Өнгөрсөн ням гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Куба улсад албан ёсны түүхэн айлчлалаа эхлүүлж тус улсын нийслэл Хаванад газардсан билээ. Тэгвэл өчигдөр буюу даваа гарагт Барак Обама Куба улсын Ерөнхийлөгч Раул Кастротай уулзлаа. Уг уулзалтын хүрээнд хүний эрх, улс төрийн хоригдлууд, эдийн засгийн шинэчлэлийн талаарх яриа хэлэлцээр өнгөрсөн юм. Мэдээж хоёр удирдагчийн хувьд эдгээр асуудал дээр маргаантай зүйл байсан ч ганц л зүйл дээр санал нэгтэй байсан нь Кубын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээг бүрэн дуусгавар болгох явдал байлаа.
Хэдийгээр Барак Обама 54 жилийн турш үргэлжилж байгаа энэхүү хориг арга хэмжээг бүрэн зогсоох болно гэж яг хэлээгүй ч зайлшгүй хэрэгтэй зүйл гэдгийг хүлээн зөвшөөрсөн.
“Кубын хувь заяаг АНУ ч биш өөр нэгэн үндэстэн ч биш, зөвхөн Кубууд өөрсдөө шийдэх ёстой” гэж тэрээр дурьдсан аж. 50 гаруй жил дайсагналцаж байсан орнууд ийнхүү халуун дулаан гэж хэлж болох харилцаатай болж магадгүй хэмээн олон улсаас үзэж байна. Дашрамд дурьдахад, Барак Обама АНУ-ын 88 жилийн түүхэн дэх Кубад айлчилж буй анхны ерөнхийлөгч болсон юм.