Дэлхий нийтийг айдаст автуулсан коронавирусийн дэгдэлтийн улмаас алтны ханш өсөж, шинжээчдийн таамгийг эвдэж, 1600 ам.доллар давав. Тодруулбал, өнөөдрийн байдлаар алтны ханш 1622 ам.доллар болсон байна.
Алтны ханш жилийн өмнөөс зугуухан өсч байсан. Харин өнгөрсөн сарын хугцаанд 61 ам.доллараар, пүрэв гаригт 14 ам.доллараар огцом өсөж сүүлийн долоон жилийн дээд үзүүлэлтдээ хүрсэн нь энэ юм. Ханшийн энэ удаагийн өсөлтийг БНХАУ, БНСУ-д корона вирусийн халдвар огцом нэмэгдсэн болон дэлхий дахинд вирусийн халдварын тархалттай холбоотойгоор болгоомжлол үүсч, хөрөнгөө илүү найдвартай буюу алт хэлбэрээр байршуулж байгаатай холбоотой юм.
Алтны ханш дэлхий дахинд тогтворгүй нөхцөл байдал үүсэхэд өсөж, тайван цагт тогтвортой байдаг онцлогтой. “Коронавирусийн дэгдэлт намжаагүй тохиолдолд алтны ханш тогтмол өндөр байх болно. Байдал муудвал бүр ч өснө” гэж “SP Angel” агентлагийн шинжээч Сергей Раевский хэлснийг investing.com уламжилжээ.