“Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ даваа гарагт хуралдаж, 1072 хувьцаанд ногдол ашиг олгохоор болсон. Үүнтэй холбогдуулан тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг мэдээлэл хийлээ.

Компани энэ онд 1.8 их наяд төгрөгийн ногдол ашиг олгох юм байна. Үүнээс хамгийн том хувьцаа эзэмшигч буюу 85.4 хувийг эзэмшдэг Монгол Улсын Засгийн газар 800 тэрбум төгрөгийн ногдол ашиг авах юм байна. Төр үүнийгээ төмөр зам болон шахмал түлшний үйлдвэрлэлдээ зарцуулахаар төлөвлөжээ. Тэгвэл компаниуд 0.005 хувийг эзэмшиж байгаа гэнэ. Түүнчлэн Монголын 2.5 сая иргэн хувьцааг эзэмшиж байгаа. Иргэдийн хувьд 59 мянга нь үнэт цаасны дансаа нээлгэсэн байна.

Тус компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал дөрөвдүгээр сарын 17-нд товлогдсон бөгөөд тавдугаар сараас ногдол ашиг олгож эхэлнэ гэдгийг тэрбээр хэлэв. Түүнчлэн ногдол ашиг олгож эхэлснээр иргэд хувьцаагаа өвлүүлэх, шилжүүлэх, борлуулах, өвлүүлэх боломж нээгдэх аж.

Дашрамд дурдахад, хуулиараа ногдол ашгийн татвар 10 хувь байдаг бөгөөд иргэд  бэлнээр нэгж хувьцаанд 81 төгрөг авах юм байна.