Шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс манай улс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн билээ. Үүнтэй холбогдуулан БНХАУ болон халдвар гарсан зарим орон руу агаарын тээвэр хийхгүй байх шийдвэр гарсан. Тухайлбал, өчигдөр МИАТ компанийнхан Бангкок, Тайланд улс руу явах нислэгээ цуцалсан юм.
Харин иргэд нислэгийн тийзийг буцаахад суутгал авсан гэх асуудал үүссэн. Тэгвэл тийз буцаахад суутгал авахгүй байх шийдвэрийг Улсын Онцгой комиссоос гаргажээ. Энэ талаар ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал “Тийзийн үнээс суутгал авч байгаа асуудлыг зогсоох шийдвэр гаргалаа. Аливаа нэг хүнд билетийн суутгалтай холбоотой асуудал байвал Улсын онцгой комисс болон Зам, тээврийн хөгжлийн яаманд хандаарай” гэв.