсэн учир түүн дээр өгсөн мэдүүлгээсээ татгалзаж байна. БНМАУ хэрэв тусгаар тогтносон улс юм бол яагаад намайг Зөвлөлтийн шүүх шүүж байгаа юм бэ?... Би Монголын ард түмэндээ хайртай, би Оросын ард түмэнд элэгтэй, харин “улаантан”, тэдний засагт дургүй... хэтээсээ том улс үндэстэн бага буурай улс үндэстнийг түрэмгийлэн эзэлж, удирдагчдыг нь барьж хорьдог. Яг ийм маягаар ЗХУ Монгол Улсад хандаж байна. Түүний тод жишээ нь миний бие буюу” хэмээн өчиж байжээ.
Харин 78 жилийн дараа БНСУ-ын Инчеоны цагдаагийн газарт “нисэх онгоцны багийн ажилтанд бэлгийн дарамт үзүүлсэн” гэх шалтгаанаар байцаалт өгөх үеэрээ Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр, “Би согтуу байсан. Тиймээс юу ч санахгүй байна. Хохирогч тэгж мэдүүлсэн бол би архины нөлөөнд автаж, тийм үйлдэл гаргасан байж магадгүй” гэсэн утгатай зүйл өчжээ.
А.Амар сайд тэндээ буудуулсан бол, Д.Одбаяр дарга эндээ Цэцийн гишүүн хэвээр үлдсэн. Монгол төрийн зүтгэлтний яс чанар хэр байгааг энэ хоёр төрийн түшээгийн харьцуулалтан дээр харчихаж болмоор юм шиг.
Байгаа хэмжээ нь тэр...
Иргэдийн төрд итгэх итгэл алдагдсаар байгаа дээр нэрмээс болж, онгоцны үйлчлэгчид бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр хилийн чанадад саатуулагдсан нь ёстой муу дээр муу, муухай дээр улцан гэгч л боллоо.
Энэ дуулиан хар тамхи тээвэрлэж яваад гадаад оронд саатуулагдсан монгол дипломатуудын шившигт хэргийг ч давж, Д.Одбаяр дарга монгол төрийн МУУГИЙН ХЭМЖЭЭ болчихлоо. Түүнийг хаацайлан авч үлдсэнээрээ төр өөрийн хэмжээгээ харуулчихлаа.
Зарим зүйлийг үгээр тайлбарлах шаардлагагүй байдаг. Энэ үйл явдлыг үүнээс цааш тайлбарлаад ч яах билээ. Тэр бол МОНГОЛ ТӨРИЙН МУУГИЙН ХЭМЖЭЭ.